Англи эхээс хөрвүүлсэн Тоймч В.АРИУНЧИМЭГ

 

Steptoe сэтгүүлийн анализ, тойм

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 1 дүгээр сарын 22-ны өдөр Швейцарийн Давос хотод 10 гаруй улсын төр, засгийн тэргүүн нарын хамтаар Энхтайвны Зөвлөлийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэв. Шинээр бий болж буй олон улсын энэхүү байгууллагыг анх Газын Зурваст гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтийг дэмжих механизм гэж ойлгож байсан боловч АНУ-ын эрх баригчид тус байгууллагын цар хүрээг нэг бүс нутгаар хязгаарлагдахгүй олон улсын мөргөлдөөнийг зуучлах олон талт орон зай болгон өргөжүүлж буйгаа зарлав. Тус зөвлөл нь саяхан зарласан гал зогсоох хэлэлцээрийн хоёр дахь үе шатыг, ялангуяа Газын Зурвасын засаглал, сэргээн босголт, цэрэггүй болгох үйл ажиллагааны хэрэгжилтийг хангахын зэрэгцээ гишүүн улсуудаасаа дэмжлэг авах зорилготой юм. Гэхдээ Вашингтон Энхтайвны Зөвлөлийг өргөн эрх үүрэгтэй, олон улсын энхийг сахиулах байгууллага болгохын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаагаас харахад НҮБ зэрэг олон улсын байгууллагуудтай зөрчилдөх, АНУ уламжлалт олон талт байгууллагуудаас гадуур нөлөө үзүүлэхийг эрмэлзэж байгаа тул дэлхийн бизнесийн орчинд шинэ эрсдэл учруулж болзошгүй юм.

 

Эрх мэдэл ба бүтэц

 

Бусад олон талт байгууллагуудаас ялгаатай нь Энхтайвны Зөвлөл нь АНУ-д төвтэй засаглалын хүрээнд суурилсан бөгөөд эхнээсээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгоход чиглэсэн байна. Зөвлөлийн дүрмийн дагуу дарга нь тус зөвлөлийн үндсэн бодлогыг зангидах, хэрэгжүүлэх эрх мэдэлтэй байх юм. Мөн тэрээр гишүүнчлэлийн шийдвэр, тогтоол зэрэг гол шийдвэрүүдэд вето /хориг/ тавих эрхтэй. Түүнчлэн зөвлөлийн дүрмээр  зөвлөлийн дарга урьдчилан зөвлөлдөхгүйгээр Зөвлөлийн өмнөөс тогтоол батлах эрхтэй. Одоогийн дүрмээр Дональд Трамп тус зөвлөлийн даргаар насан туршдаа ажиллахаар байна. Эрх мэдлийн энэхүү онцгой төвлөрөл нь олон улсын байгууллагын хувьд ер бусын үзэгдэл бөгөөд АНУ-ыг, Ерөнхийлөгч Трампыг хувь хүний хувьд Энхтайвны зөвлөлд голлох үүрэгтэй болгож өгч байна. Зөвлөлийн даргыг үндсэн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг хангах зорилготой Гүйцэтгэх зөвлөл нь дэмжиж байна. Гүйцэтгэх удирдлага нь АНУ болон олон улсын нэр хүндтэй улс төр, бизнесийн зүтгэлтнүүд багтана гэж найдаж байна. Мөн гүйцэтгэх удирдлага нь засаглалын чадавхийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт татах, сэргээн босголтыг хянах, томоохон хэмжээний санхүүжилтийг дайчлах зэрэг гол үйл ажиллагааны элементүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Удирдлагын багт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, АНУ-ын тусгай элч Стив Виткофф, Жаред Кушнер (Трампын ахлах зөвлөх бөгөөд хүргэн), АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч Роберт Габриэль, Америкийн бизнесийн удирдагч Марк Роуэн, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, Дэлхийн банкны ерөнхийлөгч Ажай Банга нар багтжээ.

Шүүмжлэгчид Энхтайвны зөвлөлийн гүйцэтгэх удирдлагад багтсан хүмүүсийн олонх нь АНУ-тай улс төр, эдийн засгийн нягт холбоотой байгаа нь олон улсын маргаан зөрчилд зуучлах, энх тайвныг сахиулах үйлсэд төвийг сахисан байр суурь баримтлана гэж үзэхэд өрөөсгөл гэж үзэж байгаа. Тус зөвлөлийн гишүүн орнуудыг төрийн тэргүүн болон засгийн газрын өндөр албан тушаалтнууд төлөөлж байна.  Гишүүнчлэл нь гурван жилийн хугацаатай, зөвлөлийн даргын шийдвэрээр гишүүнчлэлийг сунгах боломжтой. Эхний жилд Энхтайвны Зөвлөлд наанадаж 1 тэрбум ам.доллар хандивласан орнууд байнгын гишүүнчлэл авах боломжтой. Энэхүү санхүүжилтийн механизм нь чинээлэг байнгын хандивлагчид болон богино хугацааны оролцогчид гэсэн оролцооны хоёр түвшинг бий болгож байна. Энхтайвны Зөвлөл Газын Зурваст дангаараа үйл ажиллагаа явуулахгүй. Өдөр тутмын захиргааг удирдах Палестины Технократ Засгийн газар (Газын Зурвасын Захиргааны Үндэсний Хороо); мөн АНУ-ын генералын удирдлаган дор аюулгүй байдал, цэрэг болгох ажлыг зохион байгуулах Олон улсын тогтворжуулах хүчин гэсэн хоёр дэд бүтэц байгуулагдав. Эдгээр байгууллага нь Энхтайвны зөвлөлийн өмнө хариуцлага хүлээж, түүний хяналтан дор ажиллана.

 

Энхтайвны Зөвлөлийн гишүүнчлэл

 

Энхтайвны зөвлөлд Ойрх Дорнод, Төв Азийн хөгжиж буй орнууд, Европ, Латин Америкийн дунд гүрнүүд гишүүнээр элсэж орлоо. Ойролцоогоор 20 улс тус зөвлөлд элсэх урилгыг албан ёсоор хүлээн авсан боловч Цагаан ордон 35 улс гишүүнчлэлээ баталгаажуулсан, үүнээс олон улсыг урьсан гэж мэдэгдэв. Гишүүнчлэлээ олон нийтэд мэдээлсэн орнууд нь Монгол, Саудын Араб, Египет, АНЭУ, Йордан, Турк, Пакистан, Катар, Марокко, Бахрейн, Индонез, Израиль (бүрэлдэхүүний талаар улс төрийн санал зөрөлдөөнтэй), Казахстан, Унгар, Вьетнам, Аргентин, Беларусь зэрэг улсууд байна. Азербайжан улс үүсгэн байгуулагч гишүүний статусаа мөн баталгаажуулжээ. Барууны хэд хэдэн орон эргэлзэж байгаа тул татгалзсанаа илэрхийлсэн. Франц, Норвеги, Швед зэрэг Энхтайвны Зөвлөлийг НҮБ-ын эрх мэдлийг бууруулж болзошгүй гэсэн болгоомжлолын үүднээс оролцохоос татгалзсан байна. Их Британи, Герман, Хятад, Орос зэрэг улсууд урилга хүлээн авсан боловч ямар шийдвэрт хүрснээ одоогоор олон нийтэд мэдээлээгүй байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос улс АНУ-д хадгалагдаж буй царцаасан хөрөнгөө ашиглан Энхтайвны Зөвлөлд 1 тэрбум ам.доллар олгоход бэлэн байгаагаа мэдэгдэв. Ерөнхийдөө урьсан улсуудын цөөн хэсэг нь гишүүнээр элсэж, Баруун Европын оролцоо хуваагдмал байдалтай байна.

 

Энхтайвны зөвлөл юу хийх вэ?

 

Энхтайвны Зөвлөл нь Газын Зурвасаас эхлээд дэлхий даяарх мөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд тогтвортой байдал хангах, сэргээн босголт хийх, засаглалын дэмжлэг үзүүлэхэд төвлөрч ажиллана. Дайны дараах сэргээн босголтын төлөвлөгөөний хүрээнд Энхтайвны Зөвлөл нь Газын Зурваст сэргээн босголтыг хянах, цэрэг болгох, засаглалын институтийг бэхжүүлэх ажлыг дэмжих, Палестины технократ байгууллага болон олон улсын тогтворжуулах хүчинтэй уялдан ажиллах юм. Энэ зорилго Трампын 2025 оны 10-р сард зарласан Газын Зурвасын төлөвлөгөөний хоёр дахь үе шаттай нийцэж байна. Энхтайвны Зөвлөл нь Газын Зурвасаас гадна Ойрх Дорнодоор хязгаарлагдахгүй, Украин, Венесуэлийн хямрал зэрэг бусад мөргөлдөөнийг хамарсан илүү том зөрчлийг шийдвэрлэх платформ болж ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгааг АНУ-ын албан тушаалтнууд мэдээлэв. Гэхдээ тус зөвлөлийн дүрэмд Газын Зурвасын талаар тодорхой дурдаагүй, харин "тогтвортой байдлыг дэмжих, найдвартай, хууль ёсны засаглалыг сэргээх, мөргөлдөөнд нэрвэгдсэн эсвэл заналхийлж буй бүс нутагт тогтвортой энх тайвныг хангана" гэж заасан байна.

 

Гол сорилтууд ба шүүмжлэл

 

Энхтайвны Зөвлөлийн бүтэц, ялангуяа нэг хүнд ногдуулсан тэнцвэргүй эрх мэдэл улс орнуудын санааг зовоож байна. Шүүмжлэгчид тус зөвлөлийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл болон бусад тогтсон олон талт байгууллагуудаас эрх мэдлийг шилжүүлэх оролдлого гэж үзэж байна. Зарим нь зөрчил, мөргөлдөөнийг шийдвэрлэх механизм гэхээсээ илүүтэйгээр Америкийн геополитикийн ашиг сонирхолд нийцүүлэн гэж үзэж буй. Байнгын гишүүнчлэлд 1 тэрбум ам.долларын хандив өгөх асуудал шүүмжлэл дагуулав. Жижиг, буурай орнуудыг гишүүнчлэлээс хасаж магадгүй бөгөөд санхүүжилтийн ил тод байдал, хариуцлага, тэдгээрийг хэрхэн хуваарилах талаар асуудал хөндөгдөж байна. Энэхүү "төлбөр төлөх" динамик нь энх тайвны байгууллагуудад ер бусын үзэгдэл бөгөөд өргөн хүрээний оролцоог сулруулж болзошгүй юм. Хятад, Орос, Европын Холбоо зэрэг дэлхийн гол тоглогчид одоогоор үүрэг хүлээгээгүй байгаа нь тус зөвлөлийн олон улс дахь хууль ёсны байдлыг  хязгаарлаж байна. Баруун Европын улс орнууд татгалзаж, эргэлзэж байгаа нь энхтайвны зөвлөл одоо байгаа НҮБ-ын механизмыг үгүйсгэж, олон улсын нэр хүндийг хүндрүүлнэ гэсэн эргэлзээ төрүүлж байна. Бусад нь Орос, Беларусь зэрэг улс орнуудын гишүүнчлэл нь Оросын Украинд хийж буй дайныг зогсоох дэлхийн хүчин чармайлтад хэрхэн нөлөөлөх, энх тайвныг бэхжүүлэхтэй холбоотой асуудлаар амжилттай хамтран ажиллах чадварт хэрхэн нөлөөлөх талаар санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Гэхдээ хамгийн гол нь Газын Зурвас дахь нөхцөл байдалд улс орнууд хамгийн их санаа зовж байна. Одоогоор Хамас бүлэглэл зэвсэг хураахыг бүрэн зөвшөөрөөгүй, хүмүүнлэгийн хямрал болон үргэлжилж буй мөргөлдөөнийг зогсооход саад учруулсаар байгаа тул Газын Зурвас дахь нөхцөл байдал тогтворгүй хэвээр байна. Энхтайвны зөвлөл амжилттай ажиллах эсэх нь орон нутгийн нарийн төвөгтэй динамикийн дунд бодлогоо бодит өөрчлөлт болгон хувиргахаас хамаарна.

 

Израилийн байр суурь

 

Израиль улс Энхтайвны Зөвлөлийг нөхцөлтэйгээр дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Тухайлбал, тус зөвлөлийг Хамас бүлэглэлийг бүрэн зэвсэггүй болгох, Газын Зурвасыг ирээдүйд дахин цэрэгжүүлэхээс урьдчилан сэргийлэх аюулгүй байдлын гол зорилгоо хэрэгжүүлэх хэрэгсэл гэж үзэж байна. Израилийн албан тушаалтнууд Газын Зурвасыг хянадаг аливаа олон улсын байгууллагын аюулгүй байдлын хэрэгжилтийг нэн тэргүүнд тавьж, зэвсэгт бүлэглэлүүд дахин хяналт тогтоохгүй байх баталгааг найдвартай хангах ёстой гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ Израиль улс Турк, Катар улсуудыг Энхтайвны Зөвлөлийн Гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүнд оролцуулах магадлалтай холбоотойгоор эрс эсэргүүцэл илэрхийлжээ. Эдгээр улсыг Хамас бүлэглэлтэй улс төр, санхүүгийн нягт харилцаатайн дээр харилцаа холбооны сувгуудыг хадгалж байгаа  гэж Израилийн тал үздэг. Иймээс тэдгээр улс Израиль-Палестины зөрчилд төвийг сахисан байр суурь баримтлах, цэрэггүй болгох, дайны дараа тогтвортой байдал тогтооход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх эсэхэд Израилийн тал эргэлзэж байгаа юм.

 

Дүгнэлт

 

Энхтайвны Зөвлөл нь олон улсын энх тайвны институтийн шинэ загварыг бий болгож,  уламжлалт дипломат харилцааны элементүүдийг АНУ-ын удирдлаган дор төвлөрсөн засаглалын арга барилтай хослуулж ажиллах бололтой. Энэхүү Зөвлөл нь дэлхийн мөргөлдөөнийг зогсоох, хөндлөнгийн шууд, хамтын шийдвэр гаргалтыг дэмжих, уламжлалт олон талт дипломат форматаас татгалзах чигтэй АНУ-ын тэргүүлсэн хамгийн сүүлийн үеийн платформ болж байна. Энхтайвны Зөвлөлийн ирээдүйн нөлөө нь Хамас бүлэглэлийг зэвсэггүй болгох гэх мэт томоохон сорилтууд арилахад бэрх хэвээр байгаа Газын Зурваст хэрхэн амжилттай ажиллах, мөн энх тайвныг бэхжүүлэх энэхүү шинэ байгууллагыг дэмжихэд дэлхийн гол тоглогчдыг татаж чадах эсэхээс ихээхэн хамаарна.

Эх сурвалж: https://www.steptoe.com/en/news-publications/stepwise-risk-outlook/the-newly-established-board-of-peace-will-it-work-on-the-ground.html

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 22 (7764)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn