“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөж байна. Энэхүү бүтээн байгуулалтын гүүрэн байгууламжийн ихэнх тулгуур нь Туул голын татамд байрлах учраас газрын доорх ус, голын урсац, үерийн эрсдэл, усны чанарт үзүүлэх нөлөөллийг нарийвчилсан загварчлалаар бүрэн тооцох шаардлагатай гэж Усны нөөцийн зөвлөлөөс үзсэн байдаг. Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс Туул голын экосистемд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр ашиг, түгжрэлийг бууруулах тооцоо, санхүүжилтийн ил тод байдал зэрэг асуудлаар хотын удирдлагуудад шаардлага тавьж, байр сууриа илэрхийлсээр байна.
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо: Хатан Туул минь хохироод үлдэх вий
Туулын хурдны зам зөв буруу гэж ид яригдаж байгаа энэ үед би Улаанбаатар хотын унаган хүүхэд, оршин суугчийн хувиар өөрийн үзэл бодлоо илэрхийлье. “Хурдны зам” гэдэг бүтээн байгуулалт талаас хүн бүхэн л дэмжиж байгаа биз. Гэхдээ “зорилго нь аргаа зөвтгөнө” гэдэг хуучны технологиор зүтгүүлээд байгаа нь буруу шүү дээ. Би улстөрчдийн будилж төөрсөн, өөрсдийгөө өмөөрсөн мэдэгдлүүдээс илүүтэй судлаач, усны инженерүүдийн дүгнэлтийг илүү бодитой, үнэнд ойрхон болов уу гэж бодож байна. Өөрийн хувийн туршлагаар бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын томоохон төсөл хэрэгжүүлэхэд тавигддаг стандарт, нормын талаар бага сага гадарлах юм. Дэд бүтцийн аливаа төсөл хэрэгжүүлэхдээ юуны түрүүнд Байгаль орчин, нийгэм, нутгийн иргэдэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ гэж цуврал том судалгааг хийдэг. Тэр бүхний үндсэн дээр хэрэгжүүлэх эсэх талаарх шийдвэрээ гаргадаг юм билээ. Ямар ч аргаар, үнээр байсан хамаагүй “төмөр зам” тавих л ёстой гэж зүтгэдэг байсан өнгөрсөн зууны дунд үеээс XXI зууны шийдвэр гаргагчид илүү л баймаар даа. Мөнгө л байвал бүхнийг чадна гэж боддог улс төрчдөөс хэзээ ч эерэг үр дүн гарахгүй дээ. Яг үнэндээ Дунд голыг маань бидний нүдэн дээр хэрхэн сүйтгэсэн нь өнөөдөр ч нүдэнд ил байхад яаж тэдэнд итгэнэ гэж боддог юм бол доо. Нэг л юм тодорхой, одоогийн дарга нар нь ажлаа өгөөд явсны дараа хариуцлагыг хэн ч хүлээхгүй, Хатан Туул маань л хохироод үлдэх байх даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn