Ч.БЯМБАА
Гэрэл зургийг Р.ОЮУН
Монголын ахмадын холбооноос тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд Цагаан сараас өмнө тэтгэврийн доод хэмжээг нэг сая 500 мянган төгрөгт хүргэхийг шаардаж байгаа юм. Уг шаардлагыг 2025 есдүгээр сарын 25-нд Монголын Ахмадын Холбооноос төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн ч одоог хүртэл тодорхой шийдвэр гаргахгүй байна гэв. Энэ талаар ахмадуудын төлөөлөл А.Туваандорж "Бид дахин шаардлага хүргүүлж, хатуу сануулга өгч байна. Үнийн өсөлт давамгайлсан, инфляц нэмэгдсэн. Өнгөрсөн онд гэхэд 150 мянган төгрөгөөр авдаг байсан ууцыг өнөөдөр 500 мянган төгрөгт авч хүрэхгүй байна. Бидний тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байна. Тиймээс тэтгэвэр нэмэх эсвэл инфляцийг бууруулж өгөхийг шаардаж байна. Яаж биднийг Цагаан сарын баярыг тэмдэглэ гэж байгаа юм бэ. Өндөр үнэтэй эм, хүнсний хэрэглээг бид ярихгүй байгаа. Үр хүүхэдтэйгээ, боломжтой нөхцөлд монгол ёс уламжлалынхаа дагуу Цагаан сараа тэмдэглэхийг хүсэж байна " гэв. Ахмадуудын төлөөлөл тавьсан шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэв.
Эх сурвалж: zms.mn