Ч.БЯМБАХАЖИД
Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяртай аймаг орон нутаг, бүсийн хөгжлийн талаар ярилцлаа.
-Хангайн бүсийн хөгжлийн бодлого, зорилтод танай аймаг ямар байр суурь, үүрэгтэй байна вэ?
-УИХ-аас 2024 онд баталсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Хангайн бүсийн хөгжлийн зорилгыг дэлхий дахинд монголын түүх, төрт ёс, соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, дэлхийн нүүдэлчдийн соёлын голомт нутаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлд тулгуурлан “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс” болно гэж тусгасан байдаг. Энэ зорилгын хүрээнд манай аймгийн хувьд Уламжлалт мал аж ахуй дээр суурилан малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр бүсийн аймгуудтай хамтран ажиллана.
-Баянхонгор аймгийн бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэл юу вэ? Бүсчилсэн хөгжлийн хөгжлийн бодлого аймгийн ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсан бэ?
-Манай аймгийн бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэл нь Хөдөө аж ахуйн салбар бөгөөд аймгийн Засаг даргын 2024-2028 үйл ажиллагааны хөтөлбөрт “Уламжлалт мал аж ахуй, аялал жуулчлалын төрөлжсөн бүс” болох зорилтыг тусган хэрэгжүүлж байна. Уламжлалт мал аж ахуй дээр түшиглэн мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүнийг боловсруулж, малын цөм сүргийг үржүүлэн малаас хүртэх ашиг шимийг сайжруулах ажлуудыг хэрэгжүүлнэ. Харин аялал жуулчлалын хувьд манай аймаг бүсийнхээ аймгуудтай харьцуулахад сайтар хөгжөөгүй боловч говь, хангай, тал хээрийн бүсийг дамнан орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий олон нийтэд танигдаагүй аялал жуулчлалын нөөц газар ихтэй. Эдгээр газруудаа түшиглэн төрөлжсөн, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд манай аймгийн сумдыг таван бүсэд хуваан орон нутгийн хөгжлийн төв сумдыг тодорхойлсон. Яг энэ цаг үед бид Баянхонгор, Богд, Баянцагаан, Бууцагаан, Жаргалант орон нутгийн хөгжлийн төв сумдад бүсийн бусад сумдын удирдлага, төрийн албан хаагчдыг хамруулан бүсчилсэн хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чиглэлээр бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна. Ирэх онд эдгээр таван бүсийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, бодлого боловсруулан батлуулах ажлыг хэрэгжүүлнэ.
-2024-2025 онд хийж хэрэгжүүлсэн онцлох, чухал ажлуудын талаар болон тэдгээрээс гарсан үр дүнгийн талаар дурдана уу?
-Өнгөрсөн онуудад Улсын төсвийн 12.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хөдөө аж ахуйн үйлдвэрийн кластер төсөл”, 10.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хөдөө аж ахуйн газар тариалан малын тэжээлийн дэд төсөл”, 800.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Малчид болон орон нутгийн хөгжлийг дэмжих "Мал аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж" төслүүд тус тус хэрэгжсэн. Эдгээр төслийн хүрээнд хоногт 20 тонн ингэний сүүг хатааж хуурайшуулах Ингэний сүүний үйлдвэр, 1000 тонн мах ногооны зоорь, 2000 мкв талбай бүхий өвлийн хүлэмж, Малын тэжээлийн үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн байгаа.
-Аймаг хөрөнгө оруулалт татах ААН, иргэдийн бизнес хийх орчныг сайжруулах чиглэлд хэрхэн ажиллаж, ямар хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна вэ?
-Бид дээрх томоохон төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид хувьчлах замаар бизнес эрхлэгчидтэй хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эдгээр төслүүд хэрэгжиж эхэлснээр орон нутагт ажлын байр шинээр бий болох төдийгүй малаас хүртэх ашиг шимийг сайжруулж, иргэд, малчдын орлого нэмэгдэнэ.

-Танай аймгийн дэд бүтэц болон боловсрол, эрүүл мэндийн салбарт ямар шинэчлэлүүд хийгдэх шаардлагатай байгаа вэ?
Манай аймгийн хувьд тулгамдаж буй томоохон асуудлын нэг нь агаарын бохирдол байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд БНСУ-ын Экзим банкны санхүүжилтээр Дулааны станц барих ажил 2023 онд эхэлсэн. Гэрээний дагуу 2024 онд барилга угсралтын ажил дуусч ашиглалтад орох байсан боловч одоог хүртэл ашиглалтад ороогүй байна. Гэвч бид дулааны станцыг ашиглалтад орохыг хүлээлгүйгээр энэ онд Улсын төсвийн 51.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дулааны станцын дэд бүтэц, шугам сүлжээний ажлыг хийж эхэлсэн. Цаашид энэ ажлыг хугацаанд нь чанартай хийж дуусган, дулааны станцыг ашиглалтад оруулах шаардлагатай байна. Мөн 2022-2024 онд Улсын төсвийн 25.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор сумын гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэсэн. Одоо бид гэр хорооллын айл өрхийг шугам сүлжээнд холбох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ ажил бүрэн хэрэгжиж дууссанаар аймгийн төвийн гэр хорооллын айл өрхийн 30 орчим хувь нь инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдож, агаар, хөрсний бохирдлыг бууруулахад нэлээдгүй хувь нэмэр оруулах юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн хичээлийн байр, дотуур байр шинээр барих, их засвар хийх ажлыг үе шаттай зохион байгуулсан. Энэ хүрээнд Багш хөгжлийн ордон, Япон хэлний сургалттай “Соого Сейкео” сургуулийн байр, Эрдэм сургуулийн хичээлийн байранд өргөтгөл, Политехник коллежийн дотуур байр зэрэг ажлуудыг хийж, гүйцэтгэсэн байгаа. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Номундалай цогцолбор сургуулийн гадна спорт талбай, машины зогсоол, Бууцагаан сумын хуучин сургуулийн спорт заал, Заг сумын цэцэрлэг, Галуут сумын цэцэрлэг, Богд сумын цэцэрлэг, Баянбулаг сумын сургууль, Бууцагаан сумын хуучин сургууль, Жаргалант сумын дотуур байр, Өлзийт сумын дотуур байр, Баацагаан сумын сургуулийн дотуур байр, Гурванбулаг сумын дотуур байр, Хүрээмарал сумын цэцэрлэг тус бүрийн их засварын ажлыг үе шаттай зохион байгуулсан.
Эрүүл мэндийн салбарын хувьд үндсэн мэргэжлийн резидент эмч нарыг орон нутагт бэлтгэх сургалт эрхлэгч байгууллага болох бэлтгэл ажлыг хангаж, суралцагч эмч нарын суралцах орчинг (интернет, 500 гаруй мэргэжлийн ном, сэтгүүл, сургалтын өрөө, эмнэлзүйн ур чадвар, амралтын өрөө) цогцоор нь бүрдүүлсэн. Өдөрт 1000 хүнд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай улсын жишиг шинэ амбулаторыг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Цаашид нэн шаардлагатай мэргэжлээр тусгай мэргэжилтнийг солилцоогоор ажиллуулах, чадавхжуулах, эмч ажилтнуудын дунд эрдэм, шинжилгээ, судалгааны ажил зохион байгуулж, судлаачдыг дэмжин ажиллана. Мөн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд салбар байгууллагуудын оролцоог хангах, хил залгаа аймгийн сумдын хүн амд харъяалал харгалзахгүй тусламж үйлчилгээ үзүүлэх, мэдрэл, хавдрын тусламж үйлчилгээг орон нутагт өргөжүүлж, иргэдэд цогц үйлчилгээ үзүүлэх чиглэлд анхаарч байна. Уламжлалт, сэргээн засах тусламж үйлчилгээний төрөлжсөн төв байгуулах зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
-Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бүсийн хөгжилд хэрхэн дэмжиж байна?
-Хангайн бүсийн хэмжээнд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн нэг нь манай аймгийн Бууцагаан сумын нутагт Байдрагийн голыг түшиглэн 30 МВт хүчин чадал бүхий усан цахилгаан станц байгуулах ажил юм. Байдрагийн голыг түшиглэн баригдах усан цахилгаан станцын ТЭЗҮ боловсруулагдаж батлагдсан. Энэ төсөл хэрэгжсэнээр бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болж, сэргээгдэх эрчим хүчийг ашиглана. Энэхүү төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаар холбогдох яам, агентлаг, орон нутгийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг ажиллаж, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
-Цаашид хангайн бүсийн аймгуудтай хамтран хэрэгжүүлэх томоохон төсөл, санаачилга бий юу?
-Манай аймгийн Шинэжинст сумын нутагт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сэкер ресорсус Монголиа” ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар Шинэжинст сумаас Өмнөговь аймгийн Шивээхүрэн хүртэлх 295.17 км хатуу хучилттай авто замын ажлыг энэ онд эхлүүлсэн. Ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Харин бид Баянхонгор аймгийн төвийг Шинэжинст сумтай холбох 204.5 км хатуу хучилттай авто зам, Баянхонгор аймгийн төвийг Архангай аймгийн Чулуут сумтай холбох 350 км авто замын ТЭЗҮ, зураг төслийг хийлгэсэн. Өвөрхангай аймаг манай аймагтай хатуу хучилттай авто замаар холбогдсон байдаг. Эндээс харвал дээрх авто замын төслүүд бүрэн хэрэгжиж дууссанаар Хангайн бүсийн гурван аймаг хоорондоо хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдох төдийгүй Шивээхүрэнгийн боомтоор дамжин БНХАУ-д шууд зорчих боломж бүрдэнэ. Манай гурван аймгийн хувьд боомтгүй учраас гадаад хамтын ажиллагаа, экспортын асуудал хүндрэлтэй байдаг бол удахгүй мал аж ахуйн салбарын түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох, боомт орчмын жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж нээгдэнэ. Түүнчлэн Хангайн бүсийн гурван аймгийг хамарсан аялал жуулчлалын шинэ маршрутыг бий болгох, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой авто замын төслүүд гэж харж байгаа. Үүнийг дагаад бүсийн эдийн засаг ч сайжирна.
-Цаашид аймгийнхаа хэмжээнд хийхээр төлөвлөсөн зорилтот ажлуудын талаар дурдана уу?
-Архангай, Өвөрхангай аймгуудтайгаа хамтран бүсчилж хөгжих, орон нутгийн бүсийн тэргүүлэх таван чиглэлийг боловсруулан жигд хөгжүүлэх ажлуудыг зохион байгуулна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн томоохон төслүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бизнес эрхлэгчидтэй хамтран үйл ажиллагааг жигдрүүлэх, Ингэний сүүний хуурай сүүг хатаан бэлтгэж гадаадын зах зээлд экспортлох, экспортын гол нэрийн бүтээгдэхүүнийг бий болгохыг зорьж байна.
Сүүлийн жилүүдэд манай говийн бүс нутагт томоохон уул уурхайн ордууд эдийн засгийн эргэлтэд орж эхэлж байна. Уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч хувийн хэвшлүүдтэйгээ хамтран байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа. Уул уурхайг дагасан жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгон эрдэс баялгийн салбараас эдийн засагт орох үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Одоогоор манай аймгийн Баянхонгор, Баян-Овоо, Шинэжинст сум төсвөө бие даан бүрдүүлдэг. Цаашид бид дээрх бүс нутгийн болон орон нутгийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж, төсвөө бие даан бүрдүүлдэг аймаг болох гол зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 224 (7721)