“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөж байна.  Энэхүү бүтээн байгуулалтын гүүрэн байгууламжийн  ихэнх тулгуур нь Туул голын татамд байрлах учраас газрын доорх ус, голын урсац, үерийн эрсдэл, усны чанарт үзүүлэх нөлөөллийг нарийвчилсан загварчлалаар бүрэн тооцох шаардлагатай гэж Усны нөөцийн зөвлөлөөс үзсэн байдаг.  Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс Туул голын экосистемд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр ашиг, түгжрэлийг бууруулах тооцоо, санхүүжилтийн ил тод байдал зэрэг асуудлаар хотын удирдлагуудад шаардлага тавьж, байр сууриа илэрхийлсээр байна. 

 

Усны газрын дарга З.Батбаяр:Төсөл хэрэгжүүлэгчээс зураг, техник тооцоолол ирүүлээгүй

 

-Туул гол нь 882.8 км урсдаг, таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамардаг. Голын тухай ярихдаа эхнээс нь адаг хүртэл бодож ярих ёстой. Түүнээс биш зөвхөн нүдэнд харагдаж, үйл ажиллагаанд өртөж байгаа хэсгийг салгаж ярих ёсгүй. Аливаа голд үзүүлсэн нөлөөлөл нь голын эхэн, дунд, адагт заавал нөлөөлөл үзүүлж байдаг. Туул голын сав газрын эхэн хэсэгт Хэнтийн уулархаг бүс нутгийн цэвдгийн тархалт байх ба үргэлжилсэн, тасалданги, алаг цоог бүслүүрүүдийг хамарч байна. Хэдийгээр Туул гол руу олон гол цутгаж байгаа ч үндсэн тэжээлийн хувьд хүнд байдалд орж байгаа гэж ойлгож болно. Усны тухай хуульд “Усны нөөцийн тухай” заасан байдаг.

Усан хангамжийг сайжруулах, газрын доорх усны тэжээл, гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор 1950-аад оноос эхлэн “Туул усан цогцолбор”-ын  тухай асуудлуудыг ярьж эхэлсэн байдаг. Энэ нь Туулын хурдны замын асуудалтай яагаад холбогдож байгаа вэ гэхээр Туул голын дунд урсгалын орчимд дунд хэсэгт ашиглалтыг нэмэгдүүлэхийн тулд “Туул усан цогцолбор”-ын асуудлыг нэгдүгээрт барьж, үүн дээрээ үндэслэж дараа дараагийн үйл ажиллагаа явах ёстой гэж төлөвлөсөн байдаг. Усны газрын хувьд Усны тухай хуульд зааснаар аливаа усны барилга байгууламжид мэргэжлийн дүгнэлт өгөх ёстой байдаг. Энэ дүгнэлтээ Туулын хурдны замтай холбоотойгоор гаргаагүй байгаа. Яагаад гэвэл хэд хэдэн удаагийн уулзалтаар төсөл хэрэгжүүлэгчээс хүсэлт тавьсан боловч одоогоор зураг ирүүлээгүй байна. Бид зургийг нь харж байж техник тооцооллыг харж шийдвэр гаргах ёстой. Тиймээс Усны газар хуульд заасны дагуу мэргэжлийн дүгнэлт гаргах боломжгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn