“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөж байна.  Энэхүү бүтээн байгуулалтын гүүрэн байгууламжийн  ихэнх тулгуур нь Туул голын татамд байрлах учраас газрын доорх ус, голын урсац, үерийн эрсдэл, усны чанарт үзүүлэх нөлөөллийг нарийвчилсан загварчлалаар бүрэн тооцох шаардлагатай гэж Усны нөөцийн зөвлөлөөс үзсэн байдаг.  Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс Туул голын экосистемд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр ашиг, түгжрэлийг бууруулах тооцоо, санхүүжилтийн ил тод байдал зэрэг асуудлаар хотын удирдлагуудад шаардлага тавьж, байр сууриа илэрхийлсээр байна. 

 

ИОНН-ын дарга, Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Оюунгэрэл: Улаанбаатарын ундны усны нөөцөд өөрчлөлт орсноор  үнэ нь тэнгэрт хадна

 

-Туулын хурдын замыг эсэргүүцэж буй шалтгаан гэвэл  Улаанбаатар хотын ундны усны цорын ганц эх үүсвэр болсон Туул голын гүний усыг бүрдүүлж буй дээд давхарга хадгалж буй доод давхаргын аль алинд нь хурдны зам асар хортой нөлөөлнө. Усгүй болбол замаар яах вэ! Ус нь ууж болдоггүй үер халиа болох, тогтоон барьж болдоггүй цоорхой ёроолтой болсноор олон газраар гүн ангал руу алдагдвал яах вэ. Замыг гүний усны нөөцөөс холуур барих шийдэл байсаар атал заавал усны нөөцөд аюул учруулах замаар хийх гэж зүтгээд байгаа нь асар том хорлон сүйтгэх ажиллагаа мэт санагдаж байна.Экологийн гол хохирол нь  Туулын бургас, зүлэг ногоо, шувуу амьтад их хохирно. Нар үзэж чадахгүйгээс үүдэн сүүдэрт бохир орчинд цэцэглэдэг нян үржиж усны чанар муудна. Гүний ус руу машин, цас хайлуулагч давснаас  химийн бохирдол орно.

Мөн Туул гол Улаанбаатарыг тэжээгээгүй, гүний худгууд л тэжээдэг гэсэн ойлголт яваад байна. Тэгвэл тэр гүний худгуудыг Туулын ус сэвсийсэн сайхан хайргаараа шүүрүүлж, дамжуулж тэжээдэг зохицолдоотой. Эко системээрээ байгаль өөрөө бий болгосон юм шүү. Түүнчлэн эдийн засгийн шууд болон шууд бус дам нөлөөгөөрөө асар их хохирол ирнэ. Туул голыг дагаж байршсан бүх объектод зундаа үерийн аюул, өвөлдөө халиа, дошны дарамт тогтмол нүүрлэнэ. ХУД-т байрлах стратегийн чухал объектууд болох цахилгаан станцууд, цэвэрлэх байгууламж худгууд үерт нэрвэгдвэл эдийн засгийн хохирол нь бүх дүүрэгт нөлөөлнө. Усны нөөцөд өөрчлөлт орсноор усны үнэ тэнгэрт хадна. Түүнийг дагаад бүх юмны үнэ нэмэгдэнэ. Өр төлбөр, найдваргүй зээл асар ихээр нэмэгдэнэ. ХУД-ийн иргэдэд үер, дуу чимээ, орчны шинэ бохирдлоос шалтгаалсан санхүүгийн дарамт нэмэгдэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn