Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ 

Философи нь хорвоо ертөнц ба нийгмийн мөн чанар, түүнчлэн хүний амьдралын утга учрыг эцэслэн тунгааж, түгээмэл чанартай тайлбарыг хайдаг ухаан юм. Философийг өдгөөгөөс 2500 гаруй жилийн өмнө дэлхийн өнцөг булан бүрд ойролцоо хугацаанд үүссэн гэж үздэг бөгөөд Пифагор, Сократ, Платон, Аристотель зэрэг сэтгэгчид философийг системтэй судлан боловсруулж, бусдад зааж эхэлжээ. Ингэхдээ философийг амьдралын ухаан гэж үздэг байв. Харин дундад зууны үед шашны сургалтын хүрээнд заадаг байсан философийг XVI-XVIII зууны Сэргэн мандалтын үеэс эхлэн Европын их сургуулиудад философийг бие даасан ухаан болж, оюутнуудад ерөнхий боловсролын үндэс хэлбэрээр заадаг байсан. Ийнхүү XIX-XX зууны үеэс мэргэжлийн философичдыг бэлтгэж эхэлсэн байдаг. 
Энэ жишгээр манай улсад философийн мэргэжилтэн бэлтгэж эхлээд хэдийнээ нэгэн жаран өнгөрөөд байна. Өөрөөр хэлбэл, 1964 оны Нийгмийн ухааны багш нарын улсын зөвлөгөөнөөр МУИС-д философийн анги нээх санал гарч, уг санаачилгыг тухайн оны арванхоёрдугаар сарын 13-нд МАХН-ын Төв хорооны улс төрийн товчоо баталсан юм. Ингэснээр 1965-1966 оны хичээлийн жилд анхны элсэлтээ авч байсан түүхтэй.

Тэгвэл энэхүү жаран өртөөлсөн МУИС-ийн Философийн тэнхимээс ажлын анхны гараагаа эхлүүлсэн ачтан багш нарын нэг бол профессор Т.Дорждагва юм. Угтаа тэрээр амьтан судлаач, биологийн багш мэргэжилтэй нэгэн юм. Харин ховорхон хувь заяагаар олон шинжлэх ухааны уулзвар философийн шинжлэх ухаанд амьдралынхаа ихэнх цаг хугацааг зориулж, олон шавь нар төрүүлжээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа доктор, профессор Т.Дорждагвыг онцолж байна. 

 

Чонос овгийн нэгэн хөвүүн мэндэллээ

Монгол Алтайн нурууны үргэлжлэл Зүүн Богд  уулсын хөндий дов, толгод, гүвээгээр хүрээлэгдсэн өргөн уудам нутагт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум оршино. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошууны Хөөвөр хэмээх газар Чонос овогт Тогоочийнх гэх айлын ганц охиных нь хүү Т.Дорждагва төрсөн нь энэ билээ. Тогооч гуай аймгийнхаа олон сумдад ажиллаж, хоршооны дарга хийж байсан нэгэн. Ийнхүү амьдралын эрхээр Тогооч гуай гэргийн хамт зээ хүүгээ өөр дээрээ авч, охин Т.Пүрэв нь зүрх сэтгэлээ даган хань ижилтэй болж, хүүдээ олон дүү төрүүлж өгсөн гэдэг. 
“Би бага залуугаасаа дотоод гадаадад боловсрол эзэмшихээр эрт биеэ даасан хүн. Сурагч нарын амралт, ажлын ээлжийн амралтаараа хоёр хөгшин дээрээ очно. Сүүлдээ тэд маань хоёулхнаа ядрах шинжтэй болж, Улаанбаатарт хамт байх болсон. Аав, ээжийн захидаг худлаа ярьж, хулгай хийж болохгүй гэх хүмүүжлээр чих зөөлөнтэй хүүхэд болж хүмүүжсэн. Миний амьд бурхад байсан даа” гэж нийтлэлийн баатар маань дурсан суусан юм. 
Т.Дорждагва гуайн төрсөн ээж Т.Пүрэв эмээ өдгөө 90 гаруй насыг зоогложээ. Өөрөө амьдралын эрхээр аав, өвөө болоод үс нь бууралтаад ирэхийн цагт ижийгээ улам санах болсон гэнэ. Ээж нь Өвөрхангай аймгийн төвд байдаг бөгөөд сар шинээр гэр бүлээрээ очиж золгож, утсаар байнга ярьж, бололцоо олдвол урин дулаан цагт очдог гэнэ. “Нас өндөр ижийгээ бодохоор санахаас илүү өрөвдөж, хайрлах юм. Бие нь ядрах болсноос биш ой ухаан нь хурц хэвээрээ” гэх ярианаас ижийтэйгээ хамт өтлөх юутай сайхан гэж бодогдоно. 
Тэрээр Баруунбаян-Улаан сумын бага сургууль, Гучин-Ус сумын дунд сургууль, Өвөрхангай аймгийн арван жилийн сургуулийг тус тус дүүргэж бүрэн дунд боловсрол эзэмшив. Орос хэл, математиктаа сайн, сийрэг толгойтой хүү ахлах сургуулиа дүүргэж эрдмийн мөр хөөхөөр хүний нутаг зорих битүүхэн хүсэлтэй. Гэвч  өвгөн аавынх нь нас өндөр гарч бие чилээрхүү үе таарч холдохын аргагүй болов. Ийнхүү аавынхаа захиснаар эх орондоо сурахаар болж, их сургуулийн  амьтан судлалын ангийг сонирхон сонгожээ. Энэ тухайгаа тэрээр “Таван жил номын дуу сонсож, дадлага хийж, экспедицэд явж мэргэжлийн диплом өвөртөлсөн хүн чинь мэргэжлээрээ бахархаж, амтанд нь орсон байдаг юм билээ. Төгсөхдөө биологийн ангиллын нэршлээр бол Merionus unguiculatus буюу загийн шар чичүүл гэдэг мэрэгч амьтнаар дипломын ажил хийж, ажлаа орос хэл дээр бичиж хамгаалсан. Тэр маань эдүгээ Амьтан судлалын тэнхимд хадгалагдаж байна лээ. Түүнийгээ хараад догдолж, сэтгэл сонин болж байдаг шүү” гэсэн юм.
Тэрээр дан ганц номын хорхойтон байсангүй. Бие бялдрын хөгжил анхаарна. Тиймдээ ч оюутны аваргын чөлөөт  бөхийн таван удаагийн аварга, чөлөөт бөхийн спортын мастер цолтой нэгэн билээ.  

 

Амьтан судлаачаас философийн багш болсон нь

МУИС-ийн Нийгмийн ухааны факультетын Философийн тэнхим бусад улс орны жишгээр мэдлэгийн бусад салбараас мэргэжилтэн урьж ажиллуулах, тэнхимдээ хос мэргэжлийн багш бэлтгэх уламжлалтай байв. Ийнхүү холбогдох факультет, тэнхимийн  удирдлагуудтай ярилцан багшлах ур чадвартай шилдэг төгсөгчдийг сонгох аж. Энэ жишгээр нүдэнд нь туссан философийн тэнхимийн ирээдүй бол Т.Дорждагва юм. Түүнийг сургуулиа төгсөх үед Байгалийн ухааны факультетын декан, профессор М.Юндэн багш нь дуудаж “Философийн багш болох уу” гэж сүрхий цочирдуулсан асуулт асуусан гэдэг. “Тэр үед би яг юу гэснээ  санадаггүй юм. Бодвол “Байж боломгүй юм” гээд алмайрсан л байх. Тэгээд бодож байгаад хэлж болох уу гэсэн санагдана. Амьтан судлалын тэнхимийн эрхлэгч, өвгөн профессор А.Дашдорж, дипломын удирдагч, герман профессор Н.Даваа багш, ангийн багш Д.Базардорж нартаа  бэргэж бэргэж энэ тухай дуулгатал мань хүмүүс аль хэдийнээ мэдээд, шууд л дэмжих бололтой байхаар нь санаа шулуудсан даа” гэж бахархалт энэ амьдралаасаа хүүрнэв. Ийнхүү будаг нь ханхалсан дипломтой залуу хүү философийн хичээлийг хоёр семестрт үзэж, хоёр том шалгалт өгөөд их ажлын амтанд ханцуй шамлан орсон нь энэ бөлгөө. 
Тэрээр байгалийн шинжлэх ухааны анги төгссөн болохоор диалектик материализм буюу байгаль, нийгмийн үзэгдлийг диалектик аргаар танин мэдэхэд үндэслэсэн марксист ленинист гүн ухаан чиглэлдээ илүү сонирхолтой. Түүнчлэн байгалийн шинжлэлийн философийг оюутнуудад түлхүү заана. Ийнхүү багшилж байгаад мэргэжил дээшлүүлэхээр Киев улсын Философийн факультетад гурван жил суралцаж, “Орчин үеийн биологийн мэдлэгийн нийгэм ертөнцийг үзэх үзэл” сэдвээр 1987 онд философийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Ийнхүү түүнийг эрдмийн зэрэг цолоо хамгаалж ирэхэд нь улсаас захиргааны ажилд дайчилж, удирдах алба хашуулах болов. Тухайлбал, 1987-1990 оны хооронд Дээд, тусгай, дунд боловсролын улсын хороо буюу одоогийн Боловсролын яамны Нийгмийн ухааны эрдэм шинжилгээ заах аргын зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллажээ. Энэ тухайгаа Т.Дорждагва гуай “Дуулгавартай, зөөлөн чихтэй байжээ. Дээрээс ирсэн үүрэг даалгаврыг заавал биелүүлнэ. Бидний өссөн нийгэм одоогийнхоос өөр болохоор аргагүй биз. Тухайн үед Монгол ардын намын түүх, ЗХУ-ын коммунист намын түүх, Марксист Ленинист философи, Марксист Ленинист улс төр, эдийн засгийн ухаан, шинжлэх ухааны коммунизм гэсэн  таван хичээлийг их дээд сургуульд зааж, энэ үзэл суртлыг суулгадаг байлаа” гэсэн юм. 

 


Удаагаар нь Соёл урлагийн дээд сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгчээс Дуу хөгжмийн факультетын деканаар томилогдож ажиллахын сацуу тус сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг давхар хашиж байсан нь түүнийг хариуцлагатай хийгээд хөдөлмөрч залуу боловсон хүчин байсныг илтгэх болов уу. Үүний дараагаар 1996 онд Гэгээрлийн яамны Соёлын хэлтсийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Төрийн захиргааны удирдах газрын дарга гэхчлэн удирдах албыг ээлж дараалан хашиж байгаад 2000 оноос “Шинэ үе” дээд сургуулийн захирлаар ажиллах болжээ. Тус албыг хоёр жил хоёргүй сэтгэлээр хийсний эцэст танил дотно Философийн тэнхим нь түүнийг урьж, ардын хүүхдийг сургах ачтан багшийн ажлаа дахин хийх болов. Ийнхүү МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөс 2006 онд түүнд “Профессор” цол хүртээж, 2005-2009 онд тус тэнхимийн эрхлэгч, 2018 оныг хүртэл тэргүүлэх профессорын алба хашсаар гавьяаны амралтдаа гарсан гэдэг. Ингэхдээ мөн 2018-2021 оны хооронд “Шинэ үе” дээд сургуулийн захирлаар гурван жил ажилласан байна. Энэ бүх түүхээ ярьж суухдаа даруухан загнахыг нь яана. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж эцэг өвгөдөөс улбаатай сайхан үгийн утга учир болсон буурал эрдэмтдийн нэг тэр гэлтэй.
Хуучин үзэл суртал хүчтэй байсан үед социалист орнууд марксист ленинист философи гэж толгой нэмж ярьдаг байж. Чухамдаа философи нь байгаль, нийгмийн шинжлэх ухаан шиг тодорхой чиглэлгүй, оюун санаа, арга зүйн түгээмэл шинж чанартай онол аж. Тиймдээ ч бүх салбар шинжлэх ухааны философийн асуудал дээр огтлолцдог. Нийгмийн амьдралын аливаа асуудлыг зөвхөн мэдлэгийн үүднээс бус гүн ухаанаар харж тайлбарлаж өөрийн үнэлгээг гаргаж болно. Нийгмийн шаардлагаар бид албан ёсны Марксист-Ленинист философитой байлаа. Харин хожим социалист тойргоос гараад Чингис хааныхаа үзэл сургаалыг баримталсан өөрийн гэсэн эрх чөлөөт монгол иргэд бий болсон. Ийнхүү тухайн хүн өөрийн эзэмшсэн мэргэжил, амьдралын туршлага, үзэж харсан мэдлэг, хүйсийн онцлогоос хамаарч хувь хүнд өөрийн гэсэн үзэл баримтлал, аливаа асуудалд хандах хандлага тогтдог байна.

 

Эрдэнэ шиг бүсгүйтэй цогцлоосон бат сайхан амьдрал 

Тэрээр их сургуульд багшилж байхдаа Хотын намын хорооны харьяа Марксизм, Ленинизмийн оройн сургуульд хичээл заах үеэрээ эхнэртэйгээ танилцсан гэдэг. Түүний гэргийг Т.Эрдэнэчимэг гэдэг бөгөөд ЗХУ-ын Ленинградад Хэвлэлийн сургууль төгсөж ирээд Хэвлэл чимэглэлийн үйлдвэрт ажиллаж байсан цэвэр ичимтгий, үе тэнгийн хацар гоо бүсгүй байж. “Анхандаа энгийн нэг шар охин санагддаг байлаа. Төд удалгүй арай өөр нүдээр харж эхэлсэн гэх үү дээ. Сүүлдээ нэг зүгт явдгаа мэдэв. Хичээл тараад би их сургууль руу, манай хүн гуравдугаар сургуулийн тийшээ гэр лүүгээ явж байгаад тааралдана. Ингээд сэтгэл нийлээд залуу хүмүүсийн увдис төөргөөр хань ижил болсон” гэж товч хийгээд тодорхой ярина. Ийнхүү эмнэг хангал залуу насных нь чимэг болсон эрдэнэ шиг бүсгүйтэй учирсан нь энэ бөлгөө. Түүний гэргий ч мөн эрдэм номд шамдсан нэгэн аж. Тиймдээ ч дахин эрх зүйч мэргэжлээр сурч, МУИС-ийн боловсон хүчний даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.

 


Тэд энэ биеэ хувааж, билиг оюунаа өвлүүлсэн тулга шиг гурван хүүхэдтэй бөгөөд 1975 онд анхны үүрийн зулайгаа үнэрлэж байв. Том хүү Д.Батболд эрх зүйч, дунд охин Д.Батзаяа эдийн засагч, бага охин Д.Батгэрэл сэтгүүлч мэргэжилтэй. Харин одоо эцгийн голомтоос гал тасалсан өрхийн тэргүүн, эхийн сургаалаар төлөвшсөн халамжит гэргий болж, тус тусын бат сайхан амьдралыг цогцлоожээ. Аавууд бага хүүхдэдээ тэр дундаа охиндоо амь байдаг нь бичигдээгүй хууль гэлтэй. Энэ байдал Т.Дорждагва гуайгаас ч мэдрэгдэж байв. Түүний бага охин Д.Батгэрэл одоо АНУ-д ажиллаж, амьдардаг гэнэ. “Хол байдаг болохоор охиноо их санана. Миний охин төрсөн ээжтэй минь их адилхан өтгөн хар хөмсөгтэй, цагаан охин бий” гэж нүдэндээ нууцхан нулимстай ярихыг аавын агуу хайр гэлтэй. 
Хүүхдүүдийн мэргэжил сонголтын тухайд ээж нь хүүдээ өөрийнхөө мэргэжлийг өвлүүлсэн бол хоёр охин нь өөрийн хүсэл сонирхлыг дагасан гэнэ. “Хүнд өөрийнхөө толгойг мэддэг эрх чөлөө хэрэгтэй гэж би боддог. Хэрэв “Та л мэд” гэж надаас асуусан бол “Аав нь ертөнцөд хосгүй сайхан мэргэжил эзэмшээд түүгээрээ ажиллаж чадсангүй. Биологийн салбарын хүн бол” гэх байсан. Битүүхэндээ би хүүхдүүдээ салбар салбарын мэргэжилтэй болоосой гэж боддог байлаа. Тэр нь биеллээ олсон. Нөгөөтэйгөөр тэдний сонгосон мэргэжил миний сэтгэлд нийцсэн. Орчин үеийн залуус дэлхийн өнцөг булан бүрээс боловсрол эзэмшиж, шинэ содон зүйлс үзэж сонирхож, аливаад хандах хандлага өөрчлөгдөж байна. Би ч мөн шинэ сэргэг зүйлээр тархиа цэнэглэх дуртай хүний хувьд дэмждэг” гэсэн нь нэгийг бодож, хоёрыг тунгаасан алсын хараатай нэгэн гэдгийг нь илтгэж байв. 

 

“Миний цагаан толгойтой зургаас хэвлүүлсэн бүтээл минь үнэ цэнтэй байх”

 

Ийнхүү амьдралын нарийн нандиныг ярих зуур үргэлжлүүлэн тэрээр “Астрономи, хими, физик гэхчлэн байгалийн шинжлэх ухааны ололт амжилт нөлөөлсөн тул биологийг гайхалтай шинжлэх ухаан гэдэг. Хэрэв өнгөрсөнд очвол биологийн бусад салбарын ололт амжилтыг ашиглаж, амьтан судлалын салбарт төдийгүй мал аж ахуй, эмнэл зүйн салбарт тус нэмэр болохуйц нээлт хийх бололцоог бүрдүүлэх байсан болов уу. Магадгүй үлгэрийн мэт сонсогдож байж магадгүй. Биологи бол ертөнцийг нуруун дээрээ үүрч буй шинжлэх ухаан. Өөрөөр хэлбэл, хүн амьтны эрүүл саруул байхын болон хүнс тэжээлтэй амьдрахын онолын үндэс нь биологи юм” гэж дахин ярих нь мэргэжилдээ ямар хайртайг нь илтгэх боловч тэрээр хэзээ ч харамсаж суусангүй. Харин ч хос морьтон шиг холыг туулж, Монголын философи, соёл судлалын салбарт үнэлж барамгүй гавьяатай олон ном, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, эрдэмтэн судлаачийн хурал, хэлэлцүүлэг зохион байгуулж, төсөл хөтөлбөр удирдаж байв. Тухайлбал, Соёл судлалын сурах бичиг, Монгол үндэстний биет бус соёлын өв номыг англи, монгол хэлээр, Монгол, орос, герман хэлний зурагт толь тэргүүтэй 55 ном, 150 гаруй өгүүлэл байна. Үүнээс гадна энэ салбарын залгамж, энэ Монголын ирээдүйг тодорхойлох оюутан залууст мэдлэг чадвараа харамгүй хуваалцаж байсан нь энэ насны хамгийн буянтай үйл нь болов уу. Ийнхүү бодож суутал тэрээр “Миний цагаан толгойтой зургаас хэвлүүлсэн бүтээл минь илүү үнэ цэнтэй байх” гэсэн юм.
Үсээ цайтал эрдмийн их үйлсэд шамдсан буурал эрдэмтдийн үргэлжлэл тэр билээ. Түүний өвлүүлсэн оюуны энэ суваргыг үржүүлэн үргэлжлүүлэх нь ирээдүй хойч бидний талархан хүртэх үүрэг юм. 
Баялаг түүхтэй, бахархам түүний амьдралын тойргийн нийтлэлийг залуус бидэнд хандсан “Их зүйлийг мэд. Сурснаа юм болго. Бүтээлч сэтгэлгээтэй бай. Хамгийн гол нь өөрийнхөө чаддаг чаддаг зүйлийг тултал нь хий” гэх үгээр энэ хүргээд өндөрлөе. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭ САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 212 (7709)