Б.НАНДИН
Афганистаны нэгэн эмнэлэгт болсон халдлагын улмаас 400 орчим хүн амиа алдаж, олон зуун хүн шархадсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээллээ. Уг халдлага нь сүүлийн жилүүдэд гарсан хамгийн олон хүний амь хохирсон ноцтой үйл явдлын нэгт тооцогдож байна.
Афганистаны тал уг цохилтыг Пакистаны зүгээс хийсэн гэж мэдэгдэж, энгийн иргэдийг онилсон ноцтой халдлага болсон хэмээн буруутгав. Халдлагын үеэр эмнэлэгт олон тооны өвчтөн, эмнэлгийн ажилтан өртөж барилгын ихэнх хэсэг нурж, аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилж байгаа аж. Албаныхны мэдээлснээр амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай гэв.
Харин Пакистаны тал уг мэдэгдлийг няцааж, зөвхөн зэвсэгт бүлэглэлүүдийн байрлалд чиглэсэн ажиллагаа явуулсан бөгөөд эмнэлэгт цохилт өгсөн гэх мэдээлэл үндэслэлгүй гэж мэдэгдсэн байна.
Одоогоор уг хэрэгтэй холбоотой мэдээлэл маргаантай хэвээр байгаа бөгөөд олон улсын байгууллагууд нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангахыг уриалж байна. Энэхүү үйл явдал нь бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдлыг улам хурцатгаж, хөрш орнуудын хоорондын хурцадмал байдлыг нэмэгдүүлэх эрсдэл дагуулж байна.
Эх сурвалж: zms.mn