Сангийн яам, Татварын ерөнхий газраас хамтран “Татварын багц хуулийн шинэчлэл”-ийг танилцууллаа. Энэ үеэр Татварын ерөнхий газрын Татварын бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэнтэй ярилцав.

 

-Засгийн газраас өргөн барьсан “Татварын багц хуулийн шинэчлэл”-ийн хуулийн төслийн гол өөрчлөлт, хөнгөлөлтийн талаар эхлээд ярина уу?

-Татварын багц хуулийн шинэчлэлээр нийт 2.7 их наяд төгрөгийн татварын ачааллыг үе шаттай бууруулна. Үүнд иргэдийн татварын ачааллыг 2.0 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцож хуулийн төслийг өргөн барьсан. Бүх нийтээрээ татвараа төлдөг тогтолцоонд шилжихийн тулд одоогийн татвар төлөлтийн харилцаанд орж байгаа татвар төлөгчдийн 74 хувийн хамрагдалтаар тооцож дээрх ачааллыг бууруулна гэж үзэж байгаа. Тодруулбал, бүртгэлд хамрагдсан 74 хувийг 90 дээш хувьд хүргэвэл 2.0 их наяд төгрөгийг татварт хамрагддаггүй хэсгээс олж нөхөх боломжтой гэж үзсэн. Түүнчлэн бусад дүнгийн тухайд том мега төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн өмчит компанийн үр ашигт байдлыг дээшлүүлэх замаар төсвийн бууралтыг нөхөх боломж бий. Гол өөрчлөлтүүдийг дурдвал, аж ахуйн нэгжийн орлогын татварын шатлал шинэчлэгдэж 6–10 тэрбум төгрөгийн орлогод 15 хувь, 10 тэрбум төгрөгөөс дээш орлогод 25 хувийн татвар ногдуулна. Жижиг, бичил бизнесийн хялбаршуулсан татварын босго 400 сая төгрөг болж, нэг хувийн  татвар төлөх боломж бүрдэнэ. Жижиг дунд аж ахуйн нэгжийн татварын 90 хувийн  буцаалт авах босго 2.5 тэрбум төгрөг болно гэсэн үг.

-Иргэнд нөлөөлөх онцлох өөрчлөлтийг хэлж өгнө үү?

- 2.7 их наядын 2.0 их наяд нь иргэнд чиглэж байна. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал 1.5 их наяд орчим нь байна. Мөн ХХОАТ-ын хөнгөлөлт эдэлнэ. Тухайлбал, 500 мянган төгрөг хүртэлх орлогыг ХХОАТ-аас 100 хувь чөлөөлнө. Эдгээр нь нийлээд иргэнд чиглэсэн  хоёр их наяд төгрөгийн ачаалал буурна. Нэг сая төгрөгийн худалдан авалтад НӨАТ-ын буцаалт 50 хувь буюу 5.0 хувиар тооцно гэсэн үг.

-Компани, аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогод татварын ямар өөрчлөлт оров. 1.5 тэрбум гэсэн борлуулалтын орлогыг 2.5 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн байсан?

- Аж ахуйн нэгж 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байвал 20 хувиар татвар болж 90 хувиар буцаан авахаар одоогийн хууль мөрдөж байна. Үүнийг хуулийн шинэчлэлээр 2.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой болгож босгыг нь нэмэгдүүлсэн. Түүнчлэн том, дунд аж ахуйн нэгжид хамаардаг 6.0 тэрбум төгрөгөөс дээш ашигтай бол 25 хувь хүртэл шатлалтай татвар авч байгаа. 25 хувийг бууруулж дунд нь нэг шатлал оруулж 6-10 тэрбум төгрөгийн ашигтай бол 15 хувийн татвар авах байдлаар зохицуулалт оруулсан. Энэ хоёр өөрчлөлтөөр нийт 250 тэрбум төгрөгийн татварын ачааллыг аж ахуйн нэгжид бууруулах ач холбогдолтой.

-НӨАТ-ын буцаан олголтыг 5.0 хувь болгож нэмэгдүүлсэн байна. Үндэслэлийг нь тайлбарлана уу?

-Татварын шинэчлэлийг үе шаттай хийж байна. 2026 оны төсөв батлагдах үед НӨАТ-тай холбоотой нэг заалт орсон. Энэ заалтыг 2025 оны аравдугаар сарын 1-нэс мөрдөж байгаа. Энэ нь иргэний сарын хэрэглээ нэг сая төгрөг байвал 50 хувийг буцаан олгож байна. Харин нэг сая төгрөгийн худалдан авалтад 20 хувийн буцаалт хийж байна. Уг заалт хоёр хугацаатай хэрэгжиж буй. Нэг нь аравдугаар сарын 1-нээс саяын хэлсэн дүнгээр нөгөөх нь 2027 оны нэгдүгээр сарын 1-нэс эхний сарын хэрэглээ нь 500 мянган төгрөг тутамд 100 хувийн буцаалтыг 500 мянгаас 1.0 сая төгрөг хүртэлх хэрэглээнд 50 хувийн буцаалтыг, 1.0 сая төгрөгөөс дээш хэрэглээнд 20 хувийн буцаалтыг тус, тус олгоно. Ингэснээр НАӨТ-ын буцаалт, урамшуулалд төсвөөс 1.6 их наяд төгрөг буурах буюу эцсийн хэрэглэгчдээ хэрэглэсэн хэрэглээнээс нь авах татварын ачааллыг бууруулах юм.

-Тансаг хэрэглээний татварт ямар нэгэн өөрчлөлт орсон уу. Мөн орон сууцны буцаан олголтыг 15 сая болгож нэмэгдүүлсэн зэргээ тодруулна уу?

-Тансаг хэрэглээний автомашины албан татварт нэг өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, 100 мянган ам. доллароос дээш автомашины худалдан авалтад тансаг хэрэглээний 33 хувиар тооцон татвар ногдуулахаар тусгаад байна. Орон сууцны хөнгөлөлтийг ХХОАТ-аас хөнгөлдөг. Одоо мөрдөж байгаа 6.0 сая төгрөгийг 15 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. Түүнчлэн эко, эрчим хүчний хэмнэлттэй барилга, орон сууцыг барих, тоног, төхөөрөмжийг суурилуулсан бол мөн 15 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Ялгаагүй орон нутагт анх удаа орон сууц худалдан авсан болон эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авсан иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт олгоно.

-Зах худалдааны төвүүдийн худалдагч нар баримт өгөхгүй байгаа тухайд ямар зохицуулалт хийв? 

-Зах худалдааны төвийн лангууны худалдаа эрхлэгч, малчдаас худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн бол худалдан авсан тал нь НӨАТ-ын 10 хувийн хасалтаа хийх зохицуулалтыг хийсэн. Ингэснээр баримтаа заавал нэхдэг, и-баримтаа уншуулдаг байдал халагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр бүхий л аж ахуйн нэгж худалдан авалтынхаа /и-баримтын/ хасалтыг өөрөө тооцон гаргах зохицуулалттай болсон. Нөгөөтээгүүр, төлбөр бэлэн бусаар шилжсэн тохиолдолд борлуулсан иргэн, аж ахуйн нэгж хэдий хэмжээний борлуулалт хийж бизнесийн харилцаа болон  татварын харилцаанд хэр оролцож байна вэ гэдэг нь  шийдэгдэнэ гэсэн үг.

Иргэний ХХАОТ-ын тайланг Татварын алба урьдчилж бэлтгээд тухайн татвар төлөгчдөд санал болгох зохицуулалт орсон. Энэ зохицуулалт нь 2016 оноос хойш амжилттай хэрэгжиж буй и-баримт буюу НӨАТ-ын систем дээр суурилж хувь иргэний тайланг нь бэлтгэх бололцоо бүрдсэн. Одоогоор Татварын алба дээр хэрэгжиж байна. Үүнийг татварын хялбаршуулсан горимтой уялдуулж улам боловсронгуй болгохоор ажиллаж байна. Ингэснээр хувь хүн бүхэн тайлан гаргах шаардлагагүй болно. Харин Татварын албаны бэлтгэж өгсөн тайланг иргэн өөрөө шалгаад нийцэж байвал баталгаажуулалтаа хийснээр тайлан илгээгдэхээр зохицуулалт орсон. Энэ зохицуулалтыг хийснээр бидний яриад байдаг далд эдийн засаг хумигдах, хөнгөлөлт, чөлөөлөлт багасгах зэргээр нийт бизнесийн харилцаа эдийн засгийн эргэлтэд орж буй 74 хувийг 90  хувьд хүргэх боломж бүрдэх юм.

Ер нь хуулийн шинэчлэл нь үйлдвэрлэл эрхлэгчдэд түүхий эдийн худалдан авалтын И-баримт, НӨАТ хасалтын асуудлыг бүрэн зөвшөөрөх байдлаар хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр НӨАТ бизнесүүдэд дарамт болж, өртөг зардал нэмэгдүүлж байгаа асуудлыг шийдэж, НӨАТ-ын дамжуулан тайлагнагч агент үүрэг гүйцэтгэдэг болох шинэчлэлийг эхлүүлж байгаа юм. Тиймээс цаашид бүх нийтээрээ төлбөрийн баримт олгож, далд эдийн засгийг бууруулж, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй болно. 

-Татварын өртэй байгууллагын дансыг битүүмжлэх тухайд өөрчлөлт орсон уу. Одоогоор  хэчнээн аж ахуйн нэгжийн данс хаалттай байна вэ?

- Өртэй байгууллагын банкны дансанд ирээдүйд орох орлогын 20 хувийг битүүмжлэхгүй үлдээнэ. Мөн Гааль дээр НӨАТ-ыг хоёр сар хүртэл хойшлуулж төлөх боломжтой болно. Түүнчлэн тайлан залруулах хугацааг 1- 2 жил болгон сунгасан. 2025 оны эцэст 16 мянган аж ахуйн нэгжийн дансыг хаасан бол 2026 оны хоёрдугаар сарын 2-ны байдлаар 4000 орчим аж ахуйн нэгж дансаа нээлгэж татварын өрөө төлжээ. Одоогийн хуулиар данс царцаах үйл явц нь хамгийн сүүлд авдаг арга хэмжээ хэмээн тайлбарлаж байна. Шинэ татварын багц хуулийн төсөлд тусгаснаар тухайн дансны 80 хувийг татварын өрөнд татан авч, 20 хувийг үлдээх байдлаар зохицуулсан. Ерөнхийдөө татварын өртэй, татвар төлөгчдийн дансыг бүрэн битүүмжлэхгүй байхад анхаарч, ирээдүйн орлогыг татварт бүрэн суутгаж байгааг 80 хувь болгон өөрчилж, бизнесээ үргэлжлүүлэн татвараа төлөх боломжийг аж ахуйн нэгжүүдэд олгохоор хуулийн төсөлд тусгаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 49 (7791)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn