Ц.МЯГМАРБАЯР  

МУИС-ийн “Багш оюутны стартап-2025” NUM Startup 3.0”  хөтөлбөр ес дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэ жилийн гарааны бизнес шалгаруулж тэтгэлэг олгох үйл ажиллагаа энэ сарын 8-нд болов. Хамгийн анхны хөтөлбөрт таван багийн 20 гаруй оролцогч оролцож байсан бол энэ онд 16 багийн 98 оролцогч, өнөөдрийг хүртэл нийт 91 багийн 623 багш оюутан хамрагдаад байна. Энэ үеэр МУИС-ийн Шинжлэх Ухааны сургууль, Байгалийн ухааны сургууль, Химийн тэнхимийн дэд профессор Ч.Буян удирдагчтай, “232” баг, “BioDrop” төслийн багийн ахлагч, Технологи дамжуулах төвийн эрх­лэгч, профессор Ш.Наранмандах удирдагчтай, “Growith” баг, “Малын хаяг­дал арьснаас азотын шингэн бордоо гаргах технологи” төслийн багийн ахлагч нарыг  Оюуны өмч мэ­дүү­­лэх төлбөрийн эрх гардан аваад бай­хад нь уулзаж ярилцсан юм.

 

МУИС-ийн Инженер технологийн сургуулийн Химийн инженерчлэлийн ангийн IV дамжааны оюутан А.Мөнхболд: Бидний санаачилсан ундны усны шүүлтүүр бордоо болдгоороо онцлог

 -Танай багийн төсөл Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хоёрыг нь хангаж хаягдлаас ус шүүгч гаргаж эргээд байгальд хаягдалгүй гэдгээр нь онцлог байлаа?
-Монгол Улс ундны усны бохирдлоор өндөр түвшинд байдаг. Мал аж ахуй эрхлэлт их учраас түүнээс гарах био хаягдлын хэмжээ ихтэй. Тиймээс био хаягдлыг ашиглаж усны бохирдлыг яаж шийдэж болох вэ гэсэн шийдлийг эрэлхийлж санааг дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, их хэмжээний хаягдлыг дулааны задралд оруулснаар “биочаар” хэмээх төсөрхөн бүтэцтэй сэргээш материал болох чадвартай улмаар бордоо болж өргөн цар хүрээнд ашиглагдах боломжтой материал гаргаж авсан. Үүнийгээ  байгалийн гаралтай шингээгч болох целиот болон нано технологитой материал ашиглаж шүүгч буюу компенсатор бий болгосон гэсэн үг. Уг компенсатор буюу шүүлтүүр нь  усны хатуулаг, хүнд металл, механик бохирдлуудыг үр дүнтэй шүүхийг туршилтаар тооцоолсон. Мөн хаягдлаас гаргаж авч буй шүүлтүүр учраас эдийн засгийн тухайд хямд өртөгтэй. 
Үүнийг ашигласнаар дараа нь гарах хаягдалгүй. Учир нь  хэрэглэсэн шүүлтүүрий /филтер/ газарт булж хаягдлыг шийдэж буй юм. Газарт булснаар бордоо болж эргээд байгальдаа шингэж буй циркуляр эдийн засаг юм. Хөрсөнд ямар ч гэм хоргүй. Харин ч хөрсийг сийрэгжүүлж өгнө. Мөн хөрсний хөвсгөр бүтэц усыг ихээр татсанаар ургамал хурдан  ургах орчныг бүрдүүлж байгаа сайн талтай.


-Зах зээл дээр байгаа шүүлтүүрээс шүүлт нь бага гэж байсан. Үүнийг нэмэгдүүлэх боломжтой юу?
- Нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Гэхдээ хэдийгээр бага хэмжээтэй шүүдэг ч гэсэн зөвшөөрөгдөх стандарт хэмжээгээ хангасан. Хамгийн гол нь манай гарааны бизнесийн анхны өртөг нэг сая төгрөгт багтаах ёстой. Өөрөөр хэлбэл, нэмэгдүүлэхэд өртөг илүү гарчих байсан учраас орхисон. Цаашид зах зээлд нийлүүлэгдэхээр бол нэмэгдүүлж гаргана. Манай бүтээгдэхүүн зах зээлд үйлдвэрлэгдэх хөрөнгө оруулалт 232 сая төгрөг. Энэ хөрөнгө оруулалтаа 3.1 жилд нөхнө. 


-Тэгэхээр танай “биочаар” зах зээлд ямар үнээр борлуулагдах вэ. Зах зээлийн үнийн судалгаа хийсэн үү?
-Манай шүүлтүүрийн анх суурилуулах үнэ 45 мянган төгрөг. Зургаан сар тутамдаа 18 мянган төгрөгөөр солино. Бусад зах зээл дээрх шүүлтүүрийн суурилах үнэ 300-400 мянган төгрөг. Ер нь зах зээлд голлох таван ус шүүгч бий. Зургаан сар тутамд солих үнэ 30-45 мянган төгрөг. Гэхдээ буцааж сэргээхдээ химийн бодис ашигладаг учраас байгальд сөрөг нөлөөтэй. 

 

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүү хөтөлбөрийн ангийн IV дамжааны ангийн оюутан   Д.Доржсүрэн: Манай багийн төсөл малын хаягдал арьснаас шингэн бордоо гаргаж авснаараа онцлогтой

-Төсөлд нь шаардлагатай хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө эхлээд танилцуулна уу?
-Малын арьснаас шингэн бордоо гаргаж авсан төсөл маань 650 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Бид таван хүнтэй компани байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Шингэн бордоо үйлдвэрлэх түүхий эдийн зардалд 250 сая төгрөг, цалингийн зардалд 180 сая, 45 сая төгрөгийг компанийн тогтмол зардал болон маркетинг, бордооны сав, багалаа боодлын зардалд,тоног төхөөрөмж худалдан авах зардалд 140-150 сая төгрөг, эрсдэлийн сандаа 25 сая төгрөгийг төсөвлөсөн. 


-Малын арьс, ширний нөөц хангалттай юу?
-Манай улс жилд 17 сая ширхэг малын арьс ширийг боловсруулах боломжтой гэсэн тооцоо байдаг. Үүний долоон сая орчим нь боловсруулагдаагүй хаягддаг. Тэгэхээр нөөц бол хангалттай. 


-Танай төслийн баг хэдэн тонн арьс, шир дээр туршилт боловсруулалт хийсэн билээ? 
-Манай баг туршилтаар 1350 см/кв талбайд 20-30 м/л шингэн  бордоо хэрэглэж туршсан. Үр дүнд нь 35-40 хувийн ургалт үзүүлсэн. Бордоонд агуулагдаж байгаа агууламж уруйн хэмжээ нь 9.2-11.4 хувь азотын хэмжээ нь 4.5-5.0 хувь, калийн хэмжээ нь 8.1 хувь,PH 7.0 хувьтай.


-Зах зээлд шингэн бордооны хэрэглээ хэр байдаг юм бол?
-Манай улс азотын бордоог голлон импортоор оруулж ирдэг. Сүүлийн таван жилийн статистик мэдээгээр  дунджаар 100 мянган тонныг оруулж ирсэн судалгаатай байсан. Манай энэ бүтээгдэхүүнийг  үйлдвэрлэлд нэвтрүүлбэл зах зээлийн 10 орчим хувийг хангах тооцоотой.


-Ер нь бордоог малын өтөг, бууцнаас гаргаж авдаг технологи олон байх. Харин арьснаас гаргаж авах нь онцлог байна л даа. Яаж гаргаж авах вэ. Энгийнээр тайлбарлаж өгнө үү?
-Арьс, шир боловсруулдаг  “Булгиар” ХХК  нь арьснаас үсийг нь зумлаж шир болгодог компани. Мөн хаягдал маш ихээр гардаг. Учир нь шир нь энэ, тэндээ цоорсон, нимгэрсэн байдаг.  Мөн ширний үйлдвэрлэлд шаардлага хангахгүй зах хэсгийг нь хайчилж хаядаг. Тэгвэл тэр хэсгийг нь бид ашигласан гэсэн үг. Туршилтад давсны хүчил болон бусад химийн урвалыг ашиглаж лаг маягийн зүйл гаргаж авсан. Түүнийгээ устай хольж шингэн бордоо болгосон гэсэн үг. 

-Энэ гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр ямар санагддаг вэ?
-Манай эрдэмтэн багш, судлаачид, оюутнууд болон үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн бүтээлч хамтын ажиллагаа өргөжүүлж бодит үр дүнгээ өгч байгаад төгсөх ангийн оюутнууд бид талархан хүлээн авдаг. Сургуулиа төгсөөд гарахдаа Оюуны өмчийн патенттай төгсөнө гэдэг нэр төрийн хэрэг. Түүнчлэн  зах зээлд гараад энэ чиглэлд ажиллахад Монгол Улсын хөгжилд бодит үр дүн өгөх өргөн боломж бий гэдэгт итгэж байна. Цаашдаа манай баг энэ төслөө үргэлжлүүлэн хөгжүүлнэ. Хамгийн гол нь эрдэмтэн багш нарын удирдлага дор тэдний чиглүүлснээр хамтарч шинэ инновац гаргаж байгаа нь бидний хувьд том боломж. Түүнчлэн эхний байруудад шалгарсан багууд шууд тодорхой хэмжээний мөнгөн тэтгэлэг авч байгаа нь цааш төслөө зайлшгүй үргэлжлүүлэх үр дүнд хүргэх баталгаа нь болж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 213 (7710)