“Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Ус сувгийн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх албаны ахлах инженер П.Бат-Оюуныг урьж, ярилцлаа.

 

-Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Дэлхийн усны өдөр” тохиодог. Энэ жилийн онцлог юу вэ?

-Усны өдрийг дэлхий нийтээр нэг уриан дор тэмдэглэж өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд “Ус ба жендэр” уриан дор олон ажил хийхээр төлөвлөж байна. Манай байгууллагын хувьд усны өдрөө ганцхан энэ өдөр тэмдэглэдэггүй. Гурван сарын аян зохион байгуулдаг. Гуравдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 22 хүртэл Улаанбаатар хотынхоо иргэд, гэрээтэй хамтран ажилладаг байгууллагууддаа чиглэсэн үйл ажиллагааг сурталчлах ажил хийнэ.

Тухайлбал, орон сууцны ашиглалт үйлчилгээг хариуцсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай хамтран хэрэглэгч нарт усны тэгш хэрэглээ, усны тэгш үйлчилгээ, суултуур хогийн сав биш гэх мэт сэдвээр үйл ажиллагаа зохион байгуулах, мөн гэрээт хэрэглэгчдэд байгууллагаас шинээр гаргасан цахим үйлчилгээг сурталчилан таниулах, сэтгэл ханамжийн судалгаа авах гэх зэрэг олон ажлыг хийхээр байгаа. Дэлхийн усны өдрийг тэмдэглэх нь цэвэр усны нөөцийг хамгаалах, усны үнэ цэн, зүй зохистой хэрэглээг олон нийтэд ойлгуулах. Усны аюулгүй байдал, ашиглалттай холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой.

 -Гэр хороолол болон байгууллагын усны хэрэглээ ямар байна?

-Миний хувьд төвлөрсөн системээ хариуцдаг. Манай байгууллага нийслэлийн хүн ам, аж ахуйн нэгж байгууллагуудыг 24 цагийн турш тасралтгүй цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үүргийг хүлээн ажилладаг. Тэр дундаа Хэрэглэгчдэд үйлчлэх алба нь төвлөрсөн цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээнд холбогдсон айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэрийн газруудтай цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах аж ахуйн гэрээ байгуулан ажиллаж байна.

Манай байгууллага тусгай зөвшөөрөл бүхий усны лабораторитой. Тогтсон цэг, салбаруудаас усаа олборлохоос эхлээд шугам сүлжээгээр ус түгээх байранд очоод түгээх хүртэл дээж аваад хүний эрүүл мэнд, уух ундандаа, ахуйдаа хэрэглэхэд стандартын шаардлага хангаж байна уу гэдэгт байнга шинжилгээ ав хариуг нь байгууллагынхаа вэб сайтад ил тод нээлттэй байршуулдаг.  

-Ус хангамжийн системд ямар шинэчлэлийг нэвтрүүлж байна. Ухаалаг тоолуур гэсэн дижитал шийдлүүд хэр нэвтэрч байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын II компакт гэрээний дагуу Монголын Мянганы сорилтын сангаас “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Баруун доод эх үүсвэр, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулж ашиглалтад ороод байна. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл хэрэгжиж бүтээн байгуулалт хийн ашиглалтад ороход бэлэн болоод байна.

Ухаалаг тоолуурын хувьд манай байгууллага том үйлдвэр, аж ахуйн байгууллагуудад нэг цэгээс хянах системийн ухаалаг тоолуурыг суурилуулан усны үйлчилгээний төлбөрийн хэрэгсэл болгон үйл ажиллагаандаа ашигладаг. Мөн манай байгууллагын гэрээт хэрэглэгчид маань eus.mn апликейшн ашиглан өөрийн тоолуурын заалтаа цахимаар илгээх боломжтой.

-Усны үнэ хямд байгаа нь хэрэглээнд сөргөөр нөлөөлөх магадлалтай юу?

-Улаанбаатар хотод орон сууцанд амьдарч буй айл өрхийн нэг литр усны үйлчилгээний төлбөр нэг төгрөг 34 мөнгө. Гэр хорооллын айл өрхийн нэг литр усны үйлчилгээний төлбөр хоёр төгрөг байдаг. Энэ нь дэлхийн аль ч улсад байхгүй хямд. Бид дэлгүүрээс 500 гр савалгаатай усыг дунджаар 2000 төгрөгөөр худалдаж авдаг. Усны үйлчилгээний төлбөр нь өртөгөө нөхөхгүй. Хэтэрхий хямд байгаа нь хэрэглэгч усаа хэмнэхгүй, усны үнэ цэнийг ойлгохгүй байна. Хангагч болон ашиглалт хариуцсан байгууллагуудад санхүүгийн хүндрэл үүсэж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээгээ хийх боломжгүй. Цаашлаад салбарын хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байна.

-Иргэн бүр усаа хайрлан хамгаалах, хэмнэх тал дээр хэвшүүлэх энгийн дадлууд юу байна вэ?

-Иргэн бүр цэвэр усаа зүй зохистой хэрэглэхээс гадна хатуу хог хаягдлаа бохир усны шугам хоолой, суултууртаа хаяхгүй, хогийн савандаа хаяж хэвших хэрэгтэй байна. Учир нь төв цэвэрлэх байгууламжид ирж буй хаягдал усны бохирдлын түвшин стандартаас хэтэрсэн. Их хэмжээний ахуйн хог хаягдал буюу үс хялгас, хоолны үлдэгдэл, өөх тос, ариун цэврийн усанд уусдаггүй цаас, сальфетка гэх мэт хог хаягдал ирж цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг алдагдуулж улмаар цэвэрлэж буй усны чанарт сөргөөр нөлөөлж байна. Тиймээс манай байгууллагын зүгээс “Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлье” челленжийг өрнүүлж нийслэлийн иргэддээ хандаж хатуу хог хаягдлаа бохир усны шугам хоолой, суултууртаа хийхгүй, хогийн саванд хаяхыг уриалж байгаа.

-Ус хэмнэх зөв хэрэглээний талаар иргэдэд зөвлөгөө өгөөч?

-Олон арга бий. Саванд ус хийж аяга тавгаа угаах, крантнаас гоожуулж угаахгүй байх. Аяганд ус хийж аваад шүдээ угаах, гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй, суултуурны усыг олон дахин татахгүй байх хэрэгтэй. Дэлхийн усны өдрийн хүрээнд манай байгууллага орон сууцны ашиглалт, үйлчилгээг хариуцсан, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэйгээ хамтран үйл ажиллагаа зохион байгуулж байгаа.

-Иргэдээс түгээмэл ирдэг гомдол, санал юу байна вэ?

-Устай холбоотой бүх санал хүсэлт манай байгууллагад ирдэг. Гэтэл манайх хангагч байгууллага юм. Орон сууцны айл өрхүүдийн ашиглалт үйлчилгээг хариуцсан тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу конторуудтай андуурч дуудлага, санал хүсэлт өгөх тохиолдол их байдаг.

-Зарим үед усны төлбөр өндөр гардаг?

-Тоолуурын заалтыг тулгах шаардлагатай. Зарим хэрэглэгч усны алдагдлаа мэдэхгүй манай усны үйлчилгээний төлбөр их гарсан байна гэх тохиолдол байдаг. Тэгэхээр айл өрхүүд маань сантехникийн тоноглолын бүрэн бүтэн байдлыг шалгаж байх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 53 (7795)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn