Б.НАНДИН

 

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан бямба гарагийн өглөө түр удирдлагын бүрэлдэхүүний хүрээнд хэлсэн үгэндээ Ираны хөрш орнууд руу хийсэн сүүлийн цохилтуудын талаар уучлал хүссэн нь олон ажиглагчдыг гайхашрууллаа.

Улс орнууд хоорондоо, ялангуяа зэвсэгт мөргөлдөөний үеэр албан ёсоор уучлал хүсэх нь ховор. Ихэнх тохиолдолд удирдагчид “харамсаж байна” гэх мэт зөөлөн үг хэрэглэдэг эсвэл хариуцлагаас зай барьсан мэдэгдэл хийдэг.

Харин Пезешкиан хөрш орнууд руу цохилт өгсөн гэдгийг шууд хүлээн зөвшөөрч, Ираны зэвсэгт хүчинд тухайн орнуудын нутгаас Иран руу халдлага гарсан тохиолдлоос бусад үед дахин цохилт өгөхгүй байх үүрэг өгсөн гэж мэдэгджээ. Тэрбээр “Довтолгоонд өртсөн хөрш орнуудаасаа уучлал хүсэх шаардлагатай гэж үзэж байна. Бид хөрш орнууд руу довтлох зорилго агуулаагүй” гэж хэлсэн байна. Түүний мэдэгдлийн дараа энэ нь бодит уучлал хүссэн үйлдэл байсан уу, яагаад одоо уучлал хүсэв зэрэг асуултуудыг дагуулж буй юм.

Тэгвэл зарим хүмүүс үүнийг Ираны түр удирдлага бүс нутгийн мөргөлдөөнийг өргөжүүлэхээс зайлсхийж байгаа оролдлого хэмээн тайлбарлаж байна.

Мөн энэ нь улс төрийн бодит байдлыг давхар хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Хэрэв зарим хөрш орон АНУ-ын цэргүүдэд өөрийн нутаг дэвсгэрт бааз ашиглах боломж олгосон байсан ч Иран тэднийг шууд онилбол олон улсын түвшинд улам ганцаардах эрсдэлтэй.

Гэхдээ энэ уучлал бодит бодлого болж хэрэгжих эсэх нь тодорхойгүй. Учир нь Иранаас бүс нутагт чиглэсэн гал зогсоогүй байна. Катар болон АНЭУ бямба гарагийн үдээс хойш Иранаас ирэн пуужинг саатуулсан гэж мэдэгджээ. Хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн АНУ, Израилийн довтолгооны үеэр Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей зэрэг томоохон удирдагчид, өндөр албан тушаалтнууд амиа алдсан учир Ираны төрийн шийдвэр гаргах эрх түр удирдлагын зөвлөлд шилжсэн.

Онолын хувьд энэ бүтэц өмнө нь бүх эрх мэдлийг нэг газарт төвлөрүүлж байсан системтэй харьцуулахад Пезешкиан зэрэг улстөрчдөд эрх мэдэл очсон мэт харагдаж байгаа. Гэвч практикт Хувьсгалт гвард зэрэг хүчирхэг цэрэг, аюулгүй байдлын байгууллагуудыг хянах боломж тодорхойгүй хэвээр байгаа.

Хэрэв Ерөнхийлөгчийн мэдэгдлийг үл харгалзан хөрш орнууд руу чиглэсэн довтолгоо үргэлжилбэл дотоод дахь үл ойлголцол, тэр дундаа зарим шийдвэрийг бүлэглэлүүд эсэргүүцэж байгааг илтгэх юм. Дотоод улс төрийн хүрээнд ч ерөнхийлөгчийн уучлал хүссэн мэдэгдэл маргаан дагуулж эхэлжээ. Зарим хатуу байр суурьтай улстөрчид Пезешкианы мэдэгдлийг “сул дорой” гэж шүүмжилсэн байна. Тэдний хувьд гадаад орнуудаас уучлал хүсэх нь үндэсний хямралын үед буулт хийж буй мэт харагдах эрсдэлтэй.

Харин бусад улс орнууд энэ мэдэгдлийг өөрөөр тайлбарлаж байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп Truth Social платформ дээр Иран “Хөрш орнуудаасаа уучлал хүсч, бууж өгсөн” гэж мэдэгдэн, АНУ болон Израилын цэргийн дарамт үр дүнгээ өгч байна гэж тайлбарлажээ.

Трамп өмнө нь Ираны хувьд зөвшөөрөгдөх цорын ганц үр дүн бол “бүрэн бууж өгөх” гэж удаа дараа мэдэгдэж байсан. Мөн тэрээр “Аль хэдий нь ялсан дайнд бидний нэгэн цагийн хамгийн итгэлт түнш Их Британи орж ирэх тухай ярьж эхэлсэн нь шаардлагагүй үйлдэл юм. Стармер, бидэнд одоо ямар нэгэн туслалцаа хэрэггүй” хэмээн сошиал хуудсандаа мэдэгдээд байгаа.

Ямартай ч зарим шинжээчдийн үзэж байгаагаар зөвхөн агаарын довтолгоогоор улс орныг бүрэн бууж өгөхөд хүргэх нь маш ховор. Газрын цэргийн ажиллагаагүйгээр ийм үр дүнд хүрэх нь тун хэцүү хэмээн бичиж байна. Ийм нөхцөлд Пезешкианы уучлалыг бууж өгсөн дохио мэт тайлбарлах нь Вашингтонд улс төрийн хувьд ашигтай гарц болж магадгүй юм.

Харин Пезешкиан болон түр удирдлагын зөвлөлийн хувьд өөр тооцоо байж болно.

Одоогоор гал зогсоох тохиролцоонд хүрч чадвал шинэ байнгын удирдагч гарч ирэх хүртэл нөхцөл байдлыг тогтворжуулах боломжтой хэмээн дүгнэж буй юм. Хэрэв дараагийн удирдагч хатуу чиглэлийн шашны зүтгэлтэн байвал дипломат хэлэлцээ хийх боломж улам багасах магадлалтай.

Иймээс Пезешкиан өөрийгөө барууны орнууд хэлэлцээ хийхэд илүү тохиромжтой прагматик удирдагч гэдгээ харуулахыг оролдож байж болох юм.

Тэрбээр хэлсэн үгэндээ бууж өгөхийг няцааж, нөгөө талаас хөрш орнуудтай зөрчил хурцатгахгүй байх дохио өгч, эсэргүүцэл болон нээлттэй байр суурийг тэнцвэржүүлэхийг оролдсон байна.

Үүний зэрэгцээ Ираны ирээдүйн удирдлагын төлөө өрсөлдөөн аль хэдийн эхэлжээ. Улс төр, шашны зүтгэлтнүүд, мөн Хувьсгалт гвард болон аюулгүй байдлын байгууллагын командлагчид энэ хямралыг өөрсдийн байр суурийг бэхжүүлэх боломж гэж харж байна. Зарим улс төрчид Мэргэдийн зөвлөл-ийг дараагийн удирдагчийг яаралтай сонгохыг уриалж эхэлжээ. Хэрэв Пезешкиан тогтвортой байдлыг хангаж, зэвсэгт хүчнийг бүрэн хянаж чадахгүй бол өрсөлдөгчид нь илүү хатуу бодлого шаардлагатай гэж үзэх магадлалтай. Одоогоор хамгийн эхний сорилт Ираны хилээс гадна өрнөж байна. Олон хөрш орон Пезешкианы уучлал бодит өөрчлөлтөд хүрэх эсэхийг ажиглан болгоомжтой хандсаар байна.

Харин Израил энэ мөргөлдөөнийг Ираныг сулруулах ховор боломж гэж үздэг тул уг мэдэгдлийг хурцадмал байдлыг бууруулах бодит алхам гэж харах магадлал бага юм. Эх сурвалж: BBC

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 43 (7785)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn