Ч.БЯМБАХАЖИД
Гэрэл зургийг Л.НОМИНГЭРЭЛ
“Seven Wonders residence төсөл царцсан”, “Эрхэт монгол группт захиалсан орон сууц таван жил царцлаа”, “Марч констракшн хариуцлага хүлээ”, “Энэ улсад төр засаг гэж байна уу”, “Хоймор өргөө хэр удаан царцах вэ”, “Захиалагчид олон жил хохирлоо” хэмээн орон сууцны залилангийн хохирогчид байр сууриа илэрхийлж, холбогдох хүмүүсээс хариуцлага нэхэж байна.
Монгол Улсын хэмжээнд орон сууц захиалж хохирсон хохирогчдын тоо зуу зуун тэрбумаар нэмэгдэж, их наядаар тоологдож эхэллээ. 2009-2024 оны хооронд 502 барилгын төсөл царцсанаас 422 нь 6-10 жилийг дамнажээ.
2019-2025 онд орон сууцтай холбоотой залилангийн гомдол гаргаж бүртгэгдсэн 2400 иргэн, нийт 216 тэрбум төгрөгөөр хохирчээ. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн иргэдийн тоо юм. Үүнээс цаана холбогдох газруудад мэдэгдээгүй иргэд олон байгааг хохирогчид хэлж байлаа.
Хохирогч “Орон сууц захиалаад залилуулсан иргэдийн тоо гамшгийн хэмжээнд хүрлээ. Өнөөдөр орон сууц захиалаад хохирсон иргэд хамтдаа тэмцэж, төрд дуу хоолойгоо хүргэж байна. Төрийн өндөрлөгүүд албан тушаалын төлөө тэмцэлдэхээ больж, иргэдийнхээ хоолойд тулсан асуудлуудад анхаармаар байна.
Бид төрөөс зөвшөөрөл олгосон барилгын компаниудтай л гэрээ хийсэн. Энэ нь иргэд төрд итгэж гэрээ хийсэн гэсэн үг. Цаашлаад барилгын компаниудад итгэх иргэдийн итгэл байхгүй болсноор барилгын салбар яах вэ. Иргэд утааг бууруулахад хувь нэмрээ оруулж нэг ч гэсэн янданг буулгая гэж өөрсдийн боломжоороо хурааж, хуримтлуулсан мөнгөө барилгын компаниудад итгэж өгөөд алдчихлаа. Тэгэхдээ ганц хоёрхон жил хүлээж байгаа асуудал биш. Цаашид энэ асуудлыг анхаарч “Барилгын тухай хууль”-даа өөрчлөлт оруулж, хариуцлага нэхэх хэрэгтэй байна” гэсэн юм.
“Марч констракшн” барилгын компанийн хохирогч “Марч констракшн” нь 2016 онд “Polaris-1” гэх дөрвөн блок бүхий барилгын төслийг эхлүүлсэн. Одоогоор гурван блок нь ашиглалтад орсон ч нэг блок барилга нь ашиглалтад оролгүй царцсан хэвээр байна. Мөн 2018 онд “Polaris-2” буюу таван блок барилгын төслийг эхлүүлсэн. Үүнээс хоёр блок нь ашиглалтад орж, гурван блок барилга царцсан байгаа. Харин 2020 онд “Polaris-3” дөрвөн блок барилгыг эхлүүлсэн ч одоог хүртэл ашиглалтад ороогүй байгаа. 2016 -2026 оныг хүртэл 10 жилийн хугацаанд 13 блок барилга барихаас таван блок барилгыг барьж, ашиглалтад оруулсан байдаг. Гэтэл цаана нь найман блок барилгад нийт 800 орчим захиалагч буюу 5000 орчим иргэн цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл санаа гээд олон зүйлээр хохироод байна” гэлээ.
Энэ мэт мянга мянган иргэд зээл авах, хашаа байшин, амьдарч байсан орон гэр, эд хөрөнгөөрөө дэнчин тавин орон сууц захиалсан хэдий ч өнөөдөр хохирогчид болон үлдэж байна.
Эх сурвалж: zms.mn