Д.АРИУН

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн тусгай элч Стив Виткофф, Америкийн удирдагчийн хүргэн Жаред Кушнер нарын ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Москвад хийсэн хэлэлцээ маш сайн болсон гэж мэдэгдлээ. Тэрээр энэ тухай өчигдөр Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр хэлсэн байна. АНУ-ын тэргүүн "Дараа нь юу болохыг бид харах болно" гэж мөн хэлсэн байна. Оросын болон Америкийн хэвлэлүүдийн мэдээллээс үзвэл, хоёр тал Кремльд болсон уулзалтыг нааштайгаар үнэлж байгаа аж. Украйнд энхийг тогтоох талаар АНУ-ын санаачилсан 28 зүйл бүхий бичиг баримттай холбоотойгоор 2025 оны арванхоёрдугаарс сарын 2-нд Москвад болсон хэлэлцээний талаар Ройтерс агентлаг мэдээлэхдээ АНУ-ын засаг захиргааны албан тушаалтны хэлснээс иш татан “Цагаан ордон Уиткоффын Путинтэй хийсэн хэлэлцээг үр дүнтэй” гэж үнэлж байгаа гэж тэмдэглэсэн. Уулзалт арванхоёрдугаар сарын 2-нд Кремльд болж, таван цаг шахам үргэлжилсэн. Энэ үеэр Украины мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах Америкийн төлөвлөгөө болон нэмэлт дөрвөн баримт бичгийг Оросын талд хүлээлгэн өгсөн талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Оросын төрийн тэргүүний туслах Кремльд болсон уулзалтыг "маш ашигтай, бүтээлч, бодитой" гэж тодорхойлжээ. Ю.Ушаков талууд саналын агуулгад анхаарлаа хандуулж, тодорхой үг хэллэгийн талаар ярилцаагүй гэж хэлсэн ба Москва зарим зүйлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа бол заримыг нь шүүмжилсэн гэдгийг ч бас тодотгожээ. Тэрээр цааш нь талууд урт хугацааны тохиролцоонд хүрэхийн тулд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа нотолсон гэсэн байна.

Эх сурвалж: zms.mn