М.ЗҮЙР

Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулинтай улс орны макро эдийн засгийн гүйцэтгэл, дотоод эрсдэл, АХБ-ны Монгол дахь үйл ажиллагааны стратегийн талаар ярилцлаа. 

-АХБ-наас Монгол Улсын макро эдийн засгийн чиг хандлага болон эдийн засгийн өсөлт авчрах гол хөдөлгөгч хүчийг хэрхэн харж байна вэ?
-Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт сайн байгаа нь үр дүнтэй бодлогын шинэчлэл хийхийн зэрэгцээ стратегийн нөөцөө сайн ашиглаж буйтай холбоотой. КОВИД-19 цар тахлын дараах сэргэлтээс хойш дэлхий даяар тодорхойгүй байдал нэмэгдсэн хэдий ч Монгол Улсын эдийн засаг тогтвортойгоор 5 орчим хувийн өсөлттэй явж ирлээ. Оюутолгойн далд уурхайн өргөтгөл нь өсөлтийн томоохон хөдөлгөгч хүч болсноор эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбарын хувь нэмрийг бататгаж байна. Тус салбар нь 2024 онд ДНБ-ий 27 хувь, экспортын 93 хувийг бүрдүүлсэн. Гэсэн хэдий ч эрдэс баялгийн экспортоос тэр хэрээр их хамааралтай байгаа нь Монгол Улсыг дэлхийн түүхий эдийн зах зээлийн савлагаанд өртөмтгий болгож буй тул эдийн засгийг төрөлжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.

Үйлчилгээ, хөдөө аж ахуй зэрэг уул уурхайн бус салбаруудын өсөлт эрчээ авч, эдийн засгийн бааз суурийг өргөжүүлэхэд нэмэр болж байгаа нь сайшаалтай. Мөн Засгийн газар төсвийн сахилга батаа сайжруулж, бүтцийн шинэчлэлийг тууштай хэрэгжүүлсэн нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Нийгмийн тодорхой үзүүлэлтүүд бас сайжирч байна. Дундаж наслалт 71.8 нас хүрч, орлогын тэгш бус байдал багасаж байна. Ялангуяа хөдөө орон нутагт ядуурал өндөр хэвээр байна. Илүү тодорхой хэлбэл, 2022 онд улсын хэмжээнд ядуурлын түвшин 27 хувьтай байсан бол хөдөө орон нутагт ядуурал 41 хувь байгаа нь орон нутагт хүртээмжтэй өсөлтийг дэмжих зорилтот арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.


-АХБ-аас 2025–2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх “Түншлэлийн стратеги” нь Засгийн газраас тавьсан тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн зорилгыг хэрхэн дэмжиж байна вэ?
-АХБ-наас 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх “Түншлэлийн стратеги” нь улс орны хүртээмжтэй, тогтвортой хөгжил, эдийн засгийн төрөлжсөн өсөлтийг дэмжихэд чиглэсэн. Энэхүү стратегийг АХБ-ны Монгол Улстай олон жил нягт хамтран ажилласан туршлага, бат бөх суурин дээр үндэслэн боловсруулсан бөгөөд Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулсан. Төрийн байгууллагуудын удирдлагыг сайжруулах, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагаврыг бууруулах бодлогын шинэчлэлийг эрчимжүүлэх, цахим болон биет холбоог сайжруулах замаар дэд бүтцийг хөгжүүлэх, хөдөө болон хотын суурин газрын тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх зэрэг чиглэлүүдийг энэхүү стратегид онцолсон. Мөн тус стратегид Монголын иргэн бүр тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэж буй юм. Энэ хүрээнд хөдөө орон нутагт дэд бүтцийг хөгжүүлж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах замаар эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Бид орон даяар чанартай боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах замаар хүртээмжтэй, тэр дундаа нийгмийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдэд илүү хүртээмжтэй байхуйц бүсчилсэн, тэнцвэртэй хөгжилд онцгой анхаарч байна. Эдгээр хүчин чармайлт нь ялгаатай байдлыг бууруулж, Монголын бүх ард иргэдэд, ялангуяа хөдөө орон нутагт болон гэр хороололд оршин суудаг иргэдэд эдийн засгийн өсөлтийн өгөөжийг хүргэх нөхцөлийг бүрдүүлнэ. АХБ нь дэд бүтэц, зах зээлийн холболтыг сайжруулах, үнэ цэнэ бүхий сүлжээг хөгжүүлэх, бизнес эрхлэлтийг дэмжих замаар орон нутгийн эдийн засгийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Хөдөө орон нутгийн иргэдэд хүрэх үйлчилгээ, тэр дундаа эдийн засгийн боломж хангалтгүй байгаа нь тэдний бүтээмжийг бууруулж, ажлын байр бий болгох боломжийг хязгаарладаг. Тиймээс бид хөдөө орон нутгийн залуусыг илүү төрөлжсөн, орчин үеийн эдийн засгийн оролцогч болж, улсынхаа ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулахад нь туслах зорилгоор мэргэжлийн болон ур чадварын хөгжлийн хөтөлбөрт хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.


-Уур амьсгалын өөрчлөлт нь Монгол Улсын хувьд улам тулгамд­сан асуудал болж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байх тал дээр АХБ-наас ямар дэмжлэг үзүүлж байна вэ?
-Монгол Улс бол уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орнуудын нэг. Сүүлийн жилүүдэд мөнх цэвдэг илүү хурдтай хайлж, хур тунадасны хэв шинж өөрчлөгдсөнөөр үерийн эрч болон давтамж нэмэгдсэн. Мөн зудын давтамж ихсэж, цөлжилт эрчимжиж, усны хомсдол нэмэгдэж байна. АХБ нь бодлогын шинэчлэл, салбар болон орон нутагт чиглэсэн хөрөнгө оруулалтаараа дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг тэсвэрлэх, даван туулах чадавхыг нь нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. АХБ өмнө нь ч дэд бүтцийн төслүүддээ уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлд тэсвэртэй шийдлийг тусгаж ирсэн. Үүнд хотын дэд бүтцэд үерээс хамгаалах суваг хийх, автозамын чиглэлийг үерийн эрсдэлтэй газраас тойруулж төлөвлөх зэрэг төлөвлөлтийг тусгадаг. Уур амьсгалын өөрчлөлт хөдөөгийн иргэдийн амьдрал ахуйд ч улам ихээр нөлөөлж буй тул бид тогтвортой бэлчээрийн менежмент, газар ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтөд нийцсэн хөдөө аж ахуйг дэмжих хүчин чармайлтаа эрчимжүүлж байна. Мөн гамшгийн нөлөөг бууруулах, онцгой байдалд хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх зорилгоор гамшгийн эрт сэрэмжлүүлэх системийг сайжруулах чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллаж байна. Тухайлбал, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд Засгийн газарт үзүүлж буй дэмжлэгийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах зорилгоор хүлэмжийн хийн үнийн тогтолцоо, ногоон санхүүжилтийн механизмыг нэвтрүүлэхэд хамтран ажиллаж байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цахилгаан дамжуулах сүлжээний үр ашгийг дээшлүүлэх нь энэ зорилтын нэг хэсэг мөн бөгөөд ингэснээр, эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж, хатуу түлшний хамаарлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.


-Монгол Улсын эдийн засгийн төлөвт учирч болзошгүй гол эрсдэлүүд юу вэ, тэдгээрийг хэрхэн бууруулах вэ?
-Монгол Улсын эдийн засаг эрдэс баялгийн экспортоос ихээхэн хамааралтай тул түүхий эдийн үнийн хэлбэлзэл зэрэг гадаад цочролд эмзэг хэвээр байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгууд нь иргэдийн амьжиргаа болон дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг гол салбаруудад эрсдэл учруулсаар байна. Эдгээр эрсдэлийг бууруулахын тулд эдийн засгийг төрөлжүүлэх, институтийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Бодлогын шинэчлэлийг үргэлжлүүлэхдээ АХБ-наас Монгол Улсад техникийн туслалцаа, мэдлэг туршлага солилцох дэмжлэг үзүүлдэг. Үүнд тухайлбал, төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах, хөрөнгө оруулалтын орчныг ээлтэй болгох, эрсдэлд суурилсан төлөвлөлт хийх институтийн чадавхыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлүүд багтаж байна. Өрийн удирдлагын тогтолцоог Олон улсын сайн туршлагад нийцүүлэн бэхжүүлэх нь төсвийн уян хатан байдал болон урт хугацааны тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй юм.


-АХБ-наас Монгол Улсад тулгарч буй дотоод эрсдэлийг хэрхэн дүгнэж байгаа вэ. Мөн тэдгээрийг шийдвэрлэхэд өнөөгийн бодлогын зорилтууд хэр үр дүнтэй байна гэж харж байгаа вэ?
-Монгол Улсад тулгарч буй дотоод эрсдэлүүд нь уул уурхайн орлогоос хэт хамааралтай, гадаад цочролд хэт мэдрэмтгий зэрэг эдийн засгийн бүтцээс голчлон үүсэж бий болж байгаа. Энэхүү хамаарал нь түүхий эдийн үнэ хэлбэлзэх, олон улсын зах зээл дээрх эрэлт өөрчлөгдөх үед улсын төсөвт дарамт үүсгэж байна. Дэлхий дахинд нүүрстөрөгч багатай хөгжлийн загварт шилжиж буй өнөө үед энэхүү эрсдэл улам даамжирч, тогтвортой өсөлтийг хангахад сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Эдгээр эрсдэлийг удирдахад төсвийн оновчтой удирдлага, мөнгөний бодлогын уян хатан тогтолцоо шаардагдана. Тодруулбал, энэ оны 3-р сард Төв банкнаас инфляцын дарамтыг хязгаарлах зорилгоор бодлогын хүүг 10-аас 12 хувь хүртэл нэмэгдүүлж, улмаар инфляцын хүлээлтийг тогтворжуулж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд шийдмэг бодлогын арга хэмжээг авахад бэлэн байгаагаа харуулсан. Гадаад орчинд тогтворгүй байдал үүссэн өнөө үед инфляцыг нам түвшинд хадгалахын тулд төсөв болон мөнгөний бодлогын уялдааг цаашид үргэлжлүүлэн хангах шаардлага бий. Улсын төсвийн хувьд 2020 онд ДНБ-ий 9.2 хувьтай тэнцэх алдагдалтай байсан хэдий ч 2024 онд 1.1 хувийн ашигтай болж сайжирсан нь төсвийн позиц бэхэжсэнийг илэрхийлж байна. Орлогын хэлбэлзлийг тогтворжуулах хуримтлалын дүрмээ цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь бодлогын чухал арга хэмжээ юм. 


-Цаашид Монгол Улс урт хугацааны хөгжлийн зорилтдоо хүрэхийн тулд ямар боломжуудыг голлон ашиглаасай гэж таны зүгээс харж байгаа вэ?
-Монгол Улсын түүх соёлын баялаг өв, залуу бөгөөд эрч хүчтэй хүн ам, арвин их байгалийн нөөц нь тогт­вортой, хүртээмжтэй хөгжлийг хангах томоохон давуу тал билээ. Мөн салбаруудын шинэчлэл хийх, эдийн засгийн нээлттэй бодлого баримтлах, бүс нутгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх чиглэлээр тууштай  ажиллаж байгаа нь урт хугацааны хөгжлийн бат бөх суурийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж харж байна. АХБ Монгол Улсын хөгжлийн итгэлтэй түншийн хувьд 30 гаруй жил хамтран ажиллаж байгаа­гаараа бахархдаг. Бид улс орны хөгжилд гарч буй өөрчлөлтийн хамгийн ойрын бодит гэрч болж, тулгарч буй сорилтыг даван туулах, шинэ боломжийг ашиглахын төлөөх цуцалтгүй эрмэлзлээс үргэлж урам зориг авч байдаг. Монгол Улс хөгж­лийн зорилтдоо хүрэх цаашдын тэмүү­лэл, үйл хэрэгт АХБ-ны зүгээс ухаалаг хөрөнгө оруулалт, оновчтой шийд­лээр дамжуулан тууштай дэмжлэг үзүүлнэ. Монголын бүх ард ир­гэдийн илүү сайн сайхан, илүү ногоон, илүү тэсвэртэй ирээдүйн төлөө хамтын ажиллагаагаа үргэлж­лүүлсээр байх болно гэдгээ илэрхийлэхэд таатай байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 213 (7710)