Ч.БЯМБАА

ОХУ-ын Эрхүү мужийн дулааны цахилгаан станцад өчигдөр осол гарсны улмаас 1500 орчим өрх халаалтгүй болсныг орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Ангарск дүүрэгт оршдог есдүгээр дулааны цахилгаан станцын нэг зуух эвдэрснийг тус мужийн захирагч Игорь Кобзев батлан хэлжээ. Үүний улмаас орон сууц болон нийтийн эзэмшлийн барилгууд халаалтгүй болсон бөгөөд засварын ажил арванхоёрдугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжлэхээр байгааг Ангарск дүүргийн захирагч Сергей Петров мэдээлжээ. Тус мэдээлэлдээ тэрээр “дүүрэгт онц байдал зарлаж, Даваа гарагт сургуулиудыг хааж болзошгүй байгаа” хэмээн хэлсэн байна. Нутгийн иргэдийн мэдээлж буйгаар халаалт арванхоёрдугаар сарын 1-нээс хойш тасалдаж байсан бөгөөд одоо дотор агаарын температур гадаа температураас “яльгүй илүү” байгаа гэв. ОХУ-ын барилгын яамны мэдээлснээр тус улс даяар дулааны дэд бүтцийн элэгдэл 40-80 хувьд хүрээд байгаа юм байна. Тиймээс эдгээрийн гуравны нэгийг яаралтай шинэчлэх шаардлагатай байгаа аж. Хамгийн гайгүй нөхцөлтэй Москва орчимд дулааны дэд бүтцийн элэгдэл 29 хувьд хүрчээ. Мөн энэ асуудлаар Төрийн Думын барилга, орон сууц, дэд бүтцийн байнгын хорооны гишүүн Александр Якубовский наймдугаар сард ийн анхааруулж байжээ. Тэрээр “Одоогоор дэд бүтцийн шинэчлэлт жилийн 1.9-2 хувьтай явагдаж байгаа. Нөхцөл байдлыг тогтвортой байлгахын тулд үүнийг хамгийн багадаа дөрвөн хувьд хүргэх шаардлагатай” хэмээн анхааруулсан байна.

Эх сурвалж: zms.mn