“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөж байна. Энэхүү бүтээн байгуулалтын гүүрэн байгууламжийн ихэнх тулгуур нь Туул голын татамд байрлах учраас газрын доорх ус, голын урсац, үерийн эрсдэл, усны чанарт үзүүлэх нөлөөллийг нарийвчилсан загварчлалаар бүрэн тооцох шаардлагатай гэж Усны нөөцийн зөвлөлөөс үзсэн байдаг. Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс Туул голын экосистемд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр ашиг, түгжрэлийг бууруулах тооцоо, санхүүжилтийн ил тод байдал зэрэг асуудлаар хотын удирдлагуудад шаардлага тавьж, байр сууриа илэрхийлсээр байна.
Оксфордын их сургуулийн докторант Э.Мөнх-Эрдэнэ: Нууц хуйвалдааны шинжтэй энэ төслөө зогсоохыг шаардаж байна
-Нууц хуйвалдааны шинжтэй Туулын хурдны замын төслөө зогсоохыг хотын дарга Х.Нямбаатараас олон өдрийн турш найрсгаар шаардсан. Гэвч шөнө дөлөөр Туулын бургасыг нууцаар хядсаар байгааг харлаа, үзлээ, ханалаа. Тиймээс “Туул голоо хамгаалъя” иргэдийн хөдөлгөөн дараагийн алхамдаа шилжиж, Х.Нямбаатарын хүсээд байгаа улс төрийн акцыг эхлүүлсэн. Ингэхдээ өнгөрсөн баасан гарагт Засгийн газарт дараах таван шаардлагыг хүргүүлсэн юм. Үүнд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулах. Туулын хурдны зам төслийн ТЭЗҮ, байгаль орчны төлөв байдлын, нийгэм соёлын нөлөөллийн үнэлгээ болон бусад холбогдох бичиг баримтыг олон нийтэд нээлттэй болгох. Туулын хурдны зам төсөлд байгаль орчны болон санхүүгийн аудит оруулах. Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг ЗГ-ын хуралдаанаар авч хэлэлцэж, холбогдох тогтоолын төслийг УИХ-д танилцуулахыг хүсэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn