УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Парламент Оюутолгой төсөлтэй холбоотой Хяналт шалгалтын түр хороо байгуулж, сонсгол зохион байгуулсан. Та түр хорооны даргаар ажилласан. Сонсгол нэлээд үр дүнтэй болсон гэж олон хүн үнэлж байгаа. Сонсголын дараах алхмууд, цаашдын үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Оюутолгойн хэлэлцээр яг ид явагдаж байгаа энэ үед Улсын Их Хурал 2025 оны арванхоёрдугаар сарын 26-нд 120 дугаар тогтоол баталж, Засгийн газарт тодорхой чиглэл өгсөн. Тиймээс одоо Засгийн газар уг тогтоолд заасан хүрээнд хэлэлцээгээ үр дүнтэй, Монголын эрх ашигт нийцсэн байдлаар явуулах ёстой. Хамгийн гол нь Монголын талын нийт өгөөжийг анх хөрөнгө оруулагчдын амласан түвшин болох 53 хувьд хүргэх, боломжтой бол түүнээс дээш байлгах зорилготой хэлэлцээ хийх шаардлагатай.

 Гэхдээ энэ тоо зүгээр нэг зорилтот хувь биш. Монголын талын өгөөж үнэхээр 53 хувьд хүрч байна уу, үгүй юу гэдгийг төслийн бодит мөнгөн урсгалын тооцоолол дээр үндэслэн тодорхой болгох ёстой. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн төслөөс Монгол Улсад ирэх бодит үр өгөөжийг тодорхойлоход хамгийн чухал нь мөнгөн урсгал, тэр дундаа өрийн бүтэц юм. Учир нь төслийн санхүүжилттэй холбоотой өр нь Монголын талын ашиг хүртэх хугацаа болон хэмжээ хоёрт хамгийн их нөлөө үзүүлдэг. Тиймээс хэлэлцээ хийхдээ Монголын талд хамгийн өндөр эерэг мөнгөн урсгалыг авчрах боломжтой асуудлуудад гол анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.

Нэг ёсондоо хэлэлцээрийн ширээн дээр байгаа бүх асуудлыг Монголын талын үр өгөөжид оруулах хувь нэмрийн хэмжээгээр нь ач холбогдлын дарааллаар эрэмбэлж авч үзэх шаардлагатай гэж би харж байна. Яагаад гэвэл зарим асуудал бодит үр өгөөжийн хувьд төдийлөн өндөр ач холбогдолгүй атлаа хэлэлцээний ихэнх цаг, анхаарлыг авч байгаа тал бий. Харин үүний оронд Монголын талын ашигт хамгийн бодитой, томоохон нөлөө үзүүлэх санхүүгийн гол асуудлууд дээр төвлөрч чадвал хэлэлцээ илүү бодит үр дүнд хүрнэ гэж үзэж байна.

-Монголын талын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлыг та ямар эрэмбээр харж байна вэ?

-Онтрэ компанийн эзэмшилд байгаа лицензүүдийн асуудал зайлшгүй яригдана. Стратегийн ач холбогдол бүхий ордын хил хязгаарт багтаж байгаа “Онтрэ” компанийн эзэмшлийн хоёр лиценз дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг яаралтай тогтоож, Монголын талын үр өгөөжийг илүү тодорхой болгох шаардлагатай. Энэ бол маш том хэмжээний эдийн засгийн ач холбогдолтой асуудал. Урьдчилсан тооцооллоор авч үзвэл, цаашид үүсэх боломжит орлогын хэмжээгээрээ 80-100 тэрбум ам.долларын хэмжээний асуудал яригдаж байгаа. Энд яригдаж байгаа ордын нөөцийн хэмжээг харьцуулж хэлбэл, Эрдэнэтийн дэргэд шинээр илэрсэн Оюутын ордоос гурав дахин их зэсийн геологийн нөөцтэй орд гэж үздэг. Мөн Цагаан суваргын ордтой харьцуулахад 2.5 дахин том хэмжээний нөөцийн тухай ярьж байгаа. Тиймээс энэ асуудал дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох нь хэлэлцээрийн ндөр ач холбогдолтой сэдэв байх ёстой гэж би үзэж байна.Мөн хувь нийлүүлэгчдийн гэрээтэй холбоотой зээлийн хүүгийн асуудал байна. Анх байгуулсан хувь нийлүүлэгчдийн гэрээгээр Монголын талд зээлийн нөхцлийг сайжруулах, хүүг бууруулах боломж тодорхой хэмжээнд байсан. Харин Хяналт шалгалтын сонсголын үеэр бидний ойлгосноор Оюутолгойтой холбоотой хамгийн өндөр ач холбогдолтой гэрээнүүдийн нэг нь үнэндээ дамжуулан зээлдүүлэх гэрээ байсан нь харагдсан. Тиймээс зээлийн хүүг зохицуулж байгаа хувь нийлүүлэгчийн  гэрээг хоёр тал УИХ-ын тогтоолоор өгсөн чиглэлийн дагуу харилцан  дүгнэлт хийж шинэчлэх үүрэгтэй. Мөн энэхүү тогтоолын хүрээнд алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, компанийн засаглалын асуудлыг нэг мөр шийдэх ёстой.  Энэ бол Монголын талын ашиг хүртэх хугацаа болон хэмжээнд шууд өндөр нөлөө үзүүлэх хэлэлцээрийн маш чухал асуудлууд.

- Засгийн газраас хэлэлцээг эхлүүлээд явж байна.  Энэ хэлэлцээр яг бодит байгаа онохгүй байна гэж та харж байна уу?

-Тийм. Хувь нийлүүлэгчийн гэрээг Засгийн газар хэзээ дүгнэх вэ, алдагдсан боломжоо тооцоолсон уу гэдэг асуулт өнөөдөр хариултгүй хэвээр байна. Зээлийн хүүгийн асуудлыг ярьж байгаа бол хувь нийлүүлэгчийн гэрээг бүхэлд нь харилцан дүгнэж, сайжруулах асуудал хэзээ ч орхигдож болохгүй. Энэ асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой. Өнөөдөр Оюутолгой төсөлтэй холбоотой зээлийн асуудал маш том хэмжээнд хүрсэн. Нийтдээ ойролцоогоор 12 тэрбум ам.долларын зээлийн хүүгийн тухай яригдаж байна. Анх 6.1 тэрбум ам.долларын хүүд хүүгийн хүү тооцогдсоор өдий хүрсэн. Бид өмнө нь өдөр бүр ойролцоогоор 10 тэрбум төгрөгийн хүү тооцогдож байна гэж ярьдаг байсан. Гэтэл 2026 оны гуравдугаар сарын байдлаар энэ хэмжээ өдөрт 14.7 тэрбум төгрөг, бараг 15 тэрбум төгрөгийн хүү болж өсөөд байна. Өөрөөр хэлбэл, бид энэ асуудлыг ярьж, арга хэмжээ авах тухай хэлэлцэж байх хооронд зээлийн хүү өдөр бүр өссөөр байна гэсэн үг. Энэ тооцооллыг Оюутолгойн сонсголын үеэр хөндлөнгийн шинжээчид хүртэл дүгнэлтдээ тусгасан. Тиймээс энэ зээлийн хүүг яаралтай бууруулах шаардлагатай. Ядаж олон улсын зах зээлийн жишигт ойртуулах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар саяхан олон улсын зах зээл дээрээс 500 сая ам.долларын бондийг 5.9 хувийн хүүтэй босгож чадсан. Гэтэл Оюутолгой төсөл дээр 11 хувийн хүүтэй зээл төлөгдөж байгаа нь эдийн засгийн хувьд ч, шударга ёсны хувьд ч нийцэхгүй зүйл гэж үзэж байна. Энэ асуудлыг яаралтай өөрчлөхгүй бол өдөр бүр Монголын талд 15 тэрбум төгрөгийн хүүгийн дарамт нэмэгдсээр байх болно. Гуравдугаарт, Оюутолгой төсөл дээр хяналт, зохицуулалтын асуудал сул байгааг сонсголын үеэр ойлгосон. Сүүлийн 11 жилийн хугацаанд Оюутолгойн ТЭЗҮ шинэчлэгдэж, баталгаажаагүй явсаар өнөөдрийг хүрсэн байна. Уг нь хуулиар бол уул уурхайн төслүүд таван жил тутам ТЭЗҮ-гээ шинэчилж батлуулах ёстой. Геологийн нөөцийн эцсийн баталгаажуулалт хүртэл хийгдээгүй явж ирсэн нь хяналт сул байсны илрэл гэж харж байна. Тиймээс энэ асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нэн яаралтай шийдвэрлэх ёстой. ТЭЗҮ-г батлах эрх бүхий байгууллага бол сайдын тушаалаар ажилладаг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл. Энэ зөвлөл Оюутолгойн ТЭЗҮ-г хэлэлцэж, батлах үүрэгтэй. ТЭЗҮ батлагдаагүй байхад бид баталгаажаагүй тооцоолол дээр үндэслэж Монголын талын үр өгөөж 53 хувьд хүрч байна уу, үгүй юу гэдгийг яаж тодорхойлох вэ.  Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Өнөөдөр зэс, алтны үнэ дэлхийн зах зээл дээр түүхэн өндөр түвшинд хүрсэн. Энэ өөрчлөлт ТЭЗҮ-гийн шинэ тооцоололд зайлшгүй тусах ёстой. ТЭЗҮ болон геологийн нөөцийн баталгаажуулалтаа яаралтай хийж, Оюутолгойн үйл ажиллагаанд тавих хяналтаа сайжруулах нь салбарын сайдад УИХ-ын тогтоолоор өгсөн үүрэг юм. 

-Дубайн гэрээтэй холбоотой асуудал шийдэгдсэн юм уу?

-Дубайн гэрээтэй холбоотой асуудал одоо хүртэл бүрэн шийдэгдээгүй байна. УИХ-аас 2021 онд гаргасан 103 дугаар тогтоолоор энэ гэрээг цуцлах, хүчингй болгох  чиглэлийг Засгийн газарт өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл Дубайн гэрээтэй холбоотой зарим зохицуулалт, тухайлбал менежментийн төлбөр зэрэг хавсралтын нөхцөлүүд хүчин төгөлдөр үйлчилсээр байна. Ийм байхад Засгийн газар энэ асуудлыг бүрэн эцэслэн шийдвэрлэхгүй удаашруулж байгаа нь ойлгомжгүй. Хэрэв Дубайн гэрээг хүчингүй болгосон бол түүний үр дагаврыг тооцоолж, бодит арга хэмжээ авах ёстой. Гэтэл энэ асуудал шийдэгдэлгүй 5–6 жил өнгөрч байна. Энэ маргааныг эцэслэхгүй бол дараагийн 10–20 жилд ч энэ асуудал үргэлжилж болзошгүй. Тиймээс Засгийн газар энэ асуудлыг яаралтай эцэслэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Засгийн газрын зүгээс менежментийн төлбөрийн асуудлыг нэлээд ярьж байгаа. Менежментийн төлбөр гэдэг нь Оюутолгой төсөлд орсон капиталжсан хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны зардал дээр ойролцоогоор зургаан хувьтай тооцогдож авдаг төлбөр юм.  Үүн дээр үйлчилгээний хураамж, баталгааны шимтгэл зэрэг нэмэлт төлбөрүүд ч нэмэгдэнэ. Энэ зохицуулалт нь анх Дубайн гэрээгээр баталгаажсан. Энэхүү менежментийн төлбөр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал гарах үед хамгийн өндөр тооцогддог байсан.  Гэтэл Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт 2025 он хүрээд дуусчихлаа. Өнөөдрийн тооцооллоор менежментийн төлбөр, үйлчилгээний зардал, баталгааны шимтгэл зэрэг нийлээд жилдээ ойролцоогоор 120-150 сая ам.долларын хэмжээний зардал ярьж байгаа. Хэрэв энэ зардлыг 50 хувь буурууллаа гэхэд жилдээ 60-75 сая ам.долларын хэмнэлт гарна. Энэ хэмжээний мөнгө нь өнөөдрийн нөхцөлд Оюутолгойн зээлийн хүүг ойролцоогоор дөнгөж 0.1 хувиар бууруулсантай тэнцэх хэмжээний л үр нөлөөтэй. Тиймээс аль асуудал илүү том мөнгөн урсгалтай, аль нь стратегийн ач холбогдолтой вэ гэдгийг эрэмбэлж харах ёстой. Хэрэв бид жижиг, бага мөнгөн урсгалтай асуудал дээр бүх анхаарлаа төвлөрүүлээд байвал бодит утгаараа Монголын талын ашигт хамгийн их нөлөөлөх том асуудлууд орхигдох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, жижиг чулууг шидэж анхаарал татчихаад ард нь байгаа том чулууг үлдээх стратеги явчихвий. Оюутолгойн сонсголын үеэр Монголын ард иргэд энэ асуудлуудыг нэлээд ойлгосон гэж бодож байна. Монголын 3.5 сая иргэн энэ хэлэлцээг анхааралтай ажиглаж байгаа. Одоо яг хэлэлцээ ид явагдаж байгаа учраас аль асуудал дээр хэн нь анхаарч ажиллаж байгааг олон нийт ч анзаарч байна. Ялангуяа уул уурхайн салбарт Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын үүрэг маш чухал. ТЭЗҮ, геологийн нөөцийн баталгаажуулалт зэрэг үндсэн асуудлууд  нь салбарын сайдаас шууд хамаардаг. Гэтэл өнөөдөр ТЭЗҮ-ийг шинэчлэх, хувь нийлүүлэгчийн гэрээг сайжруулах зэрэг суурь асуудлууд дээр бодит ахиц харагдахгүй байна.  Хэрэв бид зөвхөн менежментийн төлбөр эсвэл зээлийн хүүгийн нэг хэсгийг ярьсаар байвал Монголын талын 53 хувийн өгөөж, бодит зорилт биелэх боломжгүй.

–Засгийн газар хэлэлцээний хүрээнд 1.5 их наяд төгрөг төвлөрүүлсэн юм биш үү?

- 2026 оны гуравдугаар сарын 12-нд Оюутолгой компани мэдэгдэл хийж, татварын нөхөн ногдуулалтын акттай холбоотойгоор Монголын татварын байгууллагад 1.5 их наяд төгрөг хуульд заасны дагуу шилжүүлсэн талаар мэдээлсэн. Зарим хүмүүс үүнийг хэлэлцээний үр дүнд орж ирсэн мөнгө гэж ойлгож байгаа нь буруу. Энэ бол 2021–2022 онд Монголын татварын байгууллагаас тавьсан татварын багц актын хүрээнд нэхэмжилсэн төлбөрийг хуулийн дагуу түр шилжүүлсэн мөнгө.  Энэ нь Монголын талд эцэслэн шийдвэрлэгдэж орж ирсэн мөнгө биш. Учир нь энэ асуудал одоогоор Лондонгийн  арбитр дээр ид явж байгаа маргаан. Хэрэв арбитрын шүүх дээр Монгол Улс ялбал энэ 1.5 их наяд төгрөг Улсын төсөвт албан ёсоор үлдэнэ. Харин Монгол Улс ялагдвал энэ мөнгийг Оюутолгой компанид буцааж өгөх хуулийн үүрэг үүснэ. Тиймээс энэ мөнгийг одоогоор хэлэлцээний амжилт гэж тайлбарлах нь буруу. Үндсэндээ арбитрын шийдвэр гарах хүртэл түр хугацаанд байршуулж байгаа мөнгө учраас үүнийг зарцуулж болохгүй.  Хэрэв зарцуулбал эргээд татвар төлөгчдийн мөнгөөс төлөгдөх, төсөвт дарамт үүснэ. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 48 (7790)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn