“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөж байна.  Энэхүү бүтээн байгуулалтын гүүрэн байгууламжийн  ихэнх тулгуур нь Туул голын татамд байрлах учраас газрын доорх ус, голын урсац, үерийн эрсдэл, усны чанарт үзүүлэх нөлөөллийг нарийвчилсан загварчлалаар бүрэн тооцох шаардлагатай гэж Усны нөөцийн зөвлөлөөс үзсэн байдаг.  Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс Туул голын экосистемд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр ашиг, түгжрэлийг бууруулах тооцоо, санхүүжилтийн ил тод байдал зэрэг асуудлаар хотын удирдлагуудад шаардлага тавьж, байр сууриа илэрхийлсээр байна. 

 

Иргэн Ц.Чинбат: Ундны үсгүй болвол энэ хот сүйрсэн хот болно

 

-Бүтээн байгуулалт, хурдны замыг эсэргүүцээгүй. Энэ хотод байх ёстой зүйл. Гэхдээ бүх зүйл хууль, журмын дагуу явах ёстой. Гэтэл энэ хэлэлцүүлгийн үеэр ярилцаж байгаа бүх зүйл нь хууль бус байна. Ямар нэгэн албан ёсны зөвшөөрөл гараагүй, зарим баримт бичгүүд алдаатай, мөн судалгаа бүрэн хийгдээгүй. Энэ төсөлд ундны усны эх сурвалж, Туул голын экосистемд үзүүлэх нөлөөллийг судалсан бүрэн үнэлгээ хийгдээгүй байна. Үүнээс үүдэн байгаль экологийн зөрчлүүд ажиглагдлаа. Бүх ажил хууль журмын дагуу явж, ямар нэгэн алдаа дутагдалгүйгээр, судалгаа, зөвшөөрөл бүрэн гарсны дараа төслийг хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Энэ асуудал нь зөвхөн Улаанбаатар хотын иргэдийн асуудал биш, нийт Монгол Улсын иргэдийн амьдрах орчны асуудал. Туул гол байхгүй, ундны усгүй болбол энэ хот сүйрнэ. Тиймээс бид байгаль орчныг хамгаалах, иргэдийн амьдрах орчныг баталгаажуулахын тулд хууль журмын дагуу шийдвэр гаргахыг шаардаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn