АНУ-ын Нью-Йорк хотын ЛаГуардиа нисэх буудалд 2026 оны гуравдугаар сарын 22-нд зорчигч тээврийн онгоц гал унтраах автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарч, хоёр нисгэгч амь үрэгдэж, олон хүн бэртсэн байна.
Канадын “Air Canada Express”-ийн 8646 дугаар нислэг Монреаль хотоос нисэж ирэх үедээ буух зурваст явж байсан гал унтраах машинтай мөргөлджээ. Ослын улмаас онгоцны урд хэсэг ноцтой эвдэрч, нисгэгч болон туслах нисгэгч газар дээрээ амиа алдсан байна.
Нийт 76 хүнтэй (72 зорчигч, 4 багийн гишүүн) уг нислэгийн 41 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс заримынх нь биеийн байдал хүнд байгаа аж.
Онгоцны үйлчлэгч суудалтайгаа хамт шидэгдсэн ч амьд үлджээ
Ослын үеэр онгоцны үйлчлэгч Соланж Тремблей нь хамгаалалтын бүсээ зүүсэн байдалтай суудал дээрээ сууж байсан бөгөөд мөргөлдөөний хүчээр онгоцноос шидэгдсэн байна. Тэрээр суудалтайгаа хамт 100 орчим метр хол зайд унасан ч амьд үлдсэн нь “гайхамшиг” гэж үзэгдэж байна.
Тэрбээр олон гэмтэл, тухайлбал хөлөө хугалсан боловч амьд үлдсэн нь нисэх багийн зориулалтын “jump seat” буюу хамгаалалт сайтай суудалтай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Ослын шалтгааныг шалгаж байна
Анхны мэдээллээр, гал унтраах машин өөр нэг онгоцны дуудлагад очихоор буух зурвас хөндлөн гарч байх үед осол болсон байна. Мөн агаарын хөдөлгөөний удирдлагын зөвшөөрөл, харилцаанд алдаа гарсан байж болзошгүй талаар шинжээчид үзэж байгаа юм.
Ослын дараа ЛаГуардиа нисэх буудлыг түр хугацаанд хааж, АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл (NTSB) болон Канадын тал хамтран мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Эх сурвалж: zms.mn