Т.МИЧИДМАА
Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг 1982 оноос эхлэн сүрьеэ өвчний талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, уг өвчинтэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо, хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор тэмдэглэж ирсэн байдаг . Харин Монгол Улс 1995 оноос хойш Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг жил бүр өндөр ач холбогдол өгч тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Улс орны манлайлал, иргэдийн хүчтэй оролцоотойгоор бид сүрьеэг устгаж чадна” уриан дор Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг 31 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хүрээнд сүрьеэ өвчний өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний талаар ХӨСҮТ-ийн Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийн эрхлэгч Б.Оюунчимэгийг “Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин”-оор урьж ярилцлаа.
-Манай улсад сүрьеэ өвчний тархалт, нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?
-Монгол Улс нь Баруун Номхон далайн эргийн бүсэд хамаардаг бөгөөд энэ бүсийн хүрээнд сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон улсын нэгт багтдаг. Өнгөрсөн жилүүдэд жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгддэг байсан бол сүүлийн үед энэ тоо тодорхой хэмжээгээр буурч, ойролцоогоор 3000 орчим болсон байна. Харин эмэнд тэсвэртэй сүрьеэгийн хувьд жилд 150 орчим тохиолдол бүртгэгдэж байгаа нь өвчлөл өндөр хэвээр байгааг харуулж байна.
Сүрьеэ нь манай улсад түгээмэл бүртгэгддэг халдварт өвчний нэг. Ялангуяа нийгмийн идэвхтэй бүлэг болох залуучуудын дунд өвчлөл өндөр байдаг. Мөн хүн амын төвлөрөл ихтэй газруудад тархалт илүүтэй ажиглагддаг. Тухайлбал, Улаанбаатар хотод, тэр дундаа Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг хүн ам ихтэй дүүргүүдэд өвчлөл өндөр байгаа нь судалгаагаар харагддаг. Ерөнхийдөө нийслэл хотын хэмжээнд орон нутгаас илүү өндөр үзүүлэлттэй байна.
-Иргэд сүрьеэг ихэвчлэн уушгины өвчин гэж ойлгодог. Харин бусад эрхтнийг гэмтээх хэлбэрүүдийг төдийлөн мэддэггүй. Энэ талаар мэдээлэл өгвөл?
-Сүрьеэ нь хүний аль ч эрхтнийг гэмтээж болох өвчин бөгөөд нийт тохиолдлын 60-70 хувийг уушгины сүрьеэ эзэлдэг бол үлдсэн 30-40 хувь нь бусад эрхтний сүрьеэ байдаг. Уушгины сүрьеэгийн үед удаан хугацаагаар ханиалгах, цэртэй ханиалгах, халуурах, шөнө хөлрөх, жин буурах, ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Харин уушгинаас бусад эрхтний сүрьеэ нь маш олон хэлбэртэйгээр илэрч болдог. Жишээлбэл, сүрьеэгийн шалтгаант менингит, нуруу ясны сүрьеэ, өвдөг болон түнхний үеийн сүрьеэ, гэдэсний сүрьеэ, арьсны сүрьеэ, нүдний сүрьеэ, хэвлий дотор эрхтний сүрьеэ зэрэг олон янзын тохиолдол байдаг. Аль эрхтэн өвчилснөөс хамаараад шинж тэмдэг нь илэрнэ. Жишээ нь, гэдэсний сүрьеэгийн үед гэдэс дүүрэх, гүйлгэх, өтгөн хатах, цаашлаад гэдэс хоорондоо наалдах, түгжрэл үүсэх тохиолдол гардаг бол сүрьеэгийн менингитийн үед толгой удаан хугацаанд өвдөх, өндөр халуурах, даамжирвал таталт өгөх, ухаан алдах зэрэг хүндрэлүүд илэрч болно.
Ерөнхийдөө удаан хугацаанд шалтгаан тодорхойгүй өвдөх, турах, тамирдах, ядрах зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрч байвал сүрьеэгийн сэжигтэй тохиолдол байх магадлалтай. Ийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд иргэд харьяа аймаг, дүүргийнхээ сүрьеэгийн эмчид хандах хэрэгтэй бөгөөд оношилгоо, шинжилгээ, эмчилгээ нь үнэ төлбөргүй. Манай улсад түргэвчилсэн оношилгооны аргууд нэвтэрсэн учраас сэжигтэй тохиолдлыг 30 минутаас хоёр цагийн дотор оношлох боломжтой болсон нь эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.
-Сүрьеэ өвчнөөс үүдэлтэй нас баралт өндөр байгаа шалтгаан юу байна вэ?
-Сүрьеэ нь халдварт өвчнүүдийн дундаа нас баралт өндөртэйд тооцогддог бөгөөд үүнд оношилгоо хожуу хийгдэх, эмчилгээг дутуу хийх зэрэг хүчин зүйл нөлөөлдөг. Иргэд шинж тэмдгээ энгийн ханиад, ядаргаа гэж андуурч удаан хугацаанд тоохгүй явах, эмнэлэгт оройтож хандах нь өвчнийг хүндрүүлэх нэг шалтгаан болдог. Мөн эмчилгээг таслах, дутуу эмчлүүлэх нь түгээмэл. Энэ нь өвчнийг архагшуулах, улмаар эмэнд тэсвэртэй хэлбэрт шилжих нөхцөлийг бүрдүүлдэг. Ийм тохиолдолд эмчилгээний хугацаа уртасч, зардал нэмэгдэн, эдгэрэх боломж буурдаг.
Хэдийгээр манай улсад сүрьеэгийн эмчилгээний үр дүн харьцангуй сайн буюу 80-90 хувьтай байдаг ч энэ нь зөвхөн эмчилгээндээ тууштай хамрагдсан хүмүүсийн үзүүлэлт юм. Эмчилгээ хамгийн багадаа зургаан сар, зарим тохиолдолд түүнээс урт хугацаанд үргэлжилдэг бөгөөд эмийг өдөр бүр тасралтгүй, зохих тунгаар хэрэглэх шаардлагатай. Гэвч эмчилгээ эхэлснээс хойш 10-14 хоногийн дараа биеийн байдал сайжрах үед “эдгэрчихлээ” гэж эндүүрч эмээ таслах, бүр орхих тохиолдол гардаг нь маш буруу. Ийм үйлдэл нь өвчнийг олон эрхтэнд тархаах, эмэнд тэсвэртэй хэлбэрт шилжүүлэх, цаашлаад нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлэх аюултай. Тиймээс сүрьеэг эрт үед нь илрүүлж, оношлогдсон даруйд эмчилгээндээ тууштай хамрагдан, эмийг нэг ч өдөр таслахгүй хэрэглэх нь хамгийн чухал гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
-Сүрьеэгийн өвчлөлөөс сэргийлэх чиглэлд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Цаашид бид ард иргэдийн дунд, ялангуяа оюутан, залуучуудын дунд сүрьеэ өвчний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Учир нь энэ насны бүлэг нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг байдаг тул өвчний тархалтад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Иймээс зөв ойлголт, урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэгт хамрагдах хандлагыг төлөвшүүлэх нь чухал. Мөн олон нийтэд чиглэсэн сургалт, мэдээллийн ажлуудыг тогтмол зохион байгуулснаар иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, улмаар сүрьеэгийн өвчлөлийг бууруулахад бодит үр дүн гарна гэж үзэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 56 (7798)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn