“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөж байна. Энэхүү бүтээн байгуулалтын гүүрэн байгууламжийн ихэнх тулгуур нь Туул голын татамд байрлах учраас газрын доорх ус, голын урсац, үерийн эрсдэл, усны чанарт үзүүлэх нөлөөллийг нарийвчилсан загварчлалаар бүрэн тооцох шаардлагатай гэж Усны нөөцийн зөвлөлөөс үзсэн байдаг. Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс Туул голын экосистемд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр ашиг, түгжрэлийг бууруулах тооцоо, санхүүжилтийн ил тод байдал зэрэг асуудлаар хотын удирдлагуудад шаардлага тавьж, байр сууриа илэрхийлсээр байна.
Уул уурхай, хүний эрхийн доктор Д.Баяр: Голын эрх гэдэг зүйл олон улсад бий
-Туул гол дээгүүр хурдны зам барихыг дэмжихгүй байна. Учир нь Туул гол бол Монголын түүх болон хүмүүсийн сэтгэлд хоногшсон, шүтээн болсон газар. Монголчууд байгалийг амьдчилж хайрлаж, хамгаалдаг. Яг түүн шиг бусад улс орнууд ч мөн адил байгаль өөрөө эрхтэй гэж хүлээн зөвшөөрч эхэлж байна шүү дээ. АНУ, Колумба, Герман, Шинэзеланд зэрэг улсууд гол мөрөн өөрийн гэсэн эрхтэй гэж үзэж, хууль хүртэл баталж байна. Энэ үзэл санаа нь гол мөрөн, байгаль эх, хүн шиг өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог амьд гэсэн утгатай. Монголчууд бид Хөвсгөл далайг төрийн тахилгатай болгож өргөмжилсөн. Яг энэ өөрсдийнхөө үзэл санаа, төрт ёс дээрээ тулгуурлаж Туул голоо хайрлан хамгаалж, өөрийн эрхтэй гэж үзэх ёстой. Одоогоор бид захиргааны шинжтэй буюу Голын ай сав газрын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газар, Усны газарт хамааруулж хамгаалж байна. Гэвч энэ нь өнөөдрийнх шиг нөхцөл байдалд ямар ч хариу арга хэмжээ авч чадахгүй байна шүү дээ. Тэгвэл түүний оронд бүлэг хүмүүст тулгуурлаж, Туул голын зөвлөл байгуулж, хөндлөнгийн хүмүүсээр буюу олон нийтээр хамгаалуулдаг болох нь зүйтэй. Бусад улсад тус газрын зөвлөл нь төр, нутгийн иргэдийн эрх ашгийг хангаж ажилладаг. Туул голоо амьтай гэж үзэж, амьдрах буюу урсах эрхийг нь хангах нь зүйтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn