Амьдралынхаа ихэнх хугацааг гудамжинд өнгөрөөсөн Камбек бараг бүх хотуудаар аялжээ

Монголын иргэн 77 настай орон гэргүй Камбекийн тухай түүх Нижний Новгород хот даяар шуугиан тарьж байна. Түүний нэр алдартай телевизийн олон ангит кинотой ижил төстэй байгаа нь төдийгүй тэр хүн өөрөө ч олны анхаарлыг татсан юм. Амьдралынхаа ихэнх хугацааг гудамжинд өнгөрөөсөн тэрээр бараг бүх хотоор аялсан. Хот бүрт Камбек хувийн өдрийн тэмдэглэл үлдээсэн бөгөөд хэрэв олдвол аялал жуулчлалын өвөрмөц маршрутыг бий болгоход ашиглаж болно. КП-Нижний Новгородын сурвалжлагч чөлөөт сэтгэлгээтэй нүүдэлчинтэй ярилцаж, түүний адал явдалт  түүх хэрхэн эхэлснийг олж мэджээ.

Өнөөдөр өөрийгөө залхуу гэж тодорхойлсон аялагч цэвэрхэн өмд, дулаан цагаан ноосон цамц, шинэхэн үс засалт, цэвэрхэн царайтай харагдана. Түүний нарийхан гарт нь өөр хаана ч байхгүй бололтой асар том хар цаг, өөрт тохирох бөгжтэй. Түүний гар дээр "өнчин" гэсэн бүдэг шивээс харагдах бөгөөд энэ бүхэн хаанаас эхэлснийг сануулах мэт.

Камбек хэдхэн сарын өмнө урт буурал сахалтай, тааруухан халтар өмдтэй, олон давхарлаж  өмссөн хүрэмтэй байв. Дулаахан байрны оронд овоохой, хогийн саванд хаясан гудас байв. Багаасаа тэнүүчилж явсан хүн ийм л амьдралд дасчээ.

Түүнийг Нижний Новгородын гудамжнаас олоход ийм байдалтай байжээ. Фото:Нижний Новгород мужийн Хүний эрхийн байгууллагын хэвлэлийн алба.

Камбек Монголд төрсөн нь, түүний ер бусын дүр төрх төдийгүй нүүдэлчин амьдралын хэв маягт дуртайг нь тайлбарлаж болох юм. Хоёр настайдаа тэрээр ээж, эгчтэйгээ хамт Урал руу нүүжээ. Хэрвээ таван настайдаа төөрчихөөгүй бол түүний амьдрал өөр байх байв. Бяцхан хүү гэртээ харих замаа олж чадаагүй бөгөөд сайхан сэтгэлт хүмүүс түүнийг асрамжийн газарт хүргэж өгсөн тул 16 нас хүртлээ тэнд байжээ.

Асрамжийн газраас гарсны дараа ер бусын нэртэй хүү тракторын жолоочийн туслахаар ажилд орсон ч жил хагасын дараа Самара руу нүүж, амьдралынхаа хайртай учрав. Тэрээр дагавар хүүгээ өөрийн мэт хайрлан, удахгүй охинтой болох гээд их л аз жаргалтай амьдарч байв. Богинхон ч гэсэн амьдралых нь хамгийн аз жаргалтай үе байж. Гэвч бүх зүйл хоромхон зуур өөрчлөгдөв.

 

Бичиг баримтыг нь сэргээж өгчээ

“Бид тухайн үед амины орон сууцанд амьдарч, зуухаа нүүрсээр галладаг байсан. Эхнэр хүүхдүүд маань угаартсан байсан” гэж тэр өдрийг Камбек дурсав. “Тэр орой би ажлаасаа гэртээ ирсэн боловч хэн ч хаалга онгойлгоогүй. Би цонх хагалж ороод бүх зүйлийг ойлгосон” гэж ярьжээ.

Одоо тэр үүнийг амьдралынхаа үе шат гэж ярьдаг. Гэвч тавь гаруй жилийн өмнө түүний ертөнц сүйрч, гэр бүл, орон гэр, амьдралын зорилго гээд бүх зүйлээ алдсан. Энэ эмгэнэлт явдал Камбекийн тэнүүчлэн амьдрах эхлэлийг тавьсан юм. Казахстаныг зорьж, тэнд ажиллаж, эрүүл саруул амьдрахыг хичээсэн ч хөдөлмөр нь түүнд их мөнгө авчирсангүй. Тэр эсгийний үйлдвэрт ачигч хийдэг байв. Бага орлоготой байсан тул дамар синтетик утас хулгайлж, Киргизэд 100 рублиэр зарж эхэлжээ. Тэр үед энэ нь их мөнгө байжээ. Камбек үйлдвэрээс халагдаж, аялахаар мордлоо. Тэрээр Ази тивийн хагасыг туулж, Балтийн орнуудад зочилж, дараа нь гадаадад аялах зорилго тавьсан байна.

Польш руу явахаар Минск хотод галт тэргэнд суув. Тасалбаргүй, тээшний хайрцагт нуугдаж байсан түүнийг Брестэд  галт тэрэгнээс буулгажээ. Казахстан руу буцаж ирээд шоронд хийсэн.

 

Камбек торны цаанаас өдрийн тэмдэглэл хөтөлж эхэлсэн юм. Тэрээр эргэн тойронд болсон бүх зүйлийг цаасан дээр буулгасан. Гоё бичиж чаддаггүйдээ биш, камерын найзууддаа тэмдэглэлийг уншуулахыг хүсээгүйдээ л гаргацгүй бичдэг байсан. Эрх чөлөөний аяллаа үргэлжлүүлэхдээ дурсамжаа орхисонгүй. Энэ нь түүнд цаг нөхцөөхөд хэрэгтэй байв.

“Цүнх дүүрэн янз бүрийн бугуйн цаг үүрээд гол руу явж сэлж байснаа санаж байна. Нэг хүн над дээр ирээд онгойлгоод үзээд япон цаг зүүж үзчихээд тайлдаггүй. Би түүнийг худалдаж авахыг хүсч байна гэж бодсон ч тэр миний толгой руу чулуугаар цохисон. Би цаг, цүнхгүй, зөвхөн дотуур хувцастайгаа сэрсэн”.

Камбек хот болгонд өдрийн тэмдэглэл бичдэг байв

Камбек энэ болон бусад түүхийг өдрийн тэмдэглэлдээ тэмдэглэж, тэр болгоныгоо тухайн хотууддаа нуугаад явдаг байжээ. Хүсэл эрмэлзэл, азаар аялагчид түүний түүхийг олох боломжтой. Хэдэн сарын турш хот болгоноор тэнүүчилж, уйдахаараа цааш хөдөлсөн. Энэ нь түүнийг Нижний Новгородод ирэх хүртэл үргэлжилж байв. Тэрээр энд Екатеринатай уулзав. Тэр бол Камбекийг өлсгөлөн, даарсан амьдралаас аварсан хүн юм. Эхлээд тэр түүнд хоол хүнс, мөнгөөр ​​тусалсан бөгөөд дараа нь түүнийг төвд хүргэж өгсөн.

“Гудамжинд амьдардаг хүн юу мөрөөддөг вэ? Мэдээжийн хэрэг өөрсдийн гэсэн гэр. Камбек энэ мөрөөдлөө олон жил нандигнаж ирсэн. Миний мөрөөдөл хэзээ ч биелдэггүй. Би саяыг хожвол орон гэргүй байхаа болих байх. Би байшин худалдаж аваад гадаа ногоо тарьж, амар тайван амьдарна" гэж Камбек ярив. "Заримдаа сугалааны тасалбар худалдаж аваад "Аз таарвал яах вэ" гэж боддог. Гэхдээ би зөвхөн 100 рубль хождог.

"Шийдлийн төлөө" нөхөн сэргээх төвд Камбек шиг олон хүн бий. Хүн бүр өөрийн гэсэн түүхтэй, өөрийн гэсэн замтай. Гудамжинд амьдардаг хүмүүс гудамжинд төрдөггүй бөгөөд тус төвд хоргодож байсан хүмүүсийн олонх нь гэр бүл, гэр орон, ажил төрөл, ирээдүйн тухай том төлөвлөгөөтэй байсан. Гэвч энэ бүхэн нь хормын дотор тасарчээ. Гэхдээ Камбек шиг бараг бүх хотоор аялж, амьдралынхаа ихэнх хугацааг тэнэмэл байдлаар өнгөрөөсөн хүн байхгүй.

Тус төв нь ижил төстэй нөхцөл байдалд байгаа хүмүүст амьдралаа шинээр эхлүүлэх сайхан боломжийг олгодог. Үүнд орон байр, хоол унд төдийгүй хэрэгжих боломжтой ажил, нийгэмшүүлэх зэрэг багтана. Эдгээр хүмүүс хөл дээрээ бостол төвд байж болох ч зарим нь хуучин амьдралдаа эргэн ордог. Камбек төвдөө удаан үлдэх үү, цаг агаар дулаармагц тэнүүчлэн явах уу гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Түүнээс бүрэн шалтгаална.

Эх сурвалж: zms.mn

Орчуулсан З.Батцэцэг