Хүйтэн сэрүүний улирлыг дагаад ханиад томууны дэгдэлт нэмэгддэг. Үүнээс үүдэн эмнэлгийн ачаалал нэмэгдэхээс эхлээд гарах хүндрэлүүд их. Үүний нэг жишээ бол улаанбурхан, улаанууд өвчин юм. ЭМЯ-ны өгч буй мэдээллээр өдөр бүр шинээр гарч буй батлагдсан тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар батлагдсан нийт 22 тохиолдол бүртгэгджээ. Үүний найм нь нийслэлд, 14 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Энэтхэгт үйлдвэрлэсэн вакциныг дархлаажуулалтад хэрэглэж байна
Улаанбурхан, улаанууд өвчний дэгдэлтийн 343 дахь өдрийн байдлаар батлагдсан нийт тохиолдол 13.989, үүний 11.455 нь нийслэлд, орон нутагт 2529 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас баржээ. Түүнчлэн 10–15 настай хүүхдүүдийн дунд улаанбурханы өвчлөл хамгийн өндөр байгаа тул заавал нэмэлт дархлаажуулалтад хамруулж, дэгдэлтийг таслан зогсоох шаардлагатай байна. Тиймээс улсын хэмжээнд улаанбурхан, улаануудын нэмэлт дархлаажуулалтыг нэгдүгээр сарын 23-наас эхлүүлсэн бөгөөд хоёрдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Дархлаажуулалтад 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах боломжтой.
Дархлаажуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, сум, өрхийн эрүүл мэндийн төв, салбар амбулатори, дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетэд хийж байна.
Дархлаажуулалтад дэлхийн 170 гаруй улс, оронд хэрэглэгддэг, Энэтхэг улсын “Серум Институт” үйлдвэрт үйлдвэрлэгдсэн вакциныг хэрэглэж байгаа аж. Уг вакцин нь Энэтхэг Улсын "Серум Институт"-д үйлдвэрлэгдсэн бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол Улсын холбогдох шаардлагыг бүрэн хангасан аюулгүй, чанарын баталгаатай гэдгийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэллээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тиймээс таны хүүхэд 9 сартай ба 2 настай бол өөрт хамгийн ойр байрлах өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурхан, гахай хавдар, улаанууд өвчнөөс хамгаалах вакциныг хийлгэж, хайртай үрсээ, халдвараас хамгаалаарай. Мөн улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломж бидний гарт бий.
Нэг өвчтөн 12–18 дархлаагүй хүнд халдвар тараах чадвартай
Улаанбурхан нь хамгийн өндөр халдварлах чадвартай халдварт өвчнүүдийн нэг юм. Хэрэв хүн улаанбурханы эсрэг дархлаагүй, вакцин хийлгээгүй, эсвэл өмнө нь өвдөж байгаагүй бол улаанбурханаар өвчилсөн хүнтэй ойрхон зөрөөд өнгөрөхөд ч халдвар авах боломжтой байдаг аж. Өвчтөнөөс ялгарсан вирус нь агаарт хоёр цаг хүртэл хадгалагдаж, тухайн орчинд орсон дархлаагүй хүнийг халдварлуулдаг байна. Өөрөөр хэлбэл, нэг өрөөнд хамт байгаагүй, гар бариагүй, ярилцаагүй байсан ч дархлаагүй бол улаанбурханы халдвар авах эрсдэл маш өндөр гэсэн үг. Түүнчлэн нэг өвчтөн 12–18 дархлаагүй хүнд халдвар тараах чадвартай байдаг гэсэн судалгаа бий. Дархлаагүй нярай, жирэмсэн эмэгтэй, архаг өвчтэй хүмүүс хамгийн их эрсдэлтэй. Улаанбурхан өвчин нь хүндэрвэл уушгины хатгалгаа, чихний үрэвсэл, суулгалт, тархины үрэвсэл, зарим тохиолдолд амь насанд хүрэх аюултай гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Тиймээс улаанбурханаас хамгаалах цорын ганц найдвартай арга нь вакцин. Хүн амын ихэнх нь 95 хувийн дархлаатай байж байж халдварын тархалт зогсох боломжтой аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 18 (7760)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn