Эрхиэрээ нөмөр хийж
Элбэрэл мааниар нөхөр хийж
Элэг эмтрэм он жилүүдийг туулахдаа
Эх орноо би хором ч мартаагүй….
Монгол түмний бахархал, он цагийн түүхэн цаг хугацааны хүрдэнд ч нэр алдар, хийж бүтээсэн зүйл нь мөнхөд гэрэлтдэг эрхэм хүмүүний нэг бол XX зууны шашин, улс төрийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжав эрхэм билээ. Түүний туулсан амьдралын түүхэн цаг хугацаа, үйл хэрэг, үзэл санааг үгээр илэрхийлэхэд ч багадам.
Энэ эрхэм хүмүүний унасан газар, угаасан ус нь шашны хутагт хувилгаадын өлгий нутаг Завхан аймаг. Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжавын 140 жилийн ойд зориулан “Топ нобле тур” ХХК, “Дилав хутагт сан”, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр хамтран бүтээсэн Ч.Алтантүлхүүрийн зохиол "Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийг үзэгчдэд хүргэсэн билээ. Тус бүжгэн жүжгийн гол дүр Дилав хутагтын дүрийг бүтээсэн Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүжигчин, соёлын тэргүүний ажилтан М.Дэлгэрсайханыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор урьж, ярилцлаа.

-Танай театрын хамт олон шинэ уран бүтээл болох "Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгээ үзэгчдэд хүргэлээ. Та жүжгийн гол дүр болох Дилав хутагтын дүрийг бүтээсэн. Энэ эрхэм хүмүүний амьдрал, үзэл санаа, үйл хэргийг тайзнаа “амилуулна” гэдэг сандрал, догдлолтой агшин байсан байх?
-Манай театрын хувьд жил бүр шинэ уран бүтээлээ туурвиж үзэгчдэдээ хүргэдэг. Энэ жил XX зууны шашин, улс төрийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжав хэмээх хүмүүний тухай "Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгээр үзэгчтэйгээ уулзлаа. Мэдээж бүжгэн жүжиг гэдгээрээ онцлогтой байлаа. Манай театрынхан "Мөнхөд гэрэлтэх диваажин” шинэ уран бүтээлийн бэлтгэл ажлаа 2024 оны наймдугаар сараас эхлүүлсэн. Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар багш маань ирж анхныхаа тавилтыг хийсэн. Тэрнээс хойш өдөр бүр бүжгэн жүжгийнхээ бэлтгэлийг хийж, баяжуулсаар 2025 оны нэгдүгээр сараас эхлээд тайзан дээр гэрэлтэйгээр эхлээд тоглож байлаа. Бид бүхэн сайхан уран бүтээл үзэгчдэдээ хүргэхээр энэ хугацаанд зорьж ажиллалаа.
Миний хувьд Анх Дилав хутагт хэмээх агуу хүмүүний дүрд ажиллах болсноо мэдээд сүрдсэн. Дүрээ өөрийнхөө хэмжээнд илэрхийлэхийг хичээлээ. Мөн дүрээ бүжгээр илэрхийлж байгаа учраас харц, үйлдэл бүр нь жүжиглэх ур чадвар шаардсан. Тийм болохоор УДЭТ-ын уран бүтээлчтэй хамтарч ажилласан. Жүжгийн явцад нулимс цийлэгнэж, бахархмаар, уйлмаар мэдрэмж олон ч удаа төрлөө. Энэ эрхэм хүний дүрийг бүтээсэндээ маш их баяртай байгаа. Энэ дүрдээ маш их хайртай, үргэлж бэлгэшээж, залбирч явдаг. Намайг энэ дүрд ажиллах боломжийг олгосон бүх хүмүүстээ талархал илэрхийлье.
-Анх жүжгийн зохиолоо уншихад ямар мэдрэмж төрж байв?
-Энэ дүрд ажиллахаар болоод анх зохиолоо уншихад маш гүн сэтгэгдэл төрсөн. Бид зохиолоо уншиж танилцаад дараа нь дүрийн задаргаа хийсэн. Гол дүрийнхээ төрсөн цаг хугацаанаас нь эхлээд мөнх бусыг үзүүлэх хүртэлх бүхий л амьдралынх нь талаарх түүхийг уншиж, судалсан. Мөн түүхч, эрдэмтэд гээд мэргэжлийн хүмүүсийг урьж, лекц сонссон.
-Бүтээлээ үзэгчдэд хүртэл л дүрээрээ “амьдарсан” байх нь?
-Тэгэлгүй яах вэ. Энэ агуу хүмүүний хүний дүрийг тайзнаа “амилуулна” гэдэг тийм амар зүйл биш шүү дээ. Тоглолт ойртох тусам хүмүүс “Сайхан, гоё зүйл бодож, өөрийгөө цэгнэж байгаарай” гэж захиж хэлж байлаа. Жүжгийн бэлтгэлийн үед бид Энэтхэг рүү явж Далай ламын төрсөн өдөрт очиж, урлагийн номер үзүүлсэн.
Шинэ уран бүтээлийнхээ өмнө сайхан газар очин гэгээнтэн, хутагтуудаас эхлээд сайхан хүмүүсийн энергийг мэдэрсэн нь бас цаг хугацааны хувьд бэлгэшээлтэй санагдсан.

-Анхныхаа тоглолтыг аймгийнхаа үзэгчдэд хүргэсэн. Үзэгчид хэрхэн хүлээж авав?
-Хамгийн анхны юм гэдэг чинь гоё мөртлөө бас их хэцүү байдаг шүү дээ. Олон сарын турш бэлдчихээд “Алдчихвал яана аа” гэсэн гэсэн айдас байсан.
Гэсэн ч тайзан дээр гараад дүрдээ ороод ирэхэд л амар амгалан тайван болсон доо.Үзэгчид маань ч гэсэн сайхнаар хүлээж авсан. Хэзээ ч мартаж болохгүй түүхийг залуу үедээ хүргэж байгаа нь сайшаалтай байна гэдгийг хэлсэн.
Тоглолт дууссаны дараа хөшиг хаагдахад “Бид чадлаа” гэсэн мэдрэмж төрсөн мартагдахааргүй гоё агшин байсан.
Мэдээж уран бүтээл олон хүний хөдөлмөрөөс бүтдэг багийн ажил. Нэг уран бүтээл дээр өглөөнөөс орой хүртэл ажилладаг учраас жүжгийн явцад нэг нэгнээ хараад үйлдлээс нь юу илэрхийлэх гэж байгааг нь уншчихдаг болчихдог. Бид бүхэн "Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгээ Улаанбаатарын үзэгчдэдээ мөн хүргэсэн. Мэргэжлийн уран бүтээлчид, шүүмжлэгчид, найз нөхөд, дүү нар маань ирж үзсэн болохоор эхний тоглолт дээр бага зэрэг сандрал байсан. Гэхдээ дүрээ 100 хувь гүйцэтгэлтэй гаргачих юмсан гэж бодсон.
-Дүрийнх нь хамгийн сэтгэлд тод үлдсэн агшин нь аль хэсэг байв?
-Ээжтэйгээ, ах дүүтэйгээ уулзаад нутаг руугаа тэмүүлж байгаа тэр хэсэг миний сэтгэлд гүн үлдсэн. Төрж өссөн нутаг, Очирваань хайрхандаа очих юмсан гэсэн тэр хүсэл, тэр мэдрэмж, тэр хүлээлт, тэр догдлолыг үзэгчдийн сэтгэлд хүртэл гаргахын тулд хичээсэн.
-Ярилцлагынхаа энэ хэсэгт бүжгийн урлагтай холбогдсон түүхийг хуваалъя?
-Ээж маань Завхан аймгийнхаа театрт хөгжимчнөөр ажилладаг. Тийм болохоор багаасаа л ээжийгээ дагаад театрт өнждөг байлаа. Ээжийнхээ тоглолтын бэлтгэл, уран бүтээлээ үзэгчдэд хүргэж байгаа гээд энэ бүхнийг харж өссөн. Энэ өссөн орчин минь намайг бүжигчин мэргэжилтэй болгоход нөлөөлсөн.
2006 онд сургуульд байхдаа л театртаа дагалдан бүжигчнээр ажиллаж эхэлсэн. Тэгээд л бүжигчин болох мөрөөдөлдөө хөтлөгдөж СУИС-д элсэн орж, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар багшийнхаа удирдлага дор монгол бүжгийн ангийг 2011 онд төгссөн. Сургуулиа төгсөөд нутагтаа ирж театртаа ажилласан.
Тэгээд 2015 оноос хойш ХЦДБЧ-д 10 жил ажилласан. Арван жил чуулгын хамт олонтойгоо мөр зэрэгцэн ажиллаж, олон сайхан уран бүтээлд хамтран ажилласандаа баяртай байдаг. Ахлах ахлагч цолтой мөрдэст уран бүтээлч байснаараа бахархдаг. Одоо ч тэдэнтэйгээ холбоотой.
Нэг жилийн өмнөөс Завхан аймгийнхаа Хөгжимт жүжгийн театртаа ажиллаж байна. Яг намайг нутагтаа ажиллахаар ирэх үед “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийг тоглох болсон нь бэлгэдэлтэй сайхан санагдсан. Нутагтаа буцаад ирэх тэр мөчид энэ агуу хүмүүний дүрээр үзэгчтэйгээ уулзах аз завшаан таарсанд баярладаг. Эх орон, цэрэг, хилтэй холбоотой уран бүтээлээс хутагт хувилгаадын дүрд ажилласан нь шинэлэг, содон гоё мэдрэмж байлаа.

-Орон нутгийн театрт ажиллахын онцлог давуу тал нь юу байдаг вэ?
-Хот, хөдөөгийн ялгаа бараг байхгүй байх аа. Бүх зүйл зэрэг хөгжиж байна. Хамгийн гол давуу тал нь нутагтаа ажиллах нь гоё юм даа. Төрж өссөн нутагтаа ажиллаж, сурч мэдсэн зүйлээ дүү нартаа зааж өгөхийг хүсдэг.
-Танай театрын хамт олон ойрын хугацаанд ямар бүтээл дээр ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Он гараад ОХУ-ын Буриад улсад “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгээ тоглохоор болсон.Тэгээд л дараа дараагийнхаа уран бүтээлдээ орно доо.
-Мэргэжил бүхэн онцлог, давуу талтай. Бүжигчин мэргэжлийнх нь хамгийн бахархалтай зүйл юу вэ?
-Бүжигчин хүний бахархалтай, давуу талтай зүйл нь бүх зүйлийг үйл хөдлөл, биеийн хэлэмжээр илэрхийлж чаддагт орших байх. Мэргэжлийнхээ энэ онцлогийг үзэгчдийн сэтгэлд хүртэл нь үзүүлж чадвал бүжигчин мэргэжил эзэмшсэний бахархал шүү дээ.
-Уран бүтээлч хүн бүхэн өөрийн гэсэн оршихуйтай. Та өөрийгөө хэрхэн тодотгох вэ?
-Уран бүтээлч бүхний дотор дүрээ үзэгчдэд хамгийн сайнаар хүргэчих юм сан гэсэн хүсэл эрмэлзэл оршиж байдаг. Үүний төлөө ч хичээж ажилладаг. Миний хувьд ч бусадтайгаа адилхан. Ямар дүр авсан, ямар бүжиг бүжиглэж байгаагаасаа шалтгаалж дүрээ илүү баяжуулж аль болох л үзэгчдэдээ сайхан уран бүтээл хүргэхийг зорьдог. Өөрийнхөө чадварыг харуулахыг хүсдэг. Зорьсондоо хүртэл дүрээ гаргаж чадсан ч бий. Бас дутсан нь ч байгаа байх.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 239 (7736)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn