К.АНУ
Сүүлийн жилүүдэд “quiet cracking” буюу чимээгүй ядаргаа хэмээх шинэ үзэгдэл дэлхий даяар анхаарал татах болжээ. Энэ нь ажилтнууд урам зориг, утга учраа алдаж, сэтгэлээр унасан ч ажилдаа үргэлжлүүлэн явах үзэгдлийг хэлдэг. Гаднаас нь бол бүх зүйл хэвийн мэт боловч дотроо тэд ядарч, түлхэж буй орчинд хүчгүйдэж байдаг.
Психологичдын үзэж байгаагаар энэ нь зөвхөн хувь хүний асуудал биш, харин ажлын зохион байгуулалт, удирдлагын арга барил, дижитал дарамттай холбоотой системийн шинжтэй асуудал юм.
Хэн хамгийн их өртдөг вэ?
Судалгаагаар “чимээгүй ядаргаа”-нд хамгийн түрүүнд өртдөг бүлэг бол идэвхтэй, хариуцлагатай, бусдыг дэмждэг хүмүүс гэжээ. Тэд ихэвчлэн ажлаа чин сэтгэлээсээ хийдэг тул урамгүй орчин, дэмжлэггүй удирдлага, хэт их ачаалалд хамгийн эмзэг байдаг.
Өөр нэг эмзэг бүлэг бол гэрээсээ ажилладаг хүмүүс. Онлайн горимд ажил, хувийн амьдралын зааг алдагдаж, байнгын холбоонд байх шаардлага стрессийг нэмэгдүүлдэг. Үр дүнд нь тэд “дуусдаггүй ажлын тойрогт” орсон мэт мэдрэмжтэй болж, тайван байх орон зайгүй болдог.
Ажилтнууд өөрсдөө юу хийх ёстой вэ?
Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр “чимээгүй ядаргаа”-г даван туулахын тулд хамгийн түрүүнд энэ бол системийн асуудал болохыг ойлгох хэрэгтэй. Энэ нь таны сул тал биш, харин нөхцөл байдлын үр дүн юм.
Ийм нөхцөл байдлаас гарахын тулд яах ёстой талаар мэргэжлийн хүмүүс дараахь зөвлөгөөг өгчээ. Үүнд:
-Хязгаараа тогтоо. Ажлын дараа чатаа унтрааж, ажлын бус өөртөө цагтаа анхаарал хандуул.
-Хамт олонтой ярилц. Нээлттэй хуваалцах нь өөрийгөө ганцаар биш гэдгийг мэдрүүлдэг.
-Утга учраа эргэцүүл. Ажлынхаа үнэ цэнэ, өөрт өгч буй утгыг дахин ол.
-Дэмжлэг хай. Хүний нөөцийн мэргэжилтэн, сэтгэл зүйч эсвэл итгэж болох хүнтэй ярилц.
-Өөрийгөө хөгжүүл. Шинэ ур чадвар эзэмшиж, урам зориг сэргээхэд анхаар.
“Хүн ажлаа орхихоор шийдсэн үед биш, харин ажилдаа утга учраа алдаж эхэлсэн тэр мөчид “чимээгүй ядаргаа” эхэлдэг” гэж HR-аналитик Ольга Бахтина lenta.ru-д ярьсан байна.
Орчин үеийн ажил амьдралын хамгийн том сорилт бол тэнцвэрээ алдах. Хэт их ачаалал, дижитал стресс, дотоод сэтгэлээ сонсох завгүй амьдрал “чимээгүй ядаргаа”-г улам түгээмэл болгож байна. Энэ үзэгдлийг зөвхөн хувь хүн бус, байгууллага, нийгмийн түвшинд ойлгож, сэргийлэх нь чухал юм.
Эх сурвалж: zms.mn