2024 онд байгуулагдсан баруун өмнөд Хятадын CHRIC төв 30 гаруй технологи бүтээж, роботын хөдөлмөрийн бирж нээжээ. Сычуань мужийн төв гэдэг утгаараа Чэндү хот эгдүүтэй хөөрхөн панда, хэл ам дарвигнуулсан халуун ногоотой хоолоороо эртнээс алдартай. Харин өнөөдөр энэ хот Хятадын хиймэл оюун ухааны шинэ төв болжээ. Үүний нотолгоо нь бидний зочилсон Chengdu Humanoid Robot Innovation Center /CHRIC/ байв. Синхуа агентлагийн мэдээлснээр CHRIC нь 2024 онд байгуулагдсан бөгөөд Чэнду хотыг роботын гол төв болгох амбицийн илэрхийлэл болж байгаа юм. Тус төвийн захирал Жан Рүйрүй хэлэхдээ үйлдвэрийн робот биш, "роботын "тархи" бүтээхэд төвлөрч буй гэдгээ онцолж байжээ. Өчигдөр энэ төвд зочилж амбийцтай зорилгынх нь бодит байдлын заримтай танилцах боломж олдов.

Танилцуулгад дурдсанаар 2024 оны эхэн буюу үүд хаалгаа нээсэн цагаасаа хойш тус төв дэлхийд тэргүүлэх 30 гаруй технологи бүтээжээ. Үүнд Хятадын анхны diffusion architecture дээр суурилсан өндөр хурдны inference model багтаж байна. Өөрөөр хэлбэл, робот урьдчилан программчлагдсан заавраар биш, өөрөө сэтгэж, ойлгож, шийдвэр гаргадаг болох технологийг хөгжүүлж байна гэсэн үг. Өнгөрсөн 2024 оны 12 дугаар сарын 27-нд тус төв анхны хүн дүрст 7 роботоо танилцуулсан нь Хятадын технологийн салбарт том үйл явдал болжээ. Манай сэтгүүлчдийн багийнхны сонирхлыг хамгийн ихээр татсан хэсэг нь "Роботын дата цуглуулах бүс" байв. Нэг өрөөнд төмөр араг яс шиг роботыг дээрээс дүүжлээд зогсоочихож. Хажуугийн том дэлгэц дээр түүнд зориулсан зааврыг харуулж байв. Дэлгэц дээрх зааврыг монголоор орчуулбал, "Би буйдан дээр сууж байна, цагаан ширээн дээрх ундааг надад авчраад өг. Хар ширээн дээрх рашааны савыг хогийн сав руу хая" гэжээ. Робот эдгээр зааврыг сонсоод, өөрөө төлөвлөж хийх ёстой. Энэ бол Embodied AI хүн дүрст хиймэл оюун ухааны сургалт. Роботууд өдөржин гэр, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө гэсэн бодит орчинд ийм даалгавруудыг давтаж, энэ үйлдэлд тархиа сургадаг юм байна. Харин нөгөө танхимд бүр ч сонин явдал болж байв. Дэлгэц дээр "Дэлхийд анхны RuiLi роботын тендер зарлах платформ албан ёсоор ажиллаж эхэллээ" гэж бичжээ.

Хайрга, элс модон саванд дэвссэн шалгалтын талбайн голд 4 жижиг робот жагссан байв. Нэг нь панда толгойтой, нөгөө гурав нь Сычуаны алдарт нүүр хувиргах урлагийн багтай. Энэхүү платформын учир нь тун энгийн аж. Эмнэлгээс "Манайд ариутгал хийдэг робот хэрэгтэй" гэж захиалга өгнө. Роботын компани "Ийм чадвартай робот байна" гээд санал болгоно. RuiLi систем нь захиалагч болон гүйцэтгэгчийг холбож тендер зарладаг. Энэ бол роботын хөдөлмөрийн бирж юм. Өмнө нь гэрийн нөхцөлд ус зөөж сурч байсан робот энд шалгалт өгч, тэнцвэл эмнэлэг, асрамжийн газарт ажиллахаар болно гэсэн үг. Тус төвийн хаалган дээрх "Make the ridiculous real” буюу “Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" гэсэн уриа нь энэ бүхнийг хамгийн сайн илэрхийлж байв. Өөрөөр хэлбэл, гурван жилийн өмнө инээдэмтэй санагдаж байсан бүжиглэдэг, ус зөөдөг робот өнөөдөр Чэндуд хэдийнэ хэн ч гайхахааргүй бодит зүйл болсон байна.