Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн баг БНХАУ-ын Сычуань мужийн Чэндү хотын Чинбайжян дүүрэгт байрлах Чэндүгийн олон улсын төмөр замын боомтын үйл ажиллагааг өнөөдөр /2026.9.11/ үзэж сонирхлоо.
Чэндү–Европын олон улсын буухиа галт тэрэгний эхлэх гол цэгүүдийн нэг болох тус боомт нь төмөр замын тээвэр, гааль, логистик, агуулах, үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлсэн томоохон хуурай боомт юм. Чэндүг төв болгосон тээврийн сүлжээ баруун тийш Европ, хойд зүгт Монгол, Орос, зүүн тийш Япон, БНСУ, өмнө зүгт АСЕАН-ы орнуудтай холбогддог байна. Өдгөө тус сүлжээ БНХАУ болон гадаадын олон зуун хотыг холбож, олон улсын логистикийн томоохон зангилааны нэг болжээ.
Өртөөнөөс эдийн засгийн бүс хүртэл

Чэндүгийн олон улсын төмөр замын боомтын бүтээн байгуулалт 2008 онд эхэлсэн байна. Улмаар 2013 оны дөрөвдүгээр сарын 26-нд Чэндү-Европын чиглэлийн анхны “Ронг-Оу” буухиа галт тэрэг хөдөлснөөр олон улсын тээврийн хөгжлийн шинэ үе эхэлжээ. 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нд Сычуань мужийн Чөлөөт худалдааны туршилтын бүсийн Чэндүгийн Чинбайжян төмөр замын боомтын хэсгийг албан ёсоор байгуулсан байна. Мөн 2020 онд Сычуань мужийн Засгийн газар тус боомтыг түшиглэсэн эдийн засгийн хөгжлийн бүс байгуулахыг зөвшөөрчээ. Уг бүсийг боомт түшиглэсэн үйлдвэрлэл, дэвшилтэт материал, олон улсын худалдаа, логистикийн чиглэлээр хөгжүүлж байна.
“Ухаалаг боомт”-ын тогтолцоог нэвтрүүлжээ

Боомтын үйл ажиллагаанд “Ухаалаг боомт” системийг нэвтрүүлж, төмөр зам, гааль болон боомтын байгууллагуудын мэдээлэл солилцоог нэгтгэжээ. Чингэлгийн талбай, гаалийн хяналт, төмөр замын хөдөлгөөнийг камер болон мэдээллийн системээр хянадаг байна. Мэдээллийн нэгдсэн уялдаа нь ачаа тээврийн үйл ажиллагааг түргэсгэж, логистикийн нийт зардлыг бууруулах ач холбогдолтойг боомтын төлөөлөгчид онцоллоо. Түүнчлэн төмөр зам, авто зам, далайн тээврийг нэг сүлжээнд холбох олон төрлийн тээврийн “нэг бичгийн тогтолцоо”-г хөгжүүлж байна. Ингэснээр тээврийн хэрэгсэл, маршрут солигдсон ч ачаа, мэдээлэл, баримт бичгийн урсгалыг уялдуулан зохион байгуулах боломж бүрджээ. Чэндүгийн олон улсын төмөр замын үйлчилгээний платформоор дамжуулан тээврийн онлайн захиалга, олон төрлийн тээвэр болон нийлүүлэлтийн сүлжээний нэгдсэн үйлчилгээг үзүүлдэг байна.
Замын-Үүд олон улсын сүлжээнд багтжээ
Боомтын үзэсгэлэнгийн танхимд байрлуулсан олон улсын тээврийн сүлжээний жагсаалтад Монгол Улсын Замын-Үүд багтсан нь сэтгүүлчдийн анхаарлыг татлаа.
Танилцуулгын мэдээллээр Чэндугийн хойд чиглэлийн тээврийн коридор Монгол, Оростой холбогддог байна. Ийнхүү Чэндүгийн боомт Европ, Монгол–Орос, Япон–БНСУ болон АСЕАН-ы чиглэлийг холбосон олон улсын сүлжээг бүрдүүлжээ. Тус боомт сүүлийн жилүүдэд Аргентин, Беларусь, Гүрж зэрэг улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үндэсний павильон болон Евразийн тээврийн коридортой холбоотой арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна. Чэндүгийн олон улсын төмөр замын боомт нь өдгөө зөвхөн ачаа ачих, буулгах талбай бус, төмөр замын сүлжээ, гааль, агуулах, үйлдвэрлэл, худалдаа, технологи, мэдээллийн системийг нэгтгэсэн эдийн засгийн цогц бүс болон хөгжжээ. 2008 онд эхэлсэн бүтээн байгуулалтын үр дүнд Чэнду хот олон улсын төмөр замын томоохон сүлжээнд холбогдож, Монголын Замын-Үүдийг хүртэл хамарсан өргөн хүрээний тээвэр, логистикийн зангилаа болсон байна.