“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөж байна. Энэхүү бүтээн байгуулалтын гүүрэн байгууламжийн ихэнх тулгуур нь Туул голын татамд байрлах учраас газрын доорх ус, голын урсац, үерийн эрсдэл, усны чанарт үзүүлэх нөлөөллийг нарийвчилсан загварчлалаар бүрэн тооцох шаардлагатай гэж Усны нөөцийн зөвлөлөөс үзсэн байдаг. Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс Туул голын экосистемд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр ашиг, түгжрэлийг бууруулах тооцоо, санхүүжилтийн ил тод байдал зэрэг асуудлаар хотын удирдлагуудад шаардлага тавьж, байр сууриа илэрхийлсээр байна.
Сэтгүүлч О.Ариунбилэг: Х.Нямбаатар болон түүний баг энэ төслийг хэрэгжүүлэх чадваргүй гэж үзэж байна
-“Туулын хурдны замын төсөл дээр эргэлзээтэй олон асуудал байна. Тус төсөлд хятадын дөрвөн компани хүсэлтээ өгсөн байгаа юм. Гэтэл огт хүсэлт өгөөгүй тавдахь компанийг сонгосон байна. Энэ компанийн талаар интернэтээс хайгаад үзэхэд юу ч олдсонгүй. Ижил төстэй хоёр компани олсон. Нэг нь том машин механизмын экспорт хийдэг нөгөөх нь худалдаа хийдэг байв. 2.3 их наяд төгрөг бол бага мөнгө биш. Гэтэл олон улсын энэ том төсөлд шалгарсан компани нь хүртэл хуурамч байна. Мөн хэдэн жилийн өмнө энэ төслийг танилцуулах үед Улаанбаатар хотын түгжрэлийг 30 хувиар бууруулна гэж байсан бол өнөөдөр 13 хувь болж буурчээ. Хамгийн аюултай нь энэ төслийн үр дүнд 1.5 сая хүн амын ундны ус аюулд орж байна. Мөн Монгол Улсад зөвлөлдөх санал асуулгын хууль гэж бий. Хуульд зааснаар ямар нэг төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол тухайн орон нутгийн иргэдээс санал авах ёстой байдаг.
Туул гол бол нийт таван аймгийн нутаг дэвсгэр, Улаанбаатар хотын долоон дүүргээр урсан өнгөрдөг. Гэтэл нэг ч иргэнээс санал аваагүй байна. Өөрөөр хэлбэл, Ийм олон хүний амьдралын эх булаг болсон голын асуудал байхад нэг ч хүнээс санал аваагүй нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иргэд бид хөгжих ёстой гэж байна. Өнөөдөр хөгжил гэдэг цементэн зам байхаа больж байгаль руугаа тэмүүлж байна шүү дээ. Энэ төсөл нь олон улсын нөхцөл байдал, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн энэ үед цагаа олоогүй, үр ашиг багатай. Түгжрэл бууруулна, зардлаа нөхнө гэх судалгаанууд нь үндэслэл муутай. Гүйцэтгэгч компани болон бусад шаардлагатай судалгаа, баримт бичгүүд нээлттэй биш байгаа нь учир дутагдалтай. Мөн хүний гарын үсэг дуурайлган зурсан зэргээс харвал зарим зүйлс нь гэмт хэргийн шинж чанартай. Х.Нямбаатар болон түүний баг энэ төслийг хэрэгжүүлэх чадваргүй гэж үзэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn