Б.НАНДИН

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын удирдагч Ши жиньпин нар ойрын хугацаанд уулзахаар төлөвлөж байсан. Гэвч АНУын ерөнхийлөгч Д.Трамп Бээжинд хийх уулзалтыг хойшлуулж байгаагаа мэдэгджээ. Ингэснээр дэлхийн хоёр том эдийн засгийн харилцаанд тодорхойгүй байдал үүсээд байна. Өнгөрсөн өдрүүдэд хоёр талын хувьд уулзалтад бэлтгэж Парист өндөр түвшний хэлэлцээр эхлүүлээд байсан юм. Парисын хэлэлцээний үеэр хоёр тал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа, газрын ховор элемент, хөрөнгө оруулалтын урсгалын асуудлыг хэлэлцсэн байна. Хятадын төрийн мэдлийн China Daily сонин уг уулзалтыг үр дүнтэй байсан гэж дүгнэж байсан ч АНУ-ын зүгээс цуцлах хүсэлт гаргасан юм.
АНУ-ын албаныхан уулзалтыг хойшлуулсан шалтгааны талаар зөрүүтэй тайлбар өгч байгаа юм. Дональд Трамп Хятад улс Ормузын хоолойн асуудалд дэмжлэг үзүүлэхгүй бол уулзалтыг хойшлуулж магадгүй гэж өмнө нь мэдэгдэж байсан бол Сангийн сайд Скотт Бессент хойшлуулсан шалтгааныг дайны нөхцөл байдалтай холбон тайлбарласан байна.
Харин шинжээчид хоёр тал харилцаагаа тогтвортой хадгалах, айлчлалыг цаашид зохион байгуулах сонирхол хэвээр байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдалд хамтын ажиллагаа чухал хэвээр байгааг онцолж байна.

Эх сурвалж: zms.mn