Монголын хувцас загварын ертөнцийн хамгийн том наадам болох “Гоёл”-ыг Монголын дизайнеруудын холбоо 37 дахь жилдээ зохион байгууллаа. “Гоёл” наадмын тайзнаа загвар зохион бүтээгчдийн ур ухаан, хөдөлмөр, авьяас шингэсэн бүтээлүүдийг үзэсгэлэнт бүсгүйчүүд “амилуулав”. Монголын загварын ертөнцийн тод өнгийг бүтээж, өөр өөрсдийнхөө гэрэлтэж яваа  гоо бүсгүйчүүд “Гоёл”-ын тайзыг чимсэн, гайхалтай үдэш байлаа. Мэдээж энэ үдэш монголын загварын ертөнцийнхөн "Топ модель"-оо шалгаруулдаг уламжлалтай. Энэ үдэш хэн гэдэг үзэсгэлэнт бүсгүй топын титэм хүртэх бол гэсэн хүлээлт байв.

Тэгвэл “Гоёл-2026” наадмын 25 дахь “Топ модель”-оор загвар өмсөгч Т.Батцэцэг тодорлоо. 2014 онд хүн төрөлхтний гоо үзэсгэлэнгийн олимп гэгддэг Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, дэлхий дахинаа дахин давтагдашгүй өв соёл, уламжлал, ондоошлоо гоо үзэсгэлэн, авьяасаараа харуулж чадсан Монголын хацар бүсгүй Т.Батцэцэг 20 жилийн дараа "Топ модель" боллоо. Энэ цаг хугацаа түүний хувьд олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Тэрээр топ модель болсныхоо дараа “Үргэлж дэмжиж ард минь бат зогсдог гэр бүлийнхэндээ баярлалаа. Ээж ээ, бид чадлаа. Та минь дээрээс хараад адислаж байгаа байх. Ийм сайхан аав, ээжийн охин болж төрсөн би их азтай хүн юм. Та хоёртоо баярлалаа. Хайртай шүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Б.Батцэцэг 1991 оны наймдугаар сарын 19-нд төрсөн.  Охид бүрийн дотор мисс болох мөрөөдөл байдаг шүү дээ. Тэгвэл шинэхэн "Топ модель"-ийн маань хүүхэд насны гэгээн мөрөөдлийн нэг нь мисс болох байж. Тэрээр мөрөөдлөөрөө амьдарч, өөрийнхөө дахин давтагдашгүй ертөнцийг бүтээн, Монголынхоо загварын ертөнцөд тод өнгөөр гэрэлтэж яваа үзэсгэлэнт бүсгүй юм. Түүний бүтээсэн олон амжилт бий.

Тэрээр Филиппинд болсон "Эх дэлхийн мисс 2012" шалгаруулах 12 дахь удаагийн наадамд эх орноо төлөөлөн анх удаа оролцож байв. Таван тивийн 80 гаруй орны бүсгүйчүүд 21 номинацид өрсөлдсөнөөс Т.Батцэцэг "Resorts Wear Competition" буюу "Усны хувцастай үзүүлбэр"-т гуравдугаар байр эзлэн хүрэл медаль хүртэж байсан юм.

Мөн "Мисс монголиа 2010", "Шилмэл загвар" агентлаг, "Miss Mongolia" ассосиациас хамтран зохион байгуулдаг "Miss Mongolia-2010" наадмын дэд миссээр шалгарсан түүний түүний загварын ертөнц дэх амжилтын эхлэл байв. БНХАУ-ын Шманним хотноо зохион байгуулагдсан "Miss Tourism Queen Intentional 2013" олон улсын миссийн тэмцээнээс "Miss Bikini of the World-1st runner up /Усны хувцастай мисс/, "Miss Elegant-ist runner up/ дэгжин мисс шагналыг хүртсэн. Ингэснээр тэрээр Монгол эх орныхоо аялал жуулчлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулаад ирсэн юм. “Манжуурын мисс 2012” тэмцээнд амжилттай оролцож тэргүүн миссийн титмийг хүртсэн билээ.

Б.Батцэцэгийн хувьд жүжигчин, загвар өмсөгч, эрх зүйч гэсэн мэргэжлийг эзэмшиж гурван өөр салбарт өөрийгөө сорьж яваа хөдөлмөрч нэгэн юм. Тэрээр  "Том 4 толгой", "Залуу нас" болон "Бэрүүд" олон ангит кинонд тоглосон билээ.

Топ моделиуд:

2002 оны Топ модель Д.Цолмон

2003 оны Топ модель Ч.Туяацэцэг

2004 оны Топ модель Х.Ундраа

2005 оны Топ модель Т.Баярзул

2006 оны Топ модель Д.Пүрэвсүрэн

2007 оны Топ модель Г.Уранцэцэг

2008 оны Топ модель Б.Алимаа

2009 оны Топ модель О.Уянга

2010 оны Топ модель Ч.Уранбилэг

2011 оны Топ модель Э.Сэлэнгэ

2012 оны Топ модель Ч.Ундрах

2013 оны Топ модель О.Пүрэвдулам

2014 оны Топ модель С.Ариунбилэг

2015 оны Топ модель Х.Бадамгэрэл

2016 оны Топ модель Х.Уянга

2018 оны Топ модель Т.Халиунаа

2019 оны топ модель Н.Сарнай

2020 оны Топ модель Д.Долгион

2023  оны Топ модель Б.Баярцацрал

2024 оны Топ модель А.Сайхантамир

2025 оны Топ модель А.Хулан

2026 оны Топ модель Б.Батцэцэг

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 233 (7730)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn