Т.МИЧИДМАА
Монголын мөсөн сурын холбоо 100 сая төгрөгийн шагналын сантай Магнай болон дээд лигийн тэмцээнийг зохион байгуулах гэж буй талаараа мэдээлэл хийлээ. Тус тэмцээнийг энэ сарын 27,28-нд зохион байгуулах бөгөөд тэмцээний хоёр төрөлд нийт 20 баг оролцохоор бүртгүүлжээ. Монголын Уламжлалт Үндэсний сурын харвааны төрлөөс анх удаагаа 100 сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээнийг “Уухайн дуу” амралтын баазад зохион байгуулах аж. Тэмцээнийг мөсөн сурын харваа сонирхогчид болон өв уламжлалаа хүндэлдэг хэн бүхэн очиж үзэх боломжтой байна.
Уг лигийн тэмцээнийг зохион байгуулснаар харваач бусад багт түрээсийн болон солилцооны гэрээгээр харваж, цалин авах, чанартай баг бүрдэх, ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Энэ үеэр Мөсөн сурын холбооны ерөнхийлөгч А.Гомбодорж “ Мөсөн сурын харвааг хөгжүүлснээр өвлийн олимпод монголын уламжлалт спортын төрөл нэмэгдэх ач холбогдолтой. Энэ нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж нийгэм эдийн засагт сайнаар нөлөөлөх боломжтой” гэлээ.
Харин Мөсөн сурын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Э.Пүрэвсүрэн тэмцээний зохион байгуулалтын талаар мэдээлэл өгсөн вм. Тэрээр “Мөсөн сурын холбооноос гурван тойрогт тэмцээнийг зохион байгуулдаг. Нэгдүгээр тойрог буюу “Магнай” тэмцээнд улсын аварга болон клубуудын аварга, аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс өндөр оноо авсан багууд оролцдог. Энэ удаагийн “Магнай” тэмцээнд “Эрхэт гурван түpүү”, “Хан буурагчингийн мэргэд”, “Мөнгөн сум”, “Өлгийн мэргэчүүд”, “Бүргэдтэй хайрхан”, “Хаан харваа”, “Батур мэргэн”, “Мөнх цастын цэц-2”, “Баян-өлгий”, “Хан алтай жангар” зэрэг баг оролцоно.
Харин дээд лигт улсын аварга шалгаруулах тэмцээнд 3-6-р байрт шалгарсан багууд оролцдог” гэв.
Мөн мөсөн сурын спортыг хөгжүүлэхээр тус холбоо нь Монголд төдийгүй ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО, БНКУ, АНУ зэрэгт нийт 15000 гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Эх сурвалж: Zms.mn