Таван тивийн шилдэг тамирчид чуулсан “Парис-2024” зуны паралимпын олимпод Монгол Улсын далбаа мандаж, төрийн дуулал эгшиглэж байсан үе саяхан. 20 гаруйхан настай, хонгорхон зүстэй монгол охин тамирчин бүрийн мөрөөдөл болох олимпын наадмын оргилд нь хүрч монголын паралимпын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн билээ. Ингэснээр паралимпын наадмаас алтан медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин болж тав дахь медалийг эх орондоо авчирсан юм. Түүгээр Монголын ард түмэн бахархаж, омогшиж байв. Баруун хязгаарын жижигхэн зааланд анх таеквондогийн спорттой танилцаж байсан тэр охин одоо эх орноороо овоглосон дэлхийн тамирчин болсон. Мөн таеквондогийн спортоор түүчээлсэн түүний амжилтаас дурдвал, 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медалийг хослуулж, “Ханжоу-2023” Азийн наадмын мөнгөн медаль хүртсэн билээ. Одоо тэрээр дараагийн олимпын наадамд амжилтаа бататгаж буухиагаа үргэлжлүүлэхээр өдөр бүрийнхээ бэлтгэлд шамдаж байна. Ийнхүү “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Төрийн хишигтэн” буландаа Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, шигшээ багийн тамирчин У.Сүрэнжавыг урьж ярилцсанаа хүргэе.
-Хүний авьяас билэг, аз хийморийг төрсөн нутаг усных нь уул, уулс үргэлж ивээж, түшиж явдаг гэдэг. Та хувилгаадын өлгий нутаг, Отгонтэнгэр хайрхнаараа овоглосон Завхан аймгийн уугуул. Хэзээ сүүлд нутагтаа очив?
-Тэгэлгүй яах вэ. Хутагт хувилгаадын өлгий, уул ус тэгширсэн сайхан нутаг, Отгонтэнгэр хайрхандаа, аав ээждээ үргэлж залбирч явдаг. Ер нь сүсэг бишрэл ихтэй. Өнгөрсөн оны есдүгээр сард Завхан аймгийнхаа Отгонтэнгэр хайрханд очиж залбирч, мөргөөд ирсэн. Хамгийн сайхан зүйлийг бодож, хүсэж, мөрөөдөж Отгонтэнгэр хайрхандаа очиж мөргөж, залбирдаг.
Аав ээж минь ч гэсэн охиндоо хамгийн сайхан бүхнийг хүсэж, ээж минь өглөө, орой бүр сүү, цайныхаа дээжийг өргөдөг дөө.
-Ярилцлагаа таеквондогийн спортоор хичээллэж эхэлсэн дурсамжаар нь үргэлжлүүлье?
-Анх таеквондогийн спорттой танилцаж байсан жижигхэн заал сэтгэлд минь уяатай явдаг. Хивсэн дээр хэдэн хүүхэд тойроод суучихсан бэлтгэлээ хийдэг байлаа. Таеквондогийн спортоор 2017 онд арван хоёрдугаар ангиа төгсөх жилээ Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Ядамсүрэн багшийнхаа удирдлага дор хичээллэж эхэлсэн. Долоон хоногийн дараа аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хоёр алтан медаль хүртсэн. Тэр үед “Би медаль авч чадах юм байна шүү дээ” гэсэн урам авч байлаа. Тэгээд Завхан аймгийн Улиастай хотын н.Будхүү багш дээрээ очиж бэлтгэл сургуулилтаа хийж байгаад, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож дахиад алтан медаль авсан. Тэр үе их гоё санагдаж, илүү их хичээх урам авч байлаа.
Тэгээд сургуулиа төгсөж 2018 онд Улаанбаатар хотод ирээд н.Отгонбаатар багшийн удирдлагад пара таеквондогоор хичээллэж эхэлсэн. Таеквондогийн спорт олон улсын, олимпын гэсэн хоёр төрөлтэй. Би олон улсын таеквондогоор сууриа тавьсан. Оюутан болоод олимпын таеквондогоор хичээллэж эхлээд “Энэ миний спорт мөн байна” гэдгийг ойлгосон. н.Отгонбаатар багш маань хүнтэй танилцуулахдаа “Алив Сүрэн наашир. Манай олимпын аварга, гавьяат тамирчин болох хүүхэд байгаа юм” гэж ярьдаг байсан. Багшийнхаа амны билгээр олимпын аварга болоод төрийнхөө өндөр дээд цолыг хүртсэндээ баяртай байдаг. Харамсалтай нь багш маань бурхны оронд очсон. Бурхнаас намайг харж байгаа байх. Таеквондогийн спортын суурийг тавьж, үнэтэй зөвлөгөөг өгч өнөөдрийн намайг бүтээсэн багш нартаа үргэлж баярлаж, талархаж явдаг.
-Энэ спортоор тууштай хичээллэж, амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгоход юу нөлөөлөв?
-Дотор хүн маань шартай, хөдөлгөөнтэй учраас таеквондогийн спорттой нийцсэн байх. Мөн аав ээж, баг хамт олон, багш нар, ах эгч, дүү нарын маань урмын үг өнөөдрийн өөрийгөө бүтээхэд, таеквондогийн спортоор тууштай хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн.
Багш, хамт олон маань “Болж байна шүү дээ Сүрэн. Чи чадна. Сайн байна” гэдэг байсан. Надад ингэж итгэж байхад илүү их хичээх итгэл төрж, урмаар тэтгэгдэж, гоё энергийг авдаг юм билээ. Тэр бүрд таеквондогийн спортдоо илүү дурлаж, баг хамт олон дээрээ очихоор л аз жаргалтай болдог байлаа. Таеквондо бол хүндлэлийн спорт. Зааландаа орохдоо, тарахдаа ч гэсэн мэндэлдэг. Энэ бол хамгийн том хүндлэл юм. Жаахан стресстэй үед зааландаа очихоор тайван сайхан болдог доо.
Мөн медаль аваад ирэхэд аав ээж минь “Ямар мундаг юм бэ, баяр хүргэе. Миний охин мундаг шүү, илүү хичээгээрэй” гэсэн урмын үг бүхэн таеквондогийн спортоор тууштай хичээллэхэд нөлөөлсөн.
-Анх Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн. Олон улсын анхны тэмцээндээ медалийн тавцанд зогсох мэдрэмж ямар байв?
-Олимпын таеквондогоор хичээллэж эхлээд Азийн аваргад оролцохоор 2018 онд Вьетнам улсын Хошимин хот руу н.Отгонбаатар багштайгаа явж байсан. Эхний тойрогтоо АНУ-ын тамирчинг илт давуугаар ялж, хүрэл медалийн төлөө Туркийн тамирчинтай тулалдсан. Би тэр үед 49 килограммтай байсан ч 57-д тулалддаг байсан юм. Мэдээж жингийн зөрүүтэй учраас бярдуулах нь ойлгомжтой шүү дээ. Туркийн тамирчинд хожигдчихоод “Дараа таарахаараа заавал ялна” гэж бодсон. Тэгээд анхны олон улсын тэмцээний хүрэл медалийн тавцанд зогсож байхдаа маш их баярласан.
Азийн аваргад оролцоход аав ээж минь зардлыг энэ тэндээс босгоодявуулж байлаа. Аав маань “Миний охин амжилттай оролцоод ирээрэй” гэж захисан. Харин ээж маань бол шууд “Медаль аваад ирээрэй” л гэсэн дээ.
-Тамирчны ялалт, ялагдал амархан олддоггүй. Бэлтгэл, их хөдөлмөрийн үр дүнд ирдэг зүйл шүү дээ. Та ялалт, ялагдлыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Тамирчин хүн ялагдаж сурч байж ялах мэдрэмжийн амтыг илүү их мэдэрдэг. Би эхэндээ ялагдахаараа “Яагаад хожигдчихов” гэж бодохгүйгээр бухимддаг байсан. Харин олон тэмцээнд оролцоод тамирчны амьдралыг ойлгож, ялагдлаасаа илүү сургамж авдаг болсон. Ялагдсан бичлэгээ дахин дахин үзэж “Би юун дээр алдчихав. Энэ өшиглөлтийг хийхэд энэ тамирчин юу хийсэн байна. Яагаад оноо алдсан байна” гэдэгтээ төвлөрч, алдаан дээрээ суралцдаг болсон. Бас бичлэгээ багш, ах эгч нартаа үзүүлээд “Юуг буруу хийчхэв, яавал хожих байсан бэ” гэдгийг асууж, анализ хийдэг. Ер нь ялагдаж сурч байж ялалтыг сайхнаар хүлээж авдаг даа. Тамирчин хүн сэтгэлийн хаттай, сэтгэл зүй нь тогтвортой байх хэрэгтэй гэж боддог.
-Тэгвэл таны нь хувьд сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Сэтгэл зүйгээ тайван байлгах нь чухал. Хэдийгээр “Алтан медалийн тавцанд зогсоно” гэсэн зорилготой очиж байгаа ч гэсэн өмнөх тамирчнаа нэг нэгээр ялаад явахыг эрмэлздэг болсон. Тамирчин хүний сэтгэл зүй, ялалт, ялагдал бүхэн багш, дасгалжуулагч, баг хамт олон, гэр бүлтэй салшгүй холбоотой. Тиймээс тамирчин хүн багш нартайгаа зөвлөлдөж итгэж, ярилцдаг байх хэрэгтэй юм билээ. Э.Эрдэнэбаатар багш маань намайг нүднээс минь хараад мэддэг дээ. Би анхандаа нээх юмаа ярьдаггүй байсан. Бэлтгэлээ хийж чадахгүй болохоороо “Би яагаад чадахгүй байгаа юм бол” гэж стресддэг байлаа. Эрдэнэбаатар багш маань нэг удаа “Чи ярих хэрэгтэй. Юу нь болохгүй байна” гэж надтай зөвлөж ярьж байсан. Сүүлдээ би нээлттэй ярилцаж чаддаг болсон. Хүн ярилцах тусмаа дотор буглаж байгаа зүйлээ гаргадаг юм билээ. Багшдаа талархаж, багшийнхаа үгийг сайн сонсож, ярилцах хэрэгтэй гэж боддог. Багш надтай хамт байснаар би тэр дэвжээн дээр ялж байгаа юм шүү дээ. Миний харахгүй байгааг багш маань мэдэрч, тэр бүхнээс тактик боловсруулж надад хэлж байна гэсэн үг. Багшийн хэлсэн тактикийг би үйлдлээрээ үзүүлж байгаа юм. Нэг оноо илүү байх юм бол “За Сүрээн тайван байж байгаарай, одоо тэр өшиглөлтийг хий” гэх жишээний. Хэрвээ би сандарсан байвал “Тайван байгаарай” гэж хэлдэг. Тэр үед би “Сандраад, түргэдээд байгаа юм байна, хүлээж байя” гэж өөрийгөө хянадаг. Тэмцээний үед багшийн хэлж байгаа үг алт шиг үнэтэй санагддаг даа. Тиймээс багшийгаа сайн сонсох хэрэгтэй.
-Энэ хугацаанд шантрах үе байв уу?
-Шантрах үе олон байсан. Мэргэжлийн тамирчин болоод бэлтгэл сургуулилтаа хийгээд тэмцээн уралдаанд оролцоод явахад шантармаар, уйлмаар үе олон тохиодог. Сайн сайхан бүхнийг яриад байгаа боловч хэцүү зүйлүүд, сэтгэл зүйн хувьд хүнд цаг хугацаа байдаг ч сайхан нь олон гэж боддог. Ядрах, шантрах үед багш дасгалжуулагч, баг хамт олон, гэр бүлийнхэн маань миний ард бат зогсож байдаг.
Эхэндээ “Би угаасаа чадахгүй юм байна” гэж боддог байлаа. Тэр үед багш, дасгалжуулагч, баг хамт олон “Чи чадна. Яагаад чадахгүй гэж. Бүх зүйл болно” гэж надад урам зориг өгдөг байлаа. Э.Эрдэнэбаатар багш маань “Бүх зүйл болно оо Сүрэн. Багш нь болгоно” гэдэг байсан. Багшид маань ямар хэцүү байсныг одоо л ойлгож байгаа байхгүй юу. Багш болно гэсэн юм чинь “Чадна” гэж боддог байлаа. Аав ээж маань “Миний охин чадахгүй бол хэн чадах юм” гэдэг байсан.
-Тамирчин хүнд байх ёстой зан чанарыг юу гэж боддог вэ?
-Тууштай, тэвчээртэй аливааг уужуу тайван хүлээж авдаг байх ёстой. Манай спортын онцлог нь тэсрэлттэй хурд шаарддаг. Секунд, минуттай уралдаж цаг дуусан дуустал хамаг зүйлээ гаргадаг. Мөн гэр бүл, багш, баг хамт олноо хүндэлдэг байх хэрэгтэй. Тамирчны амжилт багшгүйгээр хэзээ ч бий болохгүй.
-Таеквондогийн спорт ялалт секунд, минутаар хэмжигддэг гэлээ. Яг ийм цаг агшинтай нүүр тулсан нь ямар тэмцээн байв?
-2024 оны Парисын олимп байсан. Эхнийхээ тойрогтоо Египтийн тамирчинг зургаан секундэд буюу хамгийн бага хугацаанд оноо авч ялсан. Тэр үед маш их баярласан. Багш бид хоёрын анхны олимп байсан болохоор бүх л зүйл сандрал, догдлолтой байсан даа. Олимпын дэвжээнд дэх анхны тоглолт надад хэцүү байсан. Багшид ч гэсэн тийм байсан байх. Ер нь миний хувьд эхлэл бүхэн айдастай байдаг юм шиг санагддаг. Ямар ч улсад, ямар ч тэмцээнд оролцсон эхний тоглолтод биеэ бариад, их юм бодогддог. Хоёр дахь тоглолтоосоо тайвшраад ирдэг дээ.
Тэгээд олимпын наадмын алтан медалийн тавцанд зогсоод төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх мөч бол үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай мэдрэмж байсан.
-Тэгэлгүй яах вэ. Монголын ард түмэн өөрөөр нь бахархсан, омогшсон цаг хугацаа байсан. Олимпын наадмын дараа төрийн дээд Хөдөлмөрийн баатар цолыг хүртсэн. Нутгийнхан нь охиноо хүндэтгэл дүүрэн тосож авч байгаа харагдсан?
-Завхан аймгийнхан маань найман настайгаасаа 80 настай буурай хүртэл намайг хүндэлж, хайрлаж хүлээж авсан. Үгээр илэрхийлэхийн аргагүй үнэхээр гайхамшигтай. Монгол Улс, аав ээж, нутаг ус, багшийнхаа нэрийг дэлхийн дэвжээнд гаргаад нэр төртэй энэхүү шагналыг 24 насандаа хүртэнэ гэдэг маш том хувь заяа юм гэж өөртөө баярласан.
Таеквондогийн спорт надад олон сайхан зүйлийг бэлэглэсэн. Одоо ч ярилцлага өгөөд сууж байгаа минь ч гэсэн энэ спортын ач гавьяа шүү дээ. Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар гэж хайрлаж, хүндэтгэж байгаа нь хүртэл энэ спорттой салшгүй холбоотой. Тийм болохоор энэ спортоо би хайрлаж, хүндэтгэж явдаг юм. Бүх л спортын гайхамшиг нь хүнийг хайрлах, хүндэтгэх, энэрэнгүй байх, өөртөө итгэх итгэлийг бий болгох, биеийн өв тэгш байдал, бусадтай харилцах, багаар ажиллах ур чадварыг ойлгодог.
-Ярилцлагынхаа төгсгөлд цаашдын зорилгыг нь хуваалцмаар байна?
-Спортынхоо карьерыг хүрэх хязгаар хүртлээ л явна гэж боддог. Миний хамгийн том зорилго бол 2028 оны олимпод оролцох. Мөн олимпынхоо эрхийг авна. Азийн аварга, дэлхийн аварга гээд олон тэмцээн хүлээж байгаа учраас бэлтгэл сургуулилтдаа илүү их төвлөрч байна. Миний ажил бол бэлтгэл шүү дээ. Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин учраас өдөр бүр бэлтгэлээ хийх ёстой. Төрийн албанд зүтгэж байгаа хүмүүс л гэсэн үг. Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаад зардал мөнгийг улсаас гаргаж байгаа үед урам зориг авдаг. Надад итгээд зардлыг гаргаж байгаа юм чинь тэмцээндээ амжилттай оролцож Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх зоригтой, хариуцлагатай болдог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 15 (7757)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn