Т.МИЧИДМАА
Гэрэл зургийг Р.Оюун
Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс гуравдугаар сарын 1-ний 11 цаг 40 минутаас Сүхбаатарын талбайд “Бид итгэхгүй байна” цуглааныг зохион байгуулах гэж буй талаараа өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.
Энэхүү цуглааныг Ард нийтийн санал асуулга хөдөлгөөний удирдах зөвлөл Х.Батялалт “Үндсэн хуультай, төрийн далбаатай цуглаан” гэж нэрлэсэн бөгөөд цуглаан зохион байгуулах албан бичгээ Сүхбаатар дүүргийн засгийн газарт хүргүүлжээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, УИХ-ыг Үндсэн хууль зөрчиж байгаа гэж үзэн улс төрийн нам эвсэл, иргэний нийгмийн байгууллага, иргэдийг УИХ-д итгэл үзүүлэх эсэх талаарх “Бид итгэхгүй байна” цуглаандаа идэвхтэй оролцохыг уриалж байв.
Нийгэмд өөрчлөлт хийх шаардалгатай эсэх талаар санал асуулга явуулахад судалгаанд оролцсон хүмүүсийн 90 гаруй хувь нь нийгмийг өөрчлөх шаардлагатай гэсэн байна. Тиймээс ард нийтийн санал асуулга хөдөлгөөнийхөн УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж нэн даруй төрийн зохион байгуулалт, бүтцийг өөрчлөх хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрч энэхүү цуглааныг зохион байгуулах болсноо мэдэгдлээ.
Эх сурвалж: zms.mn