“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн хэрэгжүүлдэг “Говийн оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөр 2026-2027 хичээлийн жилийн тэтгэлэгт хамрагдах болзол хангасан оюутнууддаа тэтгэлгийн батламжийг нь гардууллаа.
2016 оноос эхлэн 11 дэх жилдээ хэрэгжиж буй энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн энэ хичээлийн жилийн тэтгэлгийн батламж гардуулах ёслол 2026.09.09-ний өдөр Өмнөговь аймагт болж Сангийн Удирдах зөвлөл, Харилцааны хорооны гишүүд оролцон тус аймгийн 79 шилдэг оюутанд сургалтын бүрэн тэтгэлгийн батламж гардууллаа.
Уг хөтөлбөр нь Өмнөговь аймагт нэн хэрэгцээтэй байгаа төрөл мэргэжлийн багш, эмч, эмнэлгийн ажилтан, инженер техникийн мэргэжилтэн зэрэг тус аймгийн ЗДТГ-аас санал болгосон 9 чиглэлийн 40 орчим төрлийн мэргэжлээр дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангид 3.2-оос дээш голч дүнтэй суралцаж буй оюутнуудад сургалтын бүрэн тэтгэлэг, өвлийн амралтаар орон нутагтаа ирж, буцах унааны зардлыг олгодог.
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 11 жилийн хугацаанд давхардсан тоогоор нийт 841 оюутанд 3 тэрбум гаруй төгрөгийг сургалтын бүрэн тэтгэлэг олгосон байна.
Энэхүү тэтгэлгийн давуу тал нь тухайн оюутан 3.2 буюу түүнээс дээш голч дүнтэй амжилттай суралцсан тохиолдолд тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээг сунгаж, сургуулиа төгсөх хүртэлх сургалтын төлбөрийг нь сангаас төлдөг. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын 85% нь орон нутагтаа эргэн ирж ажиллаж байгаа нь орон нутгийн хүний нөөцийн бүрдүүлэлтэд томоохон хувь нэмэр оруулж байгаа юм.
“Оюу толгой” компани нь 2015.04.22-ны өдөр Өмнөговь аймаг, тус аймгийн Ханбогд сумтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” ТББ-ыг мөн оны 9 сард байгуулсан. Хамтын ажиллагааны гэрээний дагуу “Оюу толгой” компани жил бүр 5 сая ам.доллартой тэнцэх төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус сангаар дамжуулан Өмнөговь аймгийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралыг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулж байна.
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь нийт 191.1 тэрбум төгрөгөөр 600 гаруй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж, үүнээс боловсролын салбарт 63.7 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж, тавилга хэрэгслээр бүрэн тохижуулсан ерөнхий боловсролын сургуулийн 2 барилга, хүүхдийн цэцэрлэгийн 8 барилга, тэдгээрийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах төслүүдийг санхүүжүүлсэн.
Сургууль цэцэрлэгийн барилга байгууламж зэрэг нийгмийн дэд бүтцийн төслүүдээс гадна багш, сурган хүмүүжүүлэгчдийн ур чадварыг хөгжүүлэх, сургалтын орчин нөхцөл сайжруулахад чиглэсэн хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг бөгөөд тухайлбал 5 жилийн хугацаанд 5 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр “Боловсрол- Өмнөговь” хөтөлбөрийг 3 дахь жилдээ Өмнөговь аймгийн ЗДТГ, тус аймгийн Боловсролын газартай хамтран амжилттай хэрэгжүүлж байна.
Эрхэм баян-Эрдэм ном
Итгэлцэлд суурилсан сайхан ирээдүйг Өмнөговьд бид хамтдаа бүтээнэ.

“ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН”
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 171 (7913)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn