Д.Мягмаржаргал
Гэрэл зургийг Р.Оюун
Сэлэнгэ аймгийн органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг, “Тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх түншлэл үндэсний холбоо”-ны төлөөлөл “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд “Өнгөрсөн оны нэгдүгээр сараас органик бүтээгдэхүүний хууль батлагдаж Сэлэнгэ аймгийн 30 гаруй хоршоо, 400 гаруй ногоочин тус хөтөлбөрт хамрагдан органикаар хүнс үйлдвэрлэдэг болсон. Гэтэл УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр Өрөг.mn цахимд өгсөн ярилцлагадаа “Сэлэнгэ аймгийн ногоочид Хятад цустай хүмүүс учир ногоо хурдан ургуулдаг” гэжээ.
Энэ талаар ногоочин Х.Батцэнгэл “Бид жилийн жилд монгол ургацын ногоогоо иргэдийн гарт шууд хүргэхийг зорьдог. Хүнсний ногооны үнэ өндөр байгаа нь тухайн жилийн гарцаас хамаардаг. Гэхдээ бид үнийн хөөрөгдлийг барихыг хичээдэг. Аргагүйн эрхэнд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ногоочид нэгдэн “Тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх үндэсний холбоо”-г байгуулсан. Учир нь төрийн бодлого жижиг өрхийн аж ахуй, том компани алийг нь дэмжих нь тодорхойгүй байна. Хөдөө аж ахуйн салбар хүний нөөцийн хомсдолд орж хүнд нөхцөл үүсээд байна. Энэ үед УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр бидний нэр хүндэд халдаж илтэд гүтгэн доромжилсонд бухимдалтай байна” гэсэн юм.
Иймд Сэлэнгэ аймгийн ногоочдын нэр хүндэд халдаж, гутаан доромжилсон гэж үзэн УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийг Сэлэнгийн иргэдээс уучлалт гуйхыг шаардлаа.
Эх сурвалж www.zms.mn