Ц.МЯГМАРБАЯР

 

Ноолуурын үнийг тогтвортой барих зорилгоор үйлдвэрлэгчдэд 350 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн нь зах зээлийн савлагааг бууруулах, дотоодын үйлдвэрүүдийг дэмжих зорилготой гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдэгдсэн. Уг зээлийг арилжааны банкуудаар дамжуулан 17-18 хувийн хүүтэй олгож, тодорхой хувийг төрөөс хүүгийн татаасаар дэмжихээр болсон нь өмнө нь гадаадын худалдан авагчид зах зээлийг давамгайлж, ноолуурын үнийг тодорхойлох нөхцөл үүсдэг байсныг өөрчлөх зорилготой аж. Энэ хүрээнд ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн энэ хавар ноолуурын үнийг 200 мянган төгрөгөөс эхлүүлэх саналыг ноолуурын үйлдвэрүүддээ тавьж байгаагаа илэрхийлээд байгаа. Жил бүр ноолуурын үнийг ченжүүд тогтоодог хэвшил тогтоод удсан гажиг тогтолцоог ийнхүү засахын тулд эхний ээлжид түүхий ноолуур гадагш гаргахыг хориглож дотоодын үйлдвэрүүдэд боломж олгосон шүү гэж салбарын сайд ийнхүү урилж байгаа юм.

Нэг үгээр хэлбэл, хөнгөлөлттэй зээл олгож байгаа учраас ноолуурын үйлдвэрүүддээ ноолуурыг хамгийн боломжит, дээд үнээрээ аваарай гэж уриалж байгаа. Хэрэв  хямд аваад малчдын эсэргүүцэлтэй тулах юм бол түүхий ноолуураа шууд гадагш гаргах нөхцөлд буцаад очно гэсэн агуулгыг хэлж буй.

Монгол Улс жилд дунджаар 10 мянган тонн ноолуур бэлтгэдэг. Нийт ноолуурынхаа 70-80 хувийг угааж, 10 орчим хувийг самнаж, үлдсэн хэсгийг бэлэн бүтээгдэхүүн болгон борлуулж ирсэн. Мөн энэ жилийн хувьд төрөөс малын гаралтай түүхий эдийг бүрэн ашиглаж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын чиг баримжаатай салбарыг хөгжүүлэх зорилгоор ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд ноолуурын ээрэх үйлдвэрүүдийг байгуулахад хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох, ноолууран бүтээгдэхүүн экспортлогч хувийн хэвшлийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн талаар Засгийн газраас мэдээлээд байгаа.

Энэ хаврын тухайд цаг агаарын байдал олон жилийн дунджаас дулаан өдрүүд үргэлжлэх хугацаа багасаж байгаатай холбоотойгоор ноолуур гарах хугацаа хойшлогдож байгааг салбарын шинжээчид болон малчид хэлж байна. Ноолуурын үнэ өнгөрсөн онд 185 мянган төгрөгөөс эхэлсэн. Энэ жилийн тухайд ийнхүү 200 мянган төгрөгөөр босго үнэ тогтоож буй юм. Ноолуурыг зүгээр нэг түүхий эд биш цагаан алт гэж үздэг. Тиймээс ноолуурын мөнгө бол малчдын тухайд зээл дарах мөнгө мөн хүүхдийн сургалтын төлбөр болоод зогсохгүй малчдын гол амьжиргаа залгуулагч түүхий эд.Тэгвэл жил бүр ноолуурын үнийг зүүн аймгийнхан тодорхойлдог гэж болно.Тэгвэл малчны бүтэн жилийн хөдөлмөрийн үнэлгээ, зах зээлийг доош татах уу, эсвэл өсгөх үү гэдгийг шийдэх зорилготой дуудлага худалдааг жил бүр зохион байгуулдаг аж. Энэ жилийн дуудлага худалдаа 2026 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймагт болохоор товлогдсон байна. Энэхүү ноолуурын дуудлага худалдаагаар тогтсон анхны үнэ бусад аймагт жишиг болдог байна.

 Өнгөрсөн оны тухайд 185 мянган төгрөгөөр эхэлж байсан байна. Өөрөөр хэлбэл, анхны сул үнэ наймаачдын барьж авах ашиг болдог аж. Тэгэхээр малчид өөрсдөө ханшаа унагаах уу, эсвэл өөрсдөө үнээ хамгаалах уу гэдэг нь тэднээс шалтгаалдаг байна. Энэ жилийн тухайд ХХААХҮЯ-ны сайд ийнхүү 200 мянган төгрөгөөс эхлүүлж өгөхийг уриалаад байгаа нь өнгөрсөн жилийн үнийг харгалзан ийм үнэ хэлсэн гэх.

 

Үнэ хүргэхгүй байхад нөлөөлөх мэдэгдлийг салбарын сайд хэлчихлээ

 

Энэ жил мөнгөний ханшны уналтыг тооцох юм бол нэг кг ноолуур 280-320 мянган төгрөгийн хооронд тогтохоор байсан. Гэвч энэ үнэнд хүргэхгүй байхад нөлөөлөх мэдэгдлийг салбарын сайд  хэлчихлээ гэж малчид ярьж байна. Тухайлбал, Завхан аймгийн малчин хэлэхдээ “...дандаа ийм ялгаварлаж байх юм. Зүүн аймгуудын мах, ноолуурыг дандаа үнэтэй авдаг. Баруун аймгуудынх нь өөлөгдөж хямдхан авдаг энэ байдал нь шударга бус байна”гэсэн бол малчин С.Баяржаргал “Ноолуур бол малчдын бүтэн жилийн хөдөлмөр, дээр нь самнах зардал /ирсэн хүнийг орон байр ,хоол хүнс/ гээд тооцвол 300 мянгад тогтоох хэрэгтэй. Хэрэв ийм үнээр тогтохгүй  бол талбайд жагсаал хийцгээе” хэмээн санал бодлоо илэрхийлсэн байлаа. Түүнчлэн малчин Б.Мөнх-Эрдэнэ “Малчид санал нэгтэй үнээ барих хэрэгтэй. Цөөн малтай, ам бүл олон өрх бол өр шир, хэрэглээндээ л арай гэж хүргэж байна. Тийм болохоор аль болох эдийн засгийн өсөлтийг харж үнээ ахиухан тогтоох хэрэгтэй шүү. Баруун аймгууд хожуу самнадаг болохоор хамгийн доод үнэнд өгдөг.Тэгэхээр баруун, зүүн аймаг гэж ялгаварлахгүйгээр нэг үнээ барих нь зөв” гэж байлаа.

Түүнчлэн Хэнтий аймгийн малчин Ш.Нэргүй ярихдаа “Энэ хавар малын хорогдол ихтэй, зудтай хатуувтар хавар болж байна. Одоо л дөнгөж нялх төлөө хүлээн авч эхэлж байна. Салхи, шуурга ихтэй дулаан болох хугацаа уртсаж байгаа тул ноолуур оройтох шинжтэй байна. Гэхдээ малын ноос, ноолуур хөөрөх хугацаа говь болон манай нутагт бусад аймгаас арай эрт эхэлдэг. Ямартаа ч төрөөс босго үнэ тогтоож байгаа нь зөв. Гэхдээ малчид хэн түрүүлж ирсэнд нь л өгчихдөг. Учир нь явдал суудалгүй амар байдаг. Дотоодын үйлдвэрийнхэн, ченжүүдээс  түрүүлээд хүрээд ирвэл мэдээж тэдэндээ л өгнө. Хамгийн гол нь тэд бас голж, шилээд байдаг. Харин ченжүүд нэг их голж, шилэхгүй нийтэд нь нэг үнэ хэлээд тохирох тухайд амар байдаг. Харин түүхийгээр гаргахгүй гэсэн шийдвэрээ хурдан гаргачихвал бүр амар шүү дээ” гэсэн юм.

 

Түүхий ноолуурын экспортын хориг цуцлагдах эсэх нь хүлээлт үүсгэжээ

 

Түүхий ноолуурыг угааж, самнах явцад жин нь бараг тал хувь хүртлээ буурдаг ч үнэ цэн нь хэд дахин өсдөг. Иймээс ноолуураа түүхийгээр нь бус дотооддоо самнаж, боловсруулаад экспортод гаргах нь малчдын орлогыг тогтвортой байлгах, улсын эдийн засагт үлдэх өгөөжийг нэмэгдүүлэх цорын ганц гарц юм.Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үйлдвэрүүдэд нийт 13122 тонн самнасан ноолуур гаргах хүчин чадалтай. Үүнээс дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд 8957 тонн, гадаадын хөрөнгө  оруулалттай үйлдвэрүүд 4165 тонн самнасан ноолуур үйлдвэрлэх чадалтай. Хэрэв самнасан ноолуурын экспортын техникийн зохицуулалт амжилттай хэрэгжвэл салбарын экспортын орлого 600–700 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 4400 орчим ажлын байр шинээр бий болж, төсөвт төвлөрүүлэх татвар, шимтгэлүүд өсөх боломжтой. Цаашид ноолуураа бүрэн боловсруулж, эцсийн бэлэн бүтээгдэхүүн болговол 5.7 их наяд төгрөгийн орлого олох бололцоо ч бий аж.  Түүхий ноолуурын экспортын хориг цуцлагдах эсэх нь тодорхой болоогүй байгаа нь зах зээлийн хүлээлтийг эргэлзээнд оруулж буй. Тиймээс малчдын хувьд ноолуураа самнаж, боломжийн үнээр борлуулах нь  чухал хэвээр юм. Гэвч жилээс жилд ноолуурын үнэ савлаж, тогтворгүйжсэн нь тэдний амьжиргаанд шууд нөлөөлсөөр байгаа нь шударга бус.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 52 (7794)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn