Удахгүй шинэ он гарах гэж байна. Энэ мөчид та бүхнийг “Улаанбаатар” театрын тайзнаас бяцхан багачуудтай уулзаж буй “Зөрүүд Гринч” зул сарын сахилгагүй драмын жүжгийн Гринчийн дүрийг бүтээж буй залуу уран бүтээл Ц.Энх-Орчлонтой цөөн хором ярилцсанаа хүргэе.

 

-Та Гринчийн дүрээр бяцхан багачуудтайгаа уулзаж байна. Өөрийгөө шинээр нээсэн, сонирхолтой  дүр байв уу?

- Гринчийн дүрд сонгогдсондоо маш их  баяртай байна. Юуны түрүүнд,  “Маппет” театрынхаа хамт олонд баярласнаа илэрхийлье. Гринчид тоглох санал ирэхэд  гайхсан. “Чадах болов уу” гэсэн айдастай байсан  ч түүнийгээ даваад бэлтгэл сургуулилтаа хийж дүрийнхээ дотоод ертөнцийг гаргахыг хичээсэн. Үзэгчид маань гоёор хүлээж авсан. Хүүхдүүд инээгээд, зарим нь айж байгаа харагдсан. Бид “Зөрүүд Гринч” жүжгээ өдөрт гурван удаа тоглож байгаа.

-Уран бүтээлч бүр өөрийн гэсэн онцлогтой. Тухайн дүрээ өөрийнхөөрөө тодотгож гаргадаг. Дүрээ ямар байдлаар харуулахыг зорьж байна?

-Мэдээж уран бүтээлч бүр тухайн дүрээр өөрийнхөөрөө илэрхийлдэг. Би Гринчийн дүрээ үзэгчдэд хүргэхийн тулд биеийн хэлэмж, хоолойны өнгөөрөө дүрээ илэрхийлэхийг хичээж байгаа.

-Хүүхэд харсан зүйлээ гэгээлгээр илэрхийлдэг. Бяцхан үзэгчид нь “Зөрүүд Гринч”-ийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Үзэж байгаа хүүхдүүд “Хар даа Гринч тэнд байна” гээд ойр, нээлттэй байгаа нь гоё мэдрэмж өгсөн. Хүүхдүүдтэйгээ үзэж тоглолт үзэж байгаа эцэг эхчүүд хүртэл инээж, айж үзэж байсан. Эцэг эхчүүд хүүхэд насны дурсамжаараа аялсан байх.

-“Зөрүүд Гринч”-ийн хамгийн сонирхолтой хэсэг гэвэл аль үзэгдлийг нь онцлох вэ?

-Хотын дарга ирээд бэлэг аваад, үсний машин гаргаж ирдэг. Жүжгийн энэ  хэсэг  онцгой мэдрэмж төрүүлдэг. Мөн  бид Гринчийн ертөнцийг илэрхийлж бяцхан багачууд, томчуудтай жүжгээрээ уулзахдаа тайзны засалт, орчин дээр нэлээд анхаарсан. Энэ жилийн тайзны тоглоом  нь хүртэл өөрчлөгдсөн шүү.

- Гринч таны ажиллаж байгаа тайзны хэд дэх бүтээл вэ?

-Би Ц.Төмөрхуяг багшийн ангийг энэ жил төгссөн. Оюутан байхдаа хичээл дадлага дээрээ хэд хэдэн жүжиг киноны олны хэсэг, туслах дүрд  ажилласан. Гринч бол миний анхны дүр. Хүүхдүүд гоё энергитэй, цайлган, гэгээн ертөнцийн эзэд шүү дээ. Хүүхдийн жүжгийн гол дүр их онцлогтой.

- Та шинэ жилийн баярыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Шинэ жилийн баярт дуртай. Баяр гэхээр шинэ жилийн тухай “Гэртээ ганцаараа”,  “Гринч” гээд кино санаанд буудаг юм. Би хүүхэд байхаасаа л “Гринч” кинонд дуртай байсан. Тэр утгаараа дуртай бүтээлдээ ажилласан нь сайхан санагдаж байгаа.

-Гринчийг үзэхээр зэхэж байгаа хүүхдүүд, эцэг эхчүүдэд хандаж юу хэлэх вэ?

-“Зөрүүд Гринч”-ээ  ирж үзээрэй. Хэзээ ч уйдаахгүй, айлгана, уйлуулна, инээлгэнэ гээд та нарын төсөөлсөн шиг сайхан байх болно оо. Эцэг эхчүүд маань хүүхдүүдээ дагуулаад жүжгээ үзээрэй гэж урьж байна. Хүүхдүүд нь  жүжгээс сургамж, ухаарал гээд олон зүйл мэдрэх болно. 

-Уран бүтээлчид ирээдүйгээ томоор харж зорилгоо тодорхойлсон байдаг. Ямар дүрд ажиллахаа төлөвлөсөн байх нь бий. Та ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

-Түүхэн дүрд ажиллахыг мөрөөддөг.Тэр дундаа эсрэг дүрд дуртай.

ЭХ сурвалж: “зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 235, 236 (7732, 7733)