Кино, телевизийн урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” наадам Лос Анжелес хотын Беверли Хиллст ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Жил бүрийн нэгдүгээр сард болдог, Оскарын шагналын өнгийг тодорхойлдог гэгддэг энэхүү нэр хүндтэй наадам энэ жил 83 дахь удаагаа зохион байгуулагдав. Энэ жилийн хувьд ихээхэн онцлогтой болсны нэг нь улс төрөөс ангид байдаг урлагийн наадам саяхан болсон эмгэнэлт явдлын улмаас амиа алдсан яруу найрагч бүсгүйн дурсгалд зориулсан хүндэтгэлийн бяцхан “чимэг” нэмснээрээ урьд өмнөх жилүүдийнхээс өөр өнгө төрхтэй болгожээ. Мөн анх удаа “подкаст” төрөлд шилдгийг шалгаруулсан. Мөн энэ жилийн наадамд алдартай жүжигчдээс илүүтэй анх удаа “Алтан бөмбөрцөг” гардсан уран бүтээлчид олон байсан, киноны төрөлд драм болон инээдмийн төрлийн ялгааг илүү харуулсан бүтээлүүд тодорсон гээд үйл явдлаар дүүрэн болжээ.
ICE-ийг эсэргүүцсэн “Алтан бөмбөрцөг”
Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын ICE буюу Цагаачлалын албаны албан хаагч Миннесота мужид Rene Good хэмээх америк эмэгтэйг машинд нь буудан хороосон эмгэнэлт хэрэг гарсан. Тиймээс ч тус улсын хэд хэдэн хотод ICE OUT хөдөлгөөн өрнөөд буй. Тэгвэл “Алтан бөмбөрцөг”-т оролцсон зарим уран бүтээлчид болох Mark Ruffalo, Wanda Sykes, and Natasha Lyonne, Jean Smart нарын уран бүтээлчид харамсалтайгаар амиа алдсан Renee Good хэмээх яруу найрагч бүсгүйн дурсгалыг хүндэтгэж “BE GOOD” “ICE OUT” гэсэн хар, цагаан хосолсон энгэрийн тэмдэг зүүж иржээ. Энэ нь улс төрөөс хол байдаг урлагийнхан ч мөн цагаа тулахаар улс төрийн үйл ажиллагааг эсэргүүцэн нэгдэж, нийгэмд чиглэсэн нөлөөллийн ажилд идэвхтэй оролцдогийн бас нэгэн жишээ болжээ.
“One Battle after another”, “Adolescence” тус бүр дөрвөн шагнал хүртэв
83 жилийн түүхтэй энэхүү наадамд энэ жил шилдэг подкаст гэсэн төрөл нэмэгдэж нийт 28 төрлөөр шилдгүүдийг нэр дэвшүүлсэн. Тэднээс "One battle after another", "Hamnet" болон “Adolescence” кинонууд шагнал гардуулах ёслолын томоохон ялагчид болжээ.
“Warner Bros.Discovery”-ийн бүтээл, найруулагч Paul Anderson-ы найруулсан "One battle after another" кино нь нийт есөн номинацид нэр дэвшиж, шилдэг найруулагч, инээдмийн мюзикл кино, зохиол, туслах эмэгтэй жүжигчин гээд нийт дөрвөн шагнал хүртсэн байна. Мөн “Focus Features”-ийн бүтээсэн 'Hamnet' драмын шилдэг кино, шилдэг эмэгтэй жүжигчин гэсэн алдрыг эзэддээ авчрав. Харин телевизийн бүтээлүүдийн хувьд “Netflix”-ийн “Adolescence” сэтгэл зүйн цуврал таван номинацид нэр дэвшиж мөн дөрвийнх нь эзэн болов.
Анхны “Алтан бөмбөрцөг” -ийн эзэд
Анх удаа нэр дэвшээд “Алтан бөмбөрцөг” хожих нь тийм ч түгээмэл байдаггүй. Тэгвэл энэ жилийн хувьд хамгийн олон хүн анхны шагналаа хүндэтгэлтэйгээр хүлээн авчээ. Тухайлбал, жүжигчин Rhea Seehorn “Pluribus” цувралын дүрээрээ Телевизийн драм төрөлд шилдэг эмэгтэй жүжигчин болж, анхны Golden Globe шагналаа гардав. Харин Wagner Moura “The Secret Agent”-ийн дүрээрээ жүжигчин шилдэг эрэгтэй гол дүрд шалгарч, бразил жүжигчдээс анх удаа энэхүү амжилтын эзэн болов. Мөн “Hamnet”-ийн эмэгтэй гол дүр Jessie Buckley, “One Battle After Another”-ийн туслах эмэгтэй жүжигчин Teyana Taylor нар анхдагчид байлаа. Түүнчлэн энэ жилийн гайхалтай амжилттай уран бүтээлчдийн нэгээр Timothée Chalamet тодров. “Marty Supreme” инээдмийн кинонд теннисчин залуугийн дүр бүтээсэн тэрээр George Clooney, Leobardo Di Caprio нарын алдартнуудыг ялж анхны “Алтан бөмбөрцөг”-өө авсан юм. Мөн энэ жил анх удаа нэмэгдсэн шилдэг подкаст төрөлд жүжигчин, комедиан Amy Poehler “Good Hang with Amy Poehler” ярилцлагаараа “Алтан бөмбөрцөг”-ийн түүхэнд анхны болон бичигдэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 7 (7749)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn