Ч.БЯМБАХАЖИД
Ард нийтийн санал асуулга хөдөлгөөний ажлын хэсгээс Ард нийтийн санал асуулгын анхдугаар зөвлөгөөн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.
Нэгдүгээр сарын 13-нд Ард нийтийн санал асуулгын анхдугаар зөвлөгөөнийг хийж, Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэдийн төлөөллийг оролцуулан, санал хэлэлцэх юм. Ард нийтийн санал асуулгаас гарсан саналуудыг УИХ-ын гишүүд, төрийн эрх баригч нарт хүргүүлнэ гэв.
Энэ талаар Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнийг санаачлагчдын төлөөлөл Д.Батсүх “Энэ сарын 13-нд анхдугаар зөвлөгөөнөө зохион байгуулж, Ард нийтийн санал асуулгаа уламжлах болно. Зөвлөгөөнд оролцох хүмүүсийн бүртгэл нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн байгаа. Одоогоор нийт 6-7 мянган хүн давхцсан тоогоор бүртгүүлсэн байна. Зөвлөгөөнд оролцох хүмүүсийн хувьд суудлын тоотой учраас бүртгүүлсэн он, сар өдрөөр нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс нь 1-2 хүнийг давхардуулахгүйгээр бүртгэнэ.
Мөн өнөөдөр УИХ-ын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн дагуу цахим өргөдөл зарлан явуулж эхэллээ. Тиймээс иргэдийг цахим саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна. Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах ажил маань иргэдийн дэмжлэгээр маш амжилттай явж байна.
Энэ ажлын гол зорилго нь УИХ тарах уу, үгүй юу, иргэд засаглах эрхээ эдлэх үү гэдгийг шийдвэрлэх, шүүн тунгаах юм. Бид хуулийн хүрээнд санал асуулгыг зохион байгуулж байгаа учраас ард иргэдийн засаглах эрх биелэлээ олно гэдэгт итгэж байгаа” гэлээ.
Эх сурвалж: zms.mn