“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын дарга, судлаач Ө.Ганзоригийг урьж ярилцлаа.

 

Монгол Улсад хөрсний чиглэлийн мэргэжилтэн дутагдалтай байгаа


Блиц:

Ажлын туршлага:
2023 оноос одоо: ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын албаны дарга;
2015 - 2023 онд: ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан;
2009 - 2015 онд: ШУА-ын Газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан 
2008 - 2009 онд: Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд дахь салбарын туслах ажилтан; 
Боловсрол: 
2011 онд: МУИС, Германы Чөлөөт их сургууль, БНХАУ-ын Ланжоугийн их сургуулийн хамтарсан ОУ-ын магистрын хөтөлбөрийг “Төв аймгийн Сүмбэр сумын хөрсний Чанарын үнэлгээ, зураглал” сэдвээр хамгаалсан;
2009 онд: МУИС, Газарзүй-Геологийн факультет, Хүрээлэн буй орчин судлалын тэнхимийг “Хар- Ус нуурын Цагаан голын арлуудын хөрсний давсжилт, Ховд аймаг” сэдвээр бакалаврын зэрэг хамгаалсан.


-Монгол орны хөрсний ангилал, газарзүй, мужлал, хөрсний мэдээллийн сан, хөрсний янз бүрийн масштабын зураглал, хөрс геохими, ус-физик шинж, хөрсний элэгдэл эвдрэл, бохирдол, чанарын үнэлгээ, хөрс хамгаалал, хөрсийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр суурь болон хавсарга судалгааг манай хүрээлэн хийж байна. Хүрээлэнгийн хөрс судлалын салбарын үндэс нь 1974 онд ШУА-ийн Газарзүй,  цэвдэг судлалын хүрээлэнд Хөрс, геохимийн тасаг нэртэй байгуулагдсан түүхтэй ч  1960-аад оноос хөрсний судалгаа хийж эхэлсэн байдаг. Байгууллагын институт ийм боловч Монгол орны хөрсний судалгааны үр дүн 1910-аад оноос гарч эхэлсэн билээ. Тодруулбал, 1912 онд Оросын судлаач Л.И.Прасолов Хиагтаас Өргөө хүртэл аялахдаа Монгол орны хөрсний тархцын дүн мэдээллийг үлдээсэн. Түүний дараа Оросын судлаач Н.Д.Беспалов 1940-өөд оны үед Монгол орны нийт нутгаар анхны томоохон системтэй судалгаа хийж, Сибирийн ой тайгаас төв Азийн хуурай, гандуу шилжилтийн бүсэд тархсан хөрсний онцлог хэв шижтэй гэх дүгнэлтийг гаргаж, “Монгол орны хөрс” гэх орос хэл дээрх судалгааны бүтээлийг 1952 онд хэвлүүлж байсан. Үүнээс хойш Ө.Бэхтөр, Д.Доржготов тэргүүтэй эрдэмтдийн залгамжаар 100 орчим судалгааны ажил, төсөл хөтөлбөр хийгдсэн байна.

Монголд хөрс судлаач мэргэжилтэй 20 орчим хүн байдаг. МУИС  2003-2005 онд хөрс судлаач мэргэжлээр элсэлт авч, цөөн хэдэн оюутан суралцаж төгссөний нэг нь би юм. ХААИС хөрс судлал, агрохими гэсэн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Ингэхээр хөрс судлалын шинжлэх ухааны нарийссан мэргэжилтэй хүн цөөн. Би 2009 онд сургуулиа төгсөөд хүрээлэнд ажилд ороод, хөрс судлалын чиглэлээр судалгаа хийгээд 17 жил болж байна. Салбарынхаа боловсон хүчний залуу үедээ ордог.

Байгаль, хүрээлэн буй орчны салбарт суралцах, ажиллах хүмүүсийн сонирхол дэлхий нийтээр буурч байна. Монгол Улсад хөрстэй холбоотой мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байгаа ганц сургууль нь ХААИС боловч элсэгчдийн тоо цөөн байна. МУИС мөн энэ чиглэлд анхаарч, хөрсний чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхэд бодлого хэрэгжүүлж байгаа юм билээ. Одоогийн байдлаар Монгол Улсад хөрсний чиглэлийн мэргэжилтэн дутагдалтай байгаа бөгөөд бэлтгэх зайлшгүй шаардлагатай байна.

 

Хөрсний бохирдол бууруулах ургамал ашигласнаар хүнд металлын бохирдол жилд 9-20 хувиар буурсан

-Бид үндсэн чиглэлийн судалгаа шинжилгээгээ үргэлжлүүлэхээс гадна орчин үеийн шинэлэг арга, аргазүйг Монгол Улсад нутагшуулах ажлыг хийж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт манай лаборатори Олон улсын хөрсний нэгдсэн сүлжээнд гишүүн болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хөрсний бохирдлын судалгаа голчлон хийж байна. Манай улсын хүн амын тал орчим хувь нь суурьшсан газар оронд тулгамдсан асуудал болох хөрсний бохирдлыг тодорхойлохоос гадна бууруулах судалгааг хийдэг. Хүн ам, үйлдвэр аж ахуй нэгж төвлөрсөн газар хөрсний бохирдол хамгийн их үүснэ. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хүрээлэн буй орчны асуудал нэмэгдэж байгаа тул хөрсний нүүрстөрөгчийн судалгааг сүүлийн арваад жил эрчимтэй хийж байна. Агаар дахь нүүрстөрөгчийн хий нэмэгдсэнээр хүлэмжийн хий ихсэж, уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн шалтгаан болдог. Ингэхдээ хөрсөнд агуулагдаж байгаа нүүрстөрөгчийн хий агаар болон ургамалд агуулагдаж байгаагаасаа их. Тиймээс хөрсөнд агуулагдаж буй нүүрстөрөгчийн хий агаарт алдагдвал уур амьсгалын өөрчлөлт аюултай түвшинд яригдана. Үүнтэй холбоотойгоор дэлхийн эхний 20-д орох том газар нутагтай, байгалийн олон бүс дамнасан улсын хувьд энэ чиглэлийн судалгаа нэн тэргүүнийх болж байна.

Улаанбаатар хотын хөрсний бохирдол, геохимийн судалгааг 1989 оноос хийж эхэлсэн. Ингэхэд хүнд металлын болон нянгийн бохирдол зонхилдог. Нянгийн бохирдлын үндсэн шалгаан нь гэр хорооллын нүхэн жорлон юм. Манай улс тодорхой стандарттай боловч нүхэн жорлонгууд тэр стандартыг хангадаггүй. 2015 онд гэр хорооллоос авсан дээжний 88 хувьд нян илэрсэн. Угтаа жорлонгийн нүхэнд байх ёстой нян хашааны ойр орчимд тархсан байгаа юм. Энэ бохирдлыг хамгийн түрүүнд хүртэх боломжтой нь хүүхэд байдаг. Учир нь хөрс, шороотой томчуудтай харьцуулахад их харьцдаг, тоглодог, мөн хүүхдийн амьсгалах түвшин намхан буюу хөрстэйгөө ойр. Сүүлд 2024 онд авсан судалгаагаар нянгийн илэрц 72 хувь болж буурсан. Хэдийгээр нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих зэрэг арга хэмжээнүүдийг Байгаль орчны яамнаас хэрэгжүүлсэн ч арваад жилийн хугацаанд 10 гаруйхан хувь л буурсан байна. Тиймээс энэ бохирдлыг хамгийн хурдан хугацаанд бууруулж, нийгмийн эрсдэлийг бууруулах хэрэгцээ шаардлага тулгарсан. Удахгүй хаврын улирал болох гэж байна. Энэ үеэр гэдэсний аливаа халдварт өвчин нэмэгддэг бөгөөд энэ нь хөрсний бохирдолтой шууд холбоотой. Сүүлийн жилүүдэд дэд бүтцийн хөгжил дагаж, иргэд угаадас бохироо ил задгай асгахаа больсон нь сайшаалтай.

Хот орчимд Дахүрээ авто зах, Харгиа цэвэрлэх байгууламж, Баянзүрх дүүрэгт байрлалтай хар тугалганы үйлдвэр зэрэг хүнд металлын бохирдлын эх үүсвэрүүд бий. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгаар сүүлийн хоёроос гурван жил хар тугалга, хромын бохирдлын судалгааг хийж байна. Ингэхдээ хөрсний бохирдол бууруулах ургамал ашигласнаар жилд 9-20 хувиар бохирдол буурсан гэх үр дүн гарсан. Тиймээс энэ аргачлалыг нарийн болгохын тулд ажиллаж байна.

 

Монгол орны  нутаг дэвсгэрийн 77.6 хувь нь ямар нэгэн байдлаар эвдрэл доройтолд өртсөн байна

 

-Дэлхийн нийт хүнсний бүтээгдэхүүний 95 орчим хувь нь хөрснөөс шууд болон шууд бус замаар бий болдог. Хэрэв хөрсөө хайрлаж хамгаалахгүй бол ирээдүйд хүнсний нөөц болон аюулгүй байдлын асуудал тулгамдана. Энэ жил зохион байгуулагдах СОР 17 хурал мөн үүнд чухал нөлөө үзүүлэх байх. Монгол Улсын хэмжээнд хөрсний асуудал нь бохирдлоос гадна эвдрэл гэмтэл нэлээд хүнд түвшинд хүрсэн. Тодруулбал, нийт нутаг дэвсгэрийн 77.6 хувь нь ямар нэгэн байдлаар эвдрэл доройтолд өртсөн байна. Үүний үндсэн суурь шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт хийгээд бэлчээрийн зүй зохисгүй ашиглалт зэрэг юм.

Уламжлалт мал маллах арга ухаан угтаа байгаль дэлхийд их ээлтэй. Өөрөөр хэлбэл, байгаль, ургамлын гарцаа ажиглаад жилд олон удаа нүүдэллэж, газар орноо доройтуулахгүйгээр бэлчээрээ сэлгэдэг байсан. Байгалийн аясаа мэдэрч, түүнийгээ даган амьдардаг байсан бол өдгөө суурин байдалд шилжиж, малчид нүүдэл суудал хийх нь багасаж, малын тоо толгой ихэссэн. Ингээд тухайн газар орныхоо бэлчээрийг байнга ашиглаад байхаар хөрс нь сэргэж чадахгүй доройтоод байдаг. Энэ нь цөлжилт, бэлчээрийн доройтол үүсэх суурь шалтгаан болдог. Мөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манайд илүү хурдацтай явагдаж байна. Тодруулбал, дэлхийн агаарын температур ойролцоогоор 1.5°С-ээр дулаарч байхад манайд 2.1°С байна. 

Хөрстэй холбоотой асуудлыг манай улс сүүлийн жилүүдэд их орхигдуулсан. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг 2012 онд баталсан бөгөөд үндсэн агуулгыг сайн гаргасан боловч тодорхой асуудлуудыг орхигдуулсан. Ингэхдээ бусад хууль тогтоомжтой харьцуулахад хэрэгжилт нь харьцангуй сул санагддаг. Хуулийн хэрэгжилттэй холбоотой дүрэм журам байснаар хөрсний асуудал цэгцтэй болно. Манай салбарын эрдэмтэн судлаачид хөрсний бохирдол, эвдрэлтэй холбоотой асуудлаар олон улсын хэлэлцүүлэг, хуралд тогтмол дуу хоолойгоо хүргэж байдаг. Төр захиргааны байгууллагатай хамтарсан хурал, хэлэлцүүлэг зохион байгуулдаг боловч үүнээс гарах үр дүнгийн асуудал тун хэцүү. Ерөнхийдөө улс нийтээрээ үндэсний чуулган зэрэг зохион байгуулаад өнгөрөх болохоос гарч буй үр дүн байхгүй гэх асуудал яригдаж байна. Тиймээс бид зөвхөн төр засгийг харалгүйгээр олон улсын хамтарсан төсөл хөтөлбөрөөр судалгаа шинжилгээнийхээ ажлыг үргэлжлүүлсээр байна.

Хөрсийг хүмүүс шороотой андуурдаг. Хөрс байгалийн олон хүчин зүйлийн нөлөөгөөр бий болдог. Хэрэв орчин нөхцөл нь бүрдэхгүй бол хөрс үүсэхгүй байх боломжтой. Хөрс үүсэхгүй бол яах вэ гэдэг хүн төрөлхтний оршихуйн асуудалтай холбогдоно. Нэг сантиметр хөрс бий болоход 800-1000 жилийн байгалийн таатай нөхцөл шаарддаг.

Монгол орны үржил шим бүхий гол бүс нутаг Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий гэсэн цөөн хэдэн аймагт оршиж байна. Эндээс тухайн жил хэрэглэх хүнсний ногоо, гурил буудайгаа авч байгаа тул хөрстэй тун болгоомжтой харьцах хэрэгтэй.

 

Монгол Улсад 20-30 сая тоо толгой мал идээшлэх боломжтой гэсэн судалгааны дүн байдаг

 

-Монгол Улсын хэмжээнд 200 орчим уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаа явуулж буй талбайг нийт нутаг дэвсгэртэй харьцуулахад 20 хүрэхгүй хувийг эзэлдэг тул нөлөөлөл нь тухайн бүс нутагт хүн амьдрах боломжгүй болтол доройтол, хохирол учруулаагүй гэж болно. Гэхдээ уул уурхай, түүнийг дагасан замын эвдрэл доройтол бол байгаа.

2019 онд Монгол Улсын малын тоо толгой 70 гаруй саяд хүрч байсан бол сүүлийн жилүүдэд буурч, 2025 онд 58.1 сая мал тоолуулсан. Олон жилийн өмнө хийж байсан судалгаагаар Монгол Улсад 20-30 сая тоо толгой мал идээшлэх боломжтой гэсэн дүн байдаг юм билээ. Бэлчээрийн чадамж, талбай нэмэгдээгүй байхад малын тоо толгой ихсэх нь бэлчээрийн доройтолд хөтөлж байгаа юм. Эндээс гарах гарц гаргалгааны талаар сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, анхаарч байна. Угтаа хөрсний бохирдол, доройтлын эсрэг гарц, шийдлүүд байдаг тул төр засгийн байгууллагууд үүнийг тодорхой хөтөлбөр, дүрэм журмаар шийдэх боломжтой. Манай улс том хэмжээний бус цэгэн тархацтай хөрсний бохирдолтой учир тодорхой дүрэм журам, хөтөлбөрөөр шийдэх боломжтой.

АНУ-д 1910-аад оноос газрыг уралдаанд байдлаар замбараагүй олгосноор их хэмжээний газар эвдрэл, доройтолд орсон. Үүнтэй холбоотойгоор шороон шуурга ихсэж, хөрсний эвдрэлтэйгээ тэмцэх үе шаттай арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж, 1960-1970 он гэхэд энэ асуудлаа шийдэж чадсан. Мөн Монгол шиг эрс тэс байгаль цаг уурын онцлогтой, ургамал ургах хугацаа богино Исланд улсын нийт нутаг дэвсгэрийн 40-50 хувь нь 1910 оны үед эвдрэл доройтолд орсон байсан. Харин одоо энэ асуудал байхгүйгээр шийдэж чадсан бөгөөд энэ туршлагаа бусад улс оронтой хуваалцаж, сургалт зохион байгуулдаг. Би мөн энэ сургалт хамрагдаж байсан. Энэ мэтээр бусад улсын туршлагаар манайх хөрснийхөө үржил шимийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Мэдээж өнөөдөр хийгээд маргааш эсвэл дараа жил дуусахгүй. Харин тодорхой арга хэмжээ хөтөлбөрийг өнөөдөр эхлүүлбэл магадгүй 10, 20 жилийн дараа энэ асуудлыг харьцангуй бага ярьдаг болсон байна.

АНУ-ын Хүрээлэн буй орчны агентлаг “Brownfield” программыг хэрэгжүүлсэн нь хөрсний бохирдлоо шийдсэн үр дүнтэй хөтөлбөр болсон. Эхлээд улсын хэмжээнд бохирдолтой цэгүүдээ тодорхойлсон. Ингэхэд 450 мянга орчим бохирдолтой талбай байсан. Ийнхүү эдгээр цэгүүдэд бохирдол бууруулах арга хэмжээг системтэй хэрэгжүүлээд сайн үр дүнд хүрсэн жишээ бий. Үүнтэй адил хөтөлбөрийг манай улс нэн яаралтай боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

 

Говийн бүсэд шинээр хөрс үүснэ гэдэг бараг боломжгүй

 

-Ургамал гэдэг хөрсийг ямар түвшинд байгааг илтгэх толь болдог. Хөл газрын шарилж буюу хүмүүсийн хэлдгээр хог ургамал ургасан газар хөрс муудаж байна уу эсвэл муудаад эргээд сайжирч байна уу гэдгийг судалгаа хийж мэднэ. Ургамал нь хөрс нөхөн сэргэж буй үйл явцыг илэрхийлдэг тул ургамал ургахаа больсон бол энэ газар нэлээн доройтжээ гэдгийг илтгэнэ. Мөн нөхөн сэргэх явцад шарилж зэрэг нэг наст ургамал ургасан байвал тухайн нутгийн зонхилох олон наст ургамал ургах үндсэн нөхцөлийг бүрдүүлдэг.

Хөрсний нөхөн сэргээлт Монгол оронд харилцан адилгүй чадавхтай. Тухайлбал, говийн бүсэд шинээр хөрс үүснэ гэдэг бараг боломжгүй бөгөөд эвдрэл доройтолд орвол тэр хөрс үгүй болох өндөр эрсдэлтэй. Магадгүй зохиомол орчин бий болгож эсвэл хөрс зөөж тавих асуудал яригдана. Харин тал хээрийн болон ой тайгад хөрс нөхөн сэргэх тун сайхан нөхцөл бүрдсэн байдаг. Хэрэв хүн, малын нөлөө ихэдвэл мөн л доройтно. Монгол Улс 110 гаруй төрлийн хөрстэй.

Сэлэнгэ аймгийн Хүдэрт суманд манай байгууллага хүлэрт намгийн судалгааг олон жил хийсэн. 2011 онд уул уурхайн нөлөөллөөр эвдрэлд өртсөн талбайд 2016 онд очиход байгаль өөрийгөө нөхөн сэргээсэн байсан. Харин энэ үзэгдэл говийн бүсэд боломжгүй.

2010 аад оны үед шар шороон шуурганы үзэгдэл Улаанбаатар хотод бага байсан. Харин сүүлийн жилүүдэд шар шороон шуурга нийслэл хотод орж ирдэг болсон. Магадгүй энэ асуудал өмнө нь зөвхөн говийн бүсэд яригддаг байсан бол өдгөө Монгол орныг хамардаг. Энэ нь хөрсний доройтолдоо анхаарах болсныг сануулж байгаа байгалийн үзэгдэл юм. 1910-аад оны үед АНУ, Исланд зэрэг ийм нөхцөл байдалтай байсан ч асуудлаа шийдэж чадсан. Шар шороон шуурга Монголоос халиад агаарын урсгалаар Япон, Америкийн баруун эрэг хүрч байна гэх нийтлэл гарсан байсан. Хэдий хавар, намрын улиралд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 26 (7768)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn