Ц.БАЯР
Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд хийсэн дүн шинжилгээний талаар өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д “Монголын залуучуудын эвсэл” ТББ-ын төлөөлөл болох Ж.Амарзаяа, З.Энхбаяр нар мэдээлэл хийсэн юм. Тэд мэдээлэлдээ “Сүүлийн жилүүдэд нийслэлийн төсөвт гэмт хэргийг бууруулахад зарцуулах төсөв өссөн дүнтэй байгаа хэдий ч үр дүнд нь гэмт хэргийн тоо буурах биш нэмэгдсээр байна. Тухайлбал,2022 онд гэмт хэргийн тоо 24310 байсан бол 2024 онд 32 мянга болж өссөн. Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх болон бусад хөтөлбөрийн үр дүнг хувиар илэрхийлэх ёстой. Гэвч шалгуур үзүүлэлт, чанарыг бүхэл тоогоор илэрхийлж байгаа нь буруу юм гэсэн юм. Мөн “2023 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тусгай хэрэгсэл болох скүүтер тоног төхөөрөмжийн зардалд 5.0 тэрбум төгрөг төсөвлөсөн ч гэмт хэргийн тоо буураагүй. Өөрөөр хэлбэл 5.0 тэрбум төгрөгт цагаадаагийн албан хаагчдад хөл дээрээ зогсоод зорчих цахилгаан скүүтер нийлүүлсэн нь үр дүнгүй зардал болжээ. Мөн 3.0 тэрбум төгрөгт боловсрол болон эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмжүүд авсан ч түүнийг ажиллуулах хүний нөөц, чадавхын асуудлаас болж агуулахад хадгалаастай байх тохиолдлууд байсан” гэсэн юм. Түүнчлэн мега төслүүд бодит тооцоолол дээр тулгуурлаагүй зөрчлүүд илэрсэн гэлээ. 2026 онд Нийслэлийн төсөвт 4.0 их наяд 637.5 тэрбум төгрөгийн орлогоо төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь өмнөх оны батлагдсанаас 9.4 хувиар өссөн дүн юм. Харин төсвийн зардлыг 5.8 тэрбум төгрөг буюу өмнөх оны батлагдсан төсвөөс 2.4 тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийслэл тэвчиж болох нэг удаагийн шинжтэй нийт 3.5 тэрбум төгрөгийн зардал байна. Мөн бусдаар гүйцэтгүүлэх, ажил үйлчилгээний төлбөр хураамж 3.0 тэрбум, сургалтын зардалд 700 сая, нийслэлийн орон сууц дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ нэршилтэй ТЭЗҮ болон зураг төсөлгүй 20 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ зэрэг нийт 27.5 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой гэлээ. Түүнчлэн хиймэл оюун ухаан ашиглахад 9.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийслэлийн иргэдэд мэдээлэл өгөх цахим сайт нь ажиллахгүй, дэд бүтэц өгөгдөл нь бэлэн болоогүй байхад өндөр дүнтэй төсөв төсөвлөсөн. Иргэдийг төөрөгдүүлэх мэдээлэл өгдөг” гэх зэргээр нэмж тайлбарласан юм. Мөн төлөвлөлтийн шаардлага хангаагүй, ТЭЗҮ-гүй мега төслүүдийг төсвийн төсөлд тусгахгүй байхыг зөвлөжээ.
Эх сурвалж:zms.mn