Б.НАНДИН
Ойрхи Дорнодод өрнөж буй мөргөлдөөн эрчимжихийн хэрээр дэлхийн шатахууны нийлүүлэлт тогтворгүй болж, зарим улс оронд хомсдол үүсч эхэллээ. Сүүлийн өдрүүдэд нефтийн үнэ баррель нь 100 ам.доллар давж, зарим зах зээлд 113 ам.долларт хүрчээ. Үүний нөлөөгөөр Европ, Азийн зарим оронд шатахууны нийлүүлэлт тасалдах, хязгаарлах арга хэмжээ авах тухай яригдаж эхнээсээ онц байдал зарлахад хүрээд байна. Филиппин улс гэхэд Ираны дайны улмаас улс орон даяар эрчим хүчний онцгой байдал зарласнаа өчигдөр мэдэгдлээ. Ингэснээр тус улс Ираны дайн эхэлснээс хойш онцгой байдал зарласан анхны улс болж байна. Филиппин улс нефтийнхээ 98 хувийг Персийн булангийн орнуудаас импортолдог бөгөөд Ираны дайн эхэлснээс хойш тус улсад дизель болон бензиний үнэ хоёр дахин нэмэгджээ. Мөн зарим улс орнууд ялангуяа Европын улс орнууд нөөцийн сангаас шатахуун нийлүүлэх, хамтарсан нөөц ашиглах механизм идэвхжүүлэх талаар эрчимтэй хэлэлцэж эхэлсэн бол АНУ стратегийн нефтийн нөөцөөс ашиглаж байгаагаа мөн мэдэгдсэн. Олон улсын эрчим хүчний байгууллагууд ч улс орнуудад нөөц ашиглах, нийлүүлэлтийг тогтвортой байлгах талаар зөвлөмж өгчээ. Шинжээчдийн үзэж байгаагаар хэрэв Персийн булан дахь нөхцөл байдал тогтворжихгүй бол шатахууны хомсдол улам гүнзгийрч, дэлхийн эдийн засагт дарамт үргэлжлэх төлөвтэй байна. Мөн цаашид богино хугацаанд нөөц ашиглах, урт хугацаанд эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх бодлого руу шилжих нь тодорхой болж байна. Улс орнуудын хувьд голдуу шатахууны хэрэглээг хязгаарлах, шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, экспортын хязгаарлалт хийх, дотоодын үнийг тогтворжуулах зэргээр зохицуулалтын бодлого хэрэгжүүлж байна.
Ойрхи Дорнодод өрнөж буй хямрал өдрөөс өдөрт эрчимжсэн хэвээр байгаа нь олон улсын сэтгэл зовнисон асуудал хэвээр байна. Ираны талаас АНУ-ын баазууд руу довтолж, Кувейт, Иордан, Бахрейнд цохилт өгчээ. Мөн Кувейтийн нисэх буудал цохилтод өртөж шатахуун хадгалах агуулахад их хэмжээний гал гарсан байна. Одоогоор дайны улмаас нэг сая гаруй хүн дүрвэсэн гэсэн мэдээлэл өгч буй. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “Ормузын хоолойг бүрэн нээхгүй бол Иранд цохилт өгнө” гэж анхааруулсан ч амралтын өдрүүдээр хийсэн хэлэлцээний үр дүнд АНУ Ираны эрчим хүчний байгууламжуудад тав хоногийн хугацаанд цохилт өгөхгүй” хэмээн мэдэгдсэн. Мөн АНУ-ын зүгээс гал зогсоох тухай 15 зүйл бүхий санал гаргасан ч Ираны тал хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 57 (7799)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn