“Зууны мэдээ” сонины “Ижий бурхад” буланд зориулаад ижийг минь орлож үлдсэн их нагацынхаа тухай бичлээ хэмээн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, анагаах ухааны доктор, дэд профессор Р.Бямбаа гуай зорьж ирлээ. Сумын эмчээс эхлээд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын дарга, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны орлогч сайд, Эрүүл мэндийн яамны дэд сайд, “Монгол эм импэкс” концерны ерөнхий захирал, Эрүүл мэндийн хоёр ч сайдын зөвлөхөөр ажиллаж байсан тэрбээр өөрийгөө эмч-сэтгүүлч хэмээн тодотгосон. 

Энэ нь ч аргагүй юм билээ. Дөч гаруй жил зүтгэсэн эрүүл мэндийн салбарын цаг наргүй албанаасаа үзэг түшиж, ном бүтээх үйлд шилжсэн Р.Бямбаа доктор “Гуугүй бурхад”, “Манай арвынхан”, “Шидийн тунгийн шинжээчид”, “Бурам шиг урам” зэрэг 13 номтой. Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн бүтээлийн чуулган есөн боть, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт малын эмч Л.Пэрэнлэй, Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Б.Жав зэрэг алдартнуудын 10 гаруй номыг эмхэлж, баринтаглан олны хүртээл болгосон нэгэн. 
Тэрбээр 140 гаруй хүний хөргийг үгээр урлажээ. Түүний анхны ном “Гуугүй бурхад”-д мялаалга үг бичсэн Л.Түдэв зохиолч “...хүний эмч Бямбаа бас сэтгэл оюуны сайн эмч болохоо харуулжээ...” хэмээхдээ хөрөг бичлэгийн өвөрмөц өнгийг нь онцолсон байдаг юм. 
Хөргийн мастер хүний их эмчийн их нагац Занын Цэвэгмэд өдгөө 90 хол гарсан настай ч ануухан тэнхлүүн нэгэн төрсөн нутаг Говь-Алтай аймгийнхаа Алтай суманд аж төрж буй юм байна. 

Бидний Чимээ буюу Занын Цэвэгмэд эгч минь.

 

 

Эцгийн бор гэрийн гадаа 

 

XVI жарны усан тахиа жилийн зуны адаг сард Аж Богдынхоо тэргүүн түшсэн Намаржаа хэмээх зусланд малчин Гаасүрэнгийн Занын бор гэрт үүрийн цагаан гэгээнээр хонгондоо хорголтой нэгэн охин хорвоод мэндэлсэн нь эдүгээ бидний өмөг түшиг болсон их нагац Цэвэгмэд минь болой. Их нагацыгаа бид Чимээ гэж авгайлна.
Чимээгийн "... тэр үед би 10 гаруй л настай байсан юм болов уу даа. Манай аавынх хот дүүрэн богтой, ботготой хоёр ингэ гээд ачлагын тэмээдтэй, дэлээсээ сүүл хүртлээ нуруугаараа хар голтой хээр азарга адуутай бас хэдэн сарлагтай мал малын захтай айл байсан. Хэдэн сарлаг нь уул руу гарчхаад үйл барна. Одоог бодвол манай нутагт өвс ургамал сайхан ургадаг байв. Хэдэн мал бог, бодгүй ойрын бэлчээртээ байж л байдаг байлаа" гэж хуучилсан нь бидний 2021 онд гаргасан “Чандмань овооныхон” номд бий. Эндээс Чимээ минь жинхэнэ малчны удам, 18 настай бүсгүй болтлоо аав ээжийнхээ гэрт мал сүргээ адгуулан маллаж явсныг нь мэдэж болно. 

 

Ааяа, Чимээ хоёр 

Чимээ минь төрүүлж өсгөсөн найман хүүхэдтэйгээ 2025 оны VII сар.

 

Зөв явбал зөөлөн замбуулинд бүсгүй заяа нь тэгшрэхийн цагт Чимээ насны ханьтайгаа учирсан нь Биж-Алтайн уугуул Бат-Очирын Сангаарагчаа. Бидний Ааяа гэж дууддаг ах минь Тамч сумын бага сургуульд уйгаржин монгол, крилл монгол хос бичигт суралцаж тэр үедээ Монгол Улсын соёлын хамгийн том төвд тооцогддог Багшийн сургуульд сурч багш хэмээх сайхан алдрыг олсон юм. 
Ааяа Цээл, Бугат сумдаар соёлын үргийг тарьж, улмаар 1950 онд Хязгаар сумын Бунгийн бага сургуулийн захирлаар 20 настайдаа томилогдон очсоноор Чимээ тэр хоёрын минь амьдралын алтан зам зурайсан гэдэг. Хоол хүнс нь шим болж, орон гэр нь өргөө болж, хувцас эд нь чимэг болж, үг бодол нь ашдын бэлгэ дагуулан хагас зуун жил хамт амьдрахдаа найман хүүхдийн ижий аав болжээ. Ааяагийнх төрсөн найман хүүхдээсээ гадна зургаан хүргэн, хоёр бэртэй, тэднээс нь 14 охин 10 хүү төрж өссөн дээр ач зээ нь нэмэгдээд энэ айлын ам бүл зуугийн талаас хол давсан. 
Ааяа, Чимээ хоёр найман хүүхдээ энх тунх өсгөсөн нь нэг хэрэг, түүний цаана тэдний хүмүүжил сурлага, ажил хөдөлмөр эрхлэх мэргэжиж мэргэшсэнийг харахад үнэхээр бахархууштай. Хүүхдүүдээс нь С.Жаргал, С.Мөнхбаяр, С.Сайнтуяа, С.Доржготов дөрөв нь аавынхаа мэргэжлийг өвлөж багш болсон. С.Баяраа, С.Өнөр хоёр сувилагч, бага эмч, С.Сарантуяа санхүүч, С.Лхагвадорж жолооч. Тэд бүгд ажилласан салбарынхаа “Тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртсэн, мөн бүгдийнх энгэрт “Алтан гадас” одон гялалзаж байдаг юм. Ингээд бодохоор Ааяа сайн аав, Чимээ минь сайн ээж юм. 
Ааяа бол багш, эдийн засагч мэргэжилтэйн зэрэгцээ мэдрэмж, сэтгэл хоёрыг хослуулсан сайн дарга, шилдэг удирдагч байсан. Алтай сумын сургуулийн захирал, сумын МАХН-ын үүрийн дарга, сум нэгдлийн дарга, Ардын хянан шалгах хорооны даргаар Аж нутагтаа 40 гаруй ажилласан. Охин С.Мөнхбаяр нь “... Хорин настай Бижээс гарсан аав минь ганцаараа ирээд арвуулаа болсон юм. Хамаг насаа Алтайд үдсэн аав минь Бижийн хүү Сангаа, Ажийн хүү Ааяа болсон юм” гэж бичсэн нь бий.
Манай Ааяа бол хошой “Алтан гадас” тэргүүтэй энгэр дүүрэн одон тэмдэг гялалзуулсан хэлсэн үг, хийсэн ажилтай Алтай сумандаа хүүхэд хөгшидгүй Сангаа Ааяа, Ааяа гэж хүндэтгэж бас ямагт талархлыг нь хүлээдэг хүн байлаа. 
Манай Чимээ бол онцгой хүн. Манай суманд бага сургууль байгаагүй болохоор бүлгэмд сууж бичиг үсэгт тайлагдсан жирийн малчин бүсгүй Чимээ минь багш ханьтай болсноор “Алтны дэргэд гууль шарлана” гэдгээр цагийн эрхшээлд бие даан бичиг үсэгт шамдан суралцаж, хүний дайтай боловсрол олж чадсан байдаг. 

 

Ааяа, Чимээ хоёрын минь үргэлжлэл үр хүүхдүүд нь өнөр олуул болсон.

 

Сэтгэл гэж далай, далай...

Р.Бямбаа их нагац З.Цэвэгмэдийн хамт 2025 он.

 

Чимээ минь 1957 онд анх Бунгийн хоёр ортой бага эмчийн салбараас ажлын гараагаа эхэлжээ. Тэр үед салбар бага эмч сувилагч, асрагч гэсэн гуравхан орон тоотой. Үйлчлэгч, тогооч, угаагч, цэвэрлэгч, ус түлээ түлш гээд хар бор бүх ажлыг асрагч Чимээ ганцаараа амжуулдаг байсныг санадаг бас түүнд нь тус дэм үзүүлдэг жаахан хүүхэд байлаа, би. 
“Хязгаар сумын эмнэлэг” гэж 2024 онд бичсэн номдоо Чимээгийн “...1959 онд Бун дээр байсан сумын захиргаа хоршоо, сургууль, эмнэлэг гээд сумын төв тэр аяараа тэмээн хөсгөөр нүүж одоогийн Алтай сумын төв Баян-Овоод шилжиж суурьшсан түүхтэй. Энэхүү их нүүдэлд эмнэлгийн сувилагч Д.Цэндсүрэнгийн хамт гурван тэмээнд эмнэлгийн гэр ачааг ачиж, хүүхдүүдээ арагт суулгаад явсан. Замдаа “Хөртийн ам” гэдэг газар бууж хоноглоод маргааш нь нүүдэл үргэлжлэн Баян-Овоод байгаа одоогийн эмнэлгийн суурийг тавилцаж явлаа” хэмээсэн дурсамжийг оруулсан юм. Чимээ минь завсартайгаар энэ эмнэлэгтээ олон жил ажилласан. 1970-аад оны эхээр их эмчээр очиж Чимээтэйгээ хамт ажилласан нь миний хувьд эргэж олдошгүй аз, хувь тохиол юм. Тавь гаруй жилийн өмнө би шинэ эмч, 15 ортой их эмчийн салбарын дуусаагүй барилгыг нэгдлийн барилгачидтай хамтран гүйцээхийн хамт эмнэлгийнхэн өөрсдийн хүчээр гарааш, моорог барих ахадсан ажилтай байж билээ. Тэр бүх ажлын ачааны хүндийг эмнэлгийн хэдэн хүүхэн үүрч байсны дундаас миний тогооч Чимээ, угаагч Дуламхүү эгч хоёр бүх юманд оройлно. Тэр хоёр хүн хэдийдээ цагаан хэрэглэлээ угааж, хэдийдээ хоолоо хийдэг байсныг би санадаггүй. Чимээ минь эмнэлгийн тогооч байхдаа багаахан материалаар ихээхэн хоол хийгээд өвчтөнүүдэд өгнө. Тэдний талархлыг хүлээнэ гэдэг амаргүй ч Чимээгийн хийсэн хоолонд бас өдөр болгон өгдөг шаргал гамбирт үйлчлүүлэгчид нь талархана уу гэхээс гоморхоно гэж нэгээхэн ч үгүй. Гурилаар гамбир гэдэг нарийн боов хийдэг нь одоогийнхоор Чимээгийн брэнд байжээ. 
Манай ач охин А.Алтанзул 
“Чимээгийн минь хийж өгсөн гамбир 
Чимэг гоёлоор тааруухан ч 
Чин сэтгэл нь шингэсэн болохоор 
Чанар амтаар үнэхээр сайхан” гэж бичсэнийг бодоход Чимээгийн гамбир яах аргагүй л брэнд юм. Тэгэхээр Чимээ бол хөдөөдөө л мастер тогооч байжээ. Тэтгэвэртээ гарснаасаа хойш ч хөдөөгөөс ирж сумын эмнэлэгт амаржсан ээжүүдийг сүүтэй цай, гамбираа авч очоод эргэнэ. Ээжүүд хэлэх үгээ олж ядан баярлаж талархана. Миний нагацын сэтгэл гэж далай, далай...

 

Уран ч, уяхан ч ээж

 

Чимээ хар багаасаа үйл мэтгэсэн уран хүн. Тэрбээр “Өөртөө, өрөөлд, хүүхдүүддээ гээд хэчнээн дээл урласнаа тоолж явсангүй ч миний хийснийг хэн ч голж явсангүй” гэж ам бардам хэлнэ. 
Охин С.Сарантуяа нь ээжийнхээ тухай “Миний ээж олон хүүхдийнхээ хувцас хунарыг өөрөө оёно, охиддоо зааж сургана. Оросын бор хилэнгээр хичээлийн форм, цэнхэр даалимбаар цагаан канттай биеийн тамирын өмд хийж өгдөг нь сумын сургуулийн хүүхдүүдийн дунд биднийг содон тансаг харагдуулдаг байсан. 
Ээж минь ёстой суусан газраасаа шороо атгадаг хүн. Мэдэхгүй, чадахгүй, хийхгүй юм гэж үгүй. Хэдийд сурсныг нь мэдэхгүй, ямартай ч булчин, судас тариаг том хүмүүст саяхан болтол хийчихдэг л байсан. Албан ажлынхаа зав чөлөөгөөр даалимбаны утас нийтгэн тохош нэхдэг, монгол гутлын ул хийж, гутал оёдог байсныг сум даяар мэднэ. Ээжийн хийсэн тэмээний тохош, монгол гутал борлогдохгүй удна гэж байхгүй, бүр захиалга нь дийлдэхгүй. Ээж бас шинэ гэрийн эсгий өрх дээвэр, туурга эсгэж оёхоор айлд уригдана. Дээс томохдоо гарамгай, эрчээрээ танигдана шүү дээ. Ээж залуудаа шидэлтийн төрлөөр I зэргийн тамирчин байсан болоод ч тэр үү явган их явамтгай. Үүнийхээ хүчээр урт насалж явна гэдэг юм. Ээж урт, богинын олон дууг сайхан дуулна. “...Алсын анирхан уулс дундаа...” гээд л одоо ч цангинуулж өгнө. 
Ойрноос ээж минь уяхан тал руугаа харагдах боллоо арга ч үгүй биз дээ нас нь явж байна. Би анх ээж болохоор нэлээн хүндхэн хордлоготойгоор аймгийн эмнэлэгт төрөхөөр явахад ээж хамт очиж төрүүлээд “Миний охин хүнээр хүн хийх амаргүй шүү, сайн анхаарч байгаарай” гэж байв. Охин минь жаахан дутуу төрсөн юм. Ээжийнхээ захиж хэлдэг, зааж сургасан бүхнийг нь санаж явдаг. Одоо бид гурван хүүхдийн аав, ээж, найман ач зээгийн өвөө эмээ болсон доо. 2012 онд Баярмагнай бид хоёр хоёр ээжийгээ дагуулан “Тэнгэр трейвэл” компанийн аяллаар Утайд очсон. Үүнээс өөр олигтой гялайлгасан юм үгүй дээ” хэмээн ярьсан. 

 

Чимээ ах захтай, эрэмбэтэй хүн

 

Чимээ улсад 38 жил хөдөлмөрлөөд 1994 онд тэтгэвэртээ гарсан. Өсөх насандаа олсон малчин мэргэжлээ сэргээж Ааяа, Чимээ хоёр нэг л мэдэхэд 500 гаруй малтай Аж сайхан нутагтаа аж төрж байсныг олон хүмүүс мэднэ дээ. 
Чимээг минь ч хүмүүс их хүндэлнэ. Тэтгэвэртээ гараад 30 жилийг үдэж яваа нагацыг минь азтай жаргалтай, энх тунх сайхан яваад нутгийн болон таньж мэдэх хүмүүс бүгд баярладаг бас их бахархдаг юм. Хүнд тус хүргэхийн одонд төрсөн, хэлсэн ярьсан нь адис ерөөл гэмээр долоон Э-гийн авшиг жанлав Чимээд минь оршдог болохоор бие тэнхлүүн, ухаан саруул урт насалж яваа билээ. 
Чимээ ах захтай, хаана явахыгаа тэр мэддэг, эрэмбэтэй хүн 
Чимээгийн алба, амины хийсэн бүхэн нь томсон дээс шигээ эрчтэй хүн 
Чимээд оролдоогүй, хийгээгүй юм бараг үгүй, ёстой л элдэвтэй хүн
 Чимээ хүний байтугай өрөөлийн дундаа ижий ахай явдаг эвтэй хүн 
Чимээгийн хийдэг, чаддаг, мэддэг бүхэн нь загвар болохоор эрдэмтэй хүн 
Чимээ үр удмаа мэддэг, таньдаг тэдэндээ сэтгэл өег элэгтэй хүн 
Чимээгийн дуулах нь байтугай, хэлэх ярих нь хүртэл эгшиглэнтэй хүн 
Тиймээ Чимээ минь! 
Энэрэлт эхийн хоёр одонтой 
Эрхэт төрийн бас хоёр одонтой 
Танаар Аж Богд маань нутгаа чимж байнам 
Аж Богдоор Та минь өөрийгөө гоёж байнам
Насан баярын чимэг 
Их нагац Чимээ минь XVI жарны усан тахиа жилтэй эртний хүн. Дээрээ нэг эгчтэй, тэр нь миний ээж. Араасаа хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй дүү дагуулсан. Энэ зургаагаасаа 90 хол гарсан энх тунх яваа Чимээгийнхээ насан баярыг өнгөрсөн зун, долоодугаар сарын 29-нд ёслол төгөлдөр сайхан хийсэн. 
Нэгэн эхийн хэвлийгээс цувж төрсөн зургаан хүүхдийн үргэлжлэл зуу хол давсан олон хүн оролцсон баяраар элэнц өвөг эцэг Авбүжингээс (1850 аад оны хүн) их нагацын ачинцар, зээнцэр хүртэл долоон үеийн 254 өрхийн 2052 хүнийг багтаасан “Чандмань овооныхон” ураг удмын номоо танилцуулж, Чимээгээ үр удмын “Алтан хүн”-ээр өргөмжилсөн юм. 
Ингэхдээ “Гурван жарныг элээж, долоон үеийг өртөөлөн өтгөсийг үдэж, нялхсыг угтан баясаж, жаран жаранд өчүүхэн ч чөлөө завгүй явсан бидний өвөг дээдэс, өнийхөн, өнөөгийнхөн дундаас эрэмбэтэй, эрчтэй, эвтэй, элдэвтэй, эрдэмтэй, элэгтэй, эгшиглэнтэй гялалзаж яваа энэрэлтэй эхийн хоёр одонтой, эрхэт төрийн хоёр одонтой их нагац, их авга Занын Цэвэгмэд таныгаа Авбүжингийн үр удмын “Алтан хүн”-ээр өргөмжлөв. Авбүжингийн үр удмынхан” хэмээн бичсэн “Хүндэт өргөмжлөл” дурсгасан. Мөн насалж буй насыг нь бэлгэдэн 9 999 999 төгрөг, амар амгалан, аз жаргал, сайн сайхны ерөөл шингэсэн есөн алдын их Аюуш хадгийг өргөн барьсан юм. Аж Богд уул шигээ сүр бараатай их нагацынхаа нөмөрт багтан амар амгалан, аз жаргалтай яваа хувь заяандаа залбирнам. 

Зээ хүү Бэсүд нүүдэлчин Рагчаагийн БЯМБАА

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 224 (7721)