Т.МИЧИДМАА

“Монголын үндэсний морин уралдааны уяачдын холбоо”-ны гишүүд наадамд монгол морио уралдуулахыг шаардаж буй талаараа  мэдэгдэл хийлээ. Энэ үеэр тус холбооны тэргүүн, тод манлай уяач Ц.Дуламсүрэн “Морь уях, уралдуулах гэдэг нь нэг өдрийн ажил биш. Тиймээс дүрэм журам, зохицуулалтыг уяачдад хүртээмжтэй тараах шаардлагатай. Монгол Улсын 21 аймаг, 330 сумд наадам болдог. Эдгээр сум орон нутагт амьдарч, малчин уяачид маань монгол адуугаа уралдуулдаг байх хуулийн зохицуулалт хэрэгтэй байна” гэлээ.
Харин алдарт уяач Н.Базаргарьд “Монгол төрийн наадамд монгол морь уралдах ёстой. Гаднаас ирж байгаа жуулчид монгол морь сонирхож байна. Араб, англи хольцтой морь уралдаж байгаа нь сонирхол татахгүй. Жишээ нь, эрийн гурван наадмын нэг сур харваачид байт харвааны нум, сум бариад харвадаггүй биз дээ. Спорт чиглэлээр уралдах морьдод бид хориг тавихгүй. Тэд дэлхийд хөгжсөн журам, тойргоор уралдах ёстой. 
Нэг наадамд 500-700 морь уралддаг байсан бол өнөөдөр 56 тооны азарга уралдаж байна. Бид Зүүн, Төвийн аймагт уралдаанууд зохион байгуулсан. Жишээ нь, Сүхбаатар аймгийн нэг суманд 182 их насны морь уралдсан. Энэ нь малчид, уяачид маань монгол морио уралдуулж наадамд оролцох бэлэн байна гэсэн үг. Гэвч эрлийз адуутай уяачид наадмынх хамаг айраг түрүүг нь авчихаар  морио уях уяач ховордож байна” гэв.

Эх сурвалж: zms.mn