Ч.БЯМБАА

Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудаас Ард нийтийн санал асуулга зохион байгуулах, УИХ-ыг тараах тухай мэдээлэл хийлээ. Улс төрийн нам, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран нэгдүгээр сарын 13 буюу Үндсэн хуулийн өдрөөр Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах юм байна. Энэ талаар “Эв эе” ТББ-ын төлөөлөл “1992 оны Үндсэн хуулиас хойш ард түмний мэдэх эрх, төрд итгэх итгэл үнэмшил байхгүй болчихсон байна. Тиймээс тогтолцоогоо өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Тиймээс “Ард нийтийн санал асуулга” хийх болсон тул иргэдийг идэвхтэй оролцож, хувьсгал хийхийг уриалж байна” гэв. Мөн Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Д.Эрдэмт “2016 онд “Эрдэмтдийн баг” гэж УИХ-ын сонгуульд бие даан оролцож байсан. Манай “Эрдэмтдийн баг 2012 онд анх Монгол улс, Үндсэн хуулиа тогтолцооны хямралд орсон байна гэж тогтоосон юм. Үндсэн хуульд заасан төрийн гурван өндөрлөгт шүүх засаглал ороогүй нь хяналтгүй төрийг бий болгож байна. Гадаад улстай байгуулсан гэрээ нь Үндсэн хуулиас давуу эрхтэй байгаа нь Монгол улсыг өөд нь татахгүй байна. Монголоороо хөгжихийн тулд Үндсэн хуулийг сууриар нь өөрчлөх ёстой” гэлээ. Үндсэн хуулийн өдрөөр улс орон даяар иргэд өөрсдийн санал шүүмжийг хэлж, шийдвэрт хүрэх цаг болсон тул хүн бүр “Ард нийтийн санал асуулга”-д идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн тэд хэллээ.

Эх сурвалж: zms.mn