П.АМГАЛАН
Гэрэл зургийг Р.Оюун
“Үнэн ба зөв” намаас сүүдрийн Засгийн газар байгуулах асуудлаар мэдээлэл хийлээ. Тэдний хэлснээр парламентын засаглалтай, ардчилсан улс орнуудад сүүдрийн Засгийн газар ажиллах жишиг байдаг бөгөөд энэ нь эрх баригч Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаанд хяналт тавьж, алдаа дутагдлыг шүүмжилж, зөвлөмж өгч ажиллах үүрэгтэй ажээ. Харин Монголын улс төрд нэг нам давамгайлсан нөхцөл байдал үүссэн тул улс төрийн хяналт, тэнцвэрийг бий болгох шаардлагатай гэж үзэж байгаагаа онцлов. Тиймээс дөрөвдүгээр сарын 14-нд “Бүх ард түмний хаврын чуулган”-ыг зохион байгуулж, сүүдрийн Засгийн газар байгуулах асуудлыг олон нийтээр хэлэлцүүлэхээр болсноо зарлалаа.
Уг чуулганаар сүүдрийн Засгийн газар байгуулах эсэхийг ард түмний оролцоотой хэлэлцэх юм. Хэрэв сүүдрийн Засгийн газар байгуулах асуудлыг ард түмэн дэмжвэл төрийн зардлыг хэмнэх бодлогыг хэрхэн хэрэгжүүлж болохыг бодитойгоор харуулна гэж мэдэгдэв. Мөн сүүдрийн Засгийн газар байгуулах санал нь Монгол Улсын 35 жилийн парламентын түүхэнд анх удаа тавигдаж буй санаачилга гэдгийг онцолсон юм. Түүнчлэн “Үнэн ба зөв” нам Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа бөгөөд уг төслийг мөн хаврын чуулганаар ард түмнээр хэлэлцүүлэхээр төлөвлөж буйгаа мэдээллээ.
Эх сурвалж:www.zms.mn