П.АМГАЛАНБАЯР
Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1 буюу инээдмийн баярын өдөр. Хүний амьдралд өнгө нэмдэг энгийн атлаа үнэ цэнтэй мэдрэмж бол инээд юм. Заримдаа хэн нэгнээс сонссон урмын үг, аз жаргалыг мэдрүүлсэн агшнаас мэдрэх инээмсэглэл зөвхөн тэр мөчийг бус тэр өдрийг хүртэл аз жаргалтай болгодог.Тиймээс “Зууны мэдээ” энэ удаагийн “Дугаарын зочин”-оор инээх иогийг Монголдоо хөгжүүлсэн сэтгэл зүйч, инээх иогийн багш Р.Мөнхцэцэгийг урьж, ярилцлаа.
-Инээх иогоор хичээллэж эхэлсэн түүхээс нь ярилцлагаа эхлүүлье?
-Би хоёр өвчнөө даван туулсан эмэгтэй. Хэдийгээр өвчнөө даван туулсан ч сэтгэлд нэг л дутуу мэдрэмж байсан. Хоол идэхдээ хүртэл “Надад ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлбөл яах вэ” гэсэн болгоомжлол төрдөг байлаа. Гэхдээ би ийм байдлаар амьдрахыг хүсээгүй. Өмнөх шигээ эрч хүчтэй амьдрахыг хүссэн. Тиймээс тэр дүүрэн мэдрэмжийг өөрөөсөө хайж эхэлсэн. Тэр нь инээх иог байсан.
Инээх иог миний хувьд шинэ зүйл байв. Нэг өдөр фэйсбүүкээр инээх иогийн багш Мадан Катариягийн сургалтыг үзээд надад үнэхээр их таалагдсан. Яагаад гэдгийг мэдэхгүй. Тэгээд багштай холбогдоод учир шалтгаанаа тайлбарлахад анхан шатны сургалтад суухыг урьсан. Анхны хичээлд суухад хүмүүс ямар ч шалтгаангүй инээж байгааг хараад гайхсан. Тэгээд ичээд камераа хааж байлаа. Өдөр бүр нэг минут инээх 40 өдрийн чалленж зарлахад онолыг нь заалгаад би гэртээ инээх дасгалыг хийж эхэлсэн. Тэр үеэс надад үнэхээр их таалагдсан. Инээх иог миний амьдралд өнгө нэмсэн. Учир нь инээх иог бол сэтгэл судлал, анагаах ухааны салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эмийн бус эмчилгээ юм билээ.
Энэтхэгийн эмч, Мадан Катария багш инээх иогийг 1995 оноос үүсгэн хөгжүүлсэн байдаг. Мадан Катария багш эмчийн ажлынхаа хажуугаар хоёр сэтгүүлд редактораар ажилладаг байсан. Тийм болохоор ажлын ачаалал мөн өвчтнүүдээ харахаар инээмсэхгүй байгааг нь харсан учраас стрессээс гарах аргыг хайсан гэдэг. Нэг өдөр цэцэрлэгт хүрээлэнд гүйж яваад “Нээрэн инээх чинь гоё шүү дээ” гэсэн бодол орж ирсэн гэсэн. Тэгээд хүмүүст хэлэхэд хэн ч дэмжээгүй учраас эхнэр, хүү, хоёр охинтойгоо нийлээд инээх иогийг анх хөгжүүлсэн байдаг. Анх онигоо ярьж инээсэн ч аажимдаа онигоо нь хуучраад хэн ч инээхээ больсон учраас өөр шийдэл юу байна гэдгийг судалсан байдаг. Тэгээд түүний шийдэл нь инээхийг амьсгалтай холбох байсан. Үүнээс хойш инээх иог хөгжсөөр 121 оронд салбартай болсон. Бид ч гэсэн Монгол Улсаа “Инээх иог”-ийн 122 дахь орон болгох, албан ёсны сургагч багш нараа бэлтгэх, Монголд инээх иогийн ач тусыг таниулах, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ажиллаж байна.
-Инээх иог нь хүний бие махбод, амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ?
-Эхлээд инээх төрлийн талаар ярья. Нэгдүгээрт, өөрөөрөө инээх гэж байна. Энэ нь түр зуурынх. Хоёрдугаарт, хошин шог, пранк зэрэг ямар нэгэн өдөөгчийн тусламжтай инээх. Энэ хугацаа нь арай урт гэсэн үг. Гурав дахь нь шинжлэх ухаанд суурилсан техниктэй инээх. Техник гэдэг нь иог гэсэн үг. Тийм учраас инээх иог гэж нэрлэсэн байдаг. Инээж байхад гэдэс гүрвэлзэх хөдөлгөөнөөр хөдөлж байх ёстой. Тийм учраас инээхийг дотор эрхтний иллэг гэж үздэг. Техниктэй зөв инээхэд дотор эрхтнийг цэвэрлэдэг. Амьсгалтайгаа холбож инээх нь зөв техник юм. Үүнийгээ дадал болгох хэрэгтэй.
Дауны синдромтой хүмүүс хүртэл инээх дасгал хийгээд ярьж чаддаггүй байсан хүүхэд авиа гаргаж эхэлсэн. Тиймээс инээх иогийг дадал болгосноор үр дүнг нь харах боломжтой. Нийгмийн хөгжлөө дагаад ачаалал, стресс, сэтгэл гутралаас болоод хүмүүс инээх нь ховор болсон байна. Өөрөөр хэлбэл, инээхэд заавал нэг өдөөгч хэрэгтэй болсон. Инээх иогийг анхлан хөгжүүлэгч Мадан Катария багш “Эмчилгээнд инээд бага байдаг. Харин инээдэнд эмчилгээ их байдаг. Ямар ч шалтгаангүйгээр инээ” гэж хэлсэн байдаг. Тиймээс нэгдүгээр дүрэм нь хуурамчаар ч болов инээх. Гэхдээ техниктэй инээх хэрэгтэй. Тархи худал уу, үнэн үү гэдгийг ялгаж чаддаггүй. Тиймээс хуурамч ч байсан давтамжтай инээхээр инээж байна гэсэн дохио тархинд очиход аз жаргалын гормонууд ялгарч эхэлдэг. Техниктэй зөв инээхэд аз жаргалын гормон ялгардаг гэсэн үг. Тиймээс өдөрт тогтмол тогтсон цагт нэг минут ч болов инээгээрэй.
Хоёр дахь нь ганцаараа биш олуулаа инээх. Олуулаа инээх нь илүү их ач холбогдолтой. Гуравдугаарт, инээх иогийг бясалгалтай холбодог. Жишээлбэл, Германд инээх иогийг бясалгалтай холбож хийж байна. Ингэснээр сэтгэл зүйн асуудал, траумаг эмчлэх боломжтой.
-Зөв инээх нь хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Инээх иог өөрт нь ямар өөрчлөлтийг авчирсан бэ гэж асуухад “Амархан уурлаж бухимдахаа больсон. Бүх зүйлийг уучилж чаддаг болсон. Гомдохоо больсон. Эрч хүчтэй болсон” гэж хүмүүс хэлдэг. Энэ бүхнээс аз жаргалыг мэдэрдэг дээ. Нэг кейс ярихад хүндээр өвдсөн үйлчлүүлэгч маань инээх иогоор хичээллээд үзье гээд ирсэн. Инээх иогийн дасгал хийж эхлээд “Зургаан настай байхаасаа эхлээд инээхээ мартсан байна. Инээснээр би “дотоод хүүхэд”-ээ олж харлаа” гэж хэлсэн. Хүмүүсийн сэтгэл зүй тогтворгүй байгаа нь инээх багасахад тодорхой хэмжээгээр нөлөөлж болно. Эсвэл сэтгэл зүйн хямралаа даван туулах эмчилгээ нь инээд байж болно. Хамгийн гол нь эхнээсээ зөв техниктэй сурах хэрэгтэй. Тэгвэл ямар ч мөнгө төлөхгүйгээр инээдээр өөрийгөө хайрлах боломжтой.Инээх дасгалыг бүжиглэхдээ, дасгал хийхдээ, бясалгал хийхдээ, дуулахдаа зэрэг олон зүйлтэй хослуулж болдгоороо онцлог.
-Дэлхийн улс орнуудад хэрхэн хөгжиж байна вэ?
-Олон ажилтантай үйлдвэрүүд баг хамт олноороо дасгалтай хослуулан инээх иогийг хийж эхэлсэн. Мөн зарим улсад хүнд өвчтэй хүмүүсийг хагалгаанд орохоос өмнө инээх дасгалыг хийлгэдэг.
Хамгийн их инээдэг, мөрөөддөг нь хүүхдэд байсан нь цахим хэрэглээнээс болж багасаж байгаа. Тиймээс барууны орнууд дунд сургуульд инээх иогийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Мөн эрдэмтэд хүмүүсийг гурван бүлэг болгож хуваагаад туршилт хийсэн байдаг. Нэг хэсэгт хүмүүст дурсамжаа санаад инээх, дараагийн хүмүүст хошин шог үзүүлээд, гурав дахь хүмүүст амьсгалын техникээр инээлгэсэн байдаг. Ингэхэд инээх иог хийсэн хүмүүсийн даралт нь тогтворжиж, өвдөлт багасгасан байдаг.
-Таны амьдралд “өнгө” нэмсэн инээх иогийг хэрхэн тодорхойлох вэ??
-Танд хамгийн үнэнчээр туслах, таныг “хэн бэ” гэдгийг тодорхойлох гол зүйлийн нэг бол инээд. Таны дотроос ундарч гардаг авиа, энерги юм. Хүн бүхэн инээж чадна. Гэхдээ удаан хугацаанд бас чанга инээхдээ гол нь биш. Хамгийн чухал нь зөв техникээр инээж сурах нь чухал. Ингэснээр өдөрт нэг минутыг өөртөө зарцуулж, дотор эрхтэндээ иллэг хийж,өөрийгөө хайрлаж сурах юм. Мөн өөртөө тулгарч байгаа асуудлыг олж харж чаддаг болно. Хэцүү цаг үе тулгарсан ч гэсэн, хэчнээн хар бараан зүйл дотроос ч эергийг олж харж чадна. Цаана нь гэрэлтэж байгааг жижигхэн гэрлийг олж чаддаг болно. Тэр гэрлийг олж харсан хүн сайн сайханд тэмүүлж байна гэсэн үг. Бидэнд байгалиас заяасан инээх гэдэг сэтгэл хөдлөлийн сайхан чанарыг нийгмийн соёл болгох зорилготой. Инээдийг өөртөө хэрэгтэй эмчилгээ, сэтгэл зүйн засал болгох хэрэгтэй гэж боддог.
-Ярилцлагын төгсгөлд өнөөдөр зохион байгуулах өдөрлөгийн талаар мэдээлэл өгвөл?
-Дөрөвдүгээр сарын 1 буюу инээдмийн баярын өдрийг тохиолдуулаад инээх иогийг Монголдоо хөгжүүлсний анхны уулзалтаа бид зохион байгуулах гэж байна. Бүх хүмүүст нээлттэй. Уулзалтын үеэр инээх иогийн талаар мэдээлэл өгнө. Инээх иогийн техникийг заахаас гадна оролцогчдынхоо сэтгэгдлийг сонсоно. Цаашид энэ уулзалтаа сар бүр зохион байгуулахаар ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 61 (7803)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn