Базарбямбын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаад child.mn/хүүхэд.мн сайтын гүйцэтгэх захирал А.Уянгыг урьж, хүүхэд хамгааллын орчин, сэтгүүл зүйн үр нөлөөний талаар ярилцлаа.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах гарын авлагаа илүү сайжруулахаар зорьж байна

 

Блиц:

2012-2016 он ХИС-ийн сэтгүүлч, англи хэлний орчуулагчийн хос диплом, бакалавр

2024-2025 он МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистр

Ажилласан байдал:

2016-2022 он “Ийгл Ньюс” ТВ сэтгүүлч

2022-2023 он “Ийгл Ньюс” ТВ сэтгүүлч, мэдээний хөтлөгч

2022 оноос өнөөг хүртэл “Охидын подкаст” төслийг хэрэгжүүлэгч

2024 оны 10-р сараас өнөөг хүртэл Child.mn/Хүүхэд.мн сайтын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал 

 

“Хүүхдийн төлөө мэдээлнэ” уриатай Child.mn/Хүүхэд.мн сайт маань байгуулагдаад ердөө нэг жил болж байгаа ч энэ хугацаанд уншигч, үзэгч, сонсогч төвтэй медиа компани байгуулах сууриа маш сайн бий болгож чадсан.

Цаашид хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын талаар асуудлыг дахин дахин сэвж олон нийтийг хямраадаг биш шийдэл санал болгодог орон зайгаа илүү томруулна гэж итгэж байна. Мөн зөвхөн сэтгүүл зүйн бүтээлээс гадна хүүхэд бас сэтгүүлзүй гэсэн малгай сэдвээр судалгааны бүтээлүүд, гарын авлагууд жил бүр боловсруулж, судалгааны сан үүсгэх зорилготой ажиллаж байна. Бидний боловсруулсан “Хүүхдийн эрхийг зөрчихгүйгээр хэрхэн мэдээ, сурвалжилга бэлтгэх вэ” гэсэн гарын авлага бий. Үүнийгээ жил бүр сайжруулаад, өөр өөр сэдвээр боловсруулаад явна гэж төлөвлөж байна.

Би “Ийгл Ньюс” телевизэд 2016 оноос хойш мэдээний сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн цагаасаа дагнан ажиллах салбараа хайж эхэлсэн. Эдийн засаг, улс төр, уул уурхай, байгаль орчин, эрүүл мэнд гээд өөр өөр чиглэлээр мэдээ, сурвалжилга бэлтгэдэг байсан. Миний хувьд хамгийн их татагдаж, үнэн голоосоо сэтгэлээ зориулж бэлдэж байсан мэдээ нь хүний эрхтэй холбоотой сэдвүүд байлаа. Утаа ба хүний эрх, утаа ба хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт сурвалжлах сэдэв мундахгүй их. Жишээ нь охидын үзлэг нэрээр сургуулийн орчинд хүүхдүүдийг эцэг, эхийнх нь зөвшөөрөлгүйгээр эмчийн үзлэгт хамруулж, үзлэгийн дараа хувийн мэдээллийг нь багш нар, эмч нар хоорондоо ам дамжин сул чөлөөтэй ярьдаг байсныг олж мэдсэн. Бүр энэ асуудлаас болж хүчирхийлэлд өртөөд БЗДХ авсан охины мэдээлэл сургууль дээр нь задарч, амиа хорлохоор сургуулийнхаа цонхноос үсэрч, үлдсэн насаа тэргэнцэр дээр сууж өнгөрүүлэхээр болсон гунигт явдал ч гарсан. Ингээд энэ талаар цуврал сурвалжилгууд хийж, үр дүнд нь сургуулийн орчинд ийм төрлийн үзлэг хийхгүй байх талаар төрийн байгууллагууд ч анхаарах болсон. Үүнээс хойш охидын эрхийн асуудлаар их анхаарч, сурвалжилж эхэлсэн.

 

Нэг л утасны дуудлага бусдад туслах эрч хүч, хүсэл мөрөөдлийг минь эргүүлэн авчирсан

 

2022 онд “Сэтгүүлзүйн Инновац Хөгжлийн Үүр Төв”-өөс “Урагш алхъя” гээд төслийн шалгаруулалт зарласан байсан. Тухайн үед өсвөр насны охидыг эрт жирэмслэлт, амиа хорлолт, хүчирхийлэлд өртөхөөс сэргийлсэн агуулгатай ярилцлагын подкаст хийхээр төлөвлөж байснаа төсөл болгон илгээсэн юм. Энэ төсөлд шалгарч чадсан минь сэтгүүл зүйг болон өөрийн амьдралаа, ирээдүйн зорилгоо харах өнцгийг минь эрс өөрчилж, илүү томоор, илүү хүчтэйгээр мөрөөдөх эхлэл байсан. “Ийгл ТВ”-д дэх ажлынхаа хажуугаар подкастынхаа төслийг хөгжүүлж, бэлгийн хүчирхийлэлд, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн охид тэр асуудлаа хэрхэн даван туулсан талаар сэдэл болохуйц видео подкастууд хийж, тухайн подкастынхаа төслийн нэрийн бүтээгдэхүүн буюу подкастад оролцсон охидын хэлсэн ишлэл үгтэй футболк, малгайтай цамц гаргаж, түүнийгээ борлуулж, дараа сарынхаа санхүүжилтийг олдог байлаа. Тухайн үед “Ийгл”-д ажилладаг бараг бүх хүн л манай бүтээгдэхүүнээс авч “Охидын подкаст”-ыг дэмжиж байсан. Гэвч аав минь өвчнөөр өөд болж, амьдралд минь нөхөж баршгүй гарз тохиосон. Тухайн үед өөрийнхөө сэтгэлийн шархыг дааж давж чадахгүй байж бусдын асуудлыг чин сэтгэлээсээ санаа тавьж, сурвалжилж явна гэдэг давж баршгүй ажил шиг санагдаад ажлаасаа гарах шийдвэр гаргаж байлаа. Аавыгаа алдчихсан, ажлаасаа гараад долоо ч хоноогүй байсан, юу хийх яахаа ч мэдэхгүй болчихсон үед нэг өдөр гэнэт утас дуугарав. Орон нутгаас нэг охин холбогдсон. “Багш нь өмнөх зун хүчирхийлсэн ч тэр бүх хэцүү зүйлээ хэнд ч хэлээгүй байгаагаа, өөрт нь тусламж хэрэгтэй байна” гэж надад хэлсэн. Тэр утасны дуудлага надад бусдад тусалж чадах маш их хүч чадалтай ажил хийдэг хүн болохыг минь сануулж, хүсэл мөрөөдөл, зорилгыг мнь эргүүлэн авчирсан. Ингээд өөрийн хөгжүүлж байсан “Охидын подкаст” төслөө дараагийн шатанд гаргаад зөвхөн охин хүүхэд гэж хязгаарлахгүйгээр хүүхдийн асуудлыг үндсэн сэдвээ болгон сонгож, Child.mn/Хүүхэд.мн сайтаа байгуулсан. Тэгэхээр Child.mn/Хүүхэд.мн бол зүгээр нэг цэг мн биш. Харин миний энэ амьдралдаа эхнээс нь босгож, бий болгож, өнгөлж, сайжруулж, алсдаа эерэг өөрчлөлтүүд гаргахаар шийдсэн зорилго бас мөрөөдөл минь.

 

Child.mn/Хүүхэд.мн хүүхдэд зориулсан биш, хүүхдийн төлөөх редакц юм

 

Child.mn/Хүүхэд.мн нь хүүхдэд зориулсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш. Хүүхдийн асуудлыг тэдний өмнөөс сэтгүүлзүйгээр дамжуулан бодлогын түвшинд, төсөв мөнгөний түвшинд нь ямар байгааг мэдээлж, сурвалжлах, алсдаа бодлогын түвшинд нөлөө үзүүлэхүйц чадварлаг редакц болох зорилготой байгууллага юм.

Манай Child.mn/Хүүхэд.мн сайт хүүхдийн эрх, хөгжил, хамгааллыг редакцын бодлогынхоо төв байхаар тодорхойлсон. Ингээд бодлогоо тодорхойлоод, нэг чиглэлээр дагнаад ирэхээр хүүхдийг зөвхөн хохирогч байдлаар л дүрслэн харуулах, хүчирхийлэлд өртсөн ийм аймшигтай юм болж гэж асуудалтай үзэгч, уншигч, сонсогчдыг дахин дахин “танилцуулж”, олон зуун мянган хандалт авахаас хэтэрдэггүй сэтгүүл зүйгээс арай өөр байдлаар ажиллах боломж бүрдэж байна гэж хардаг. Жишээ нь манайх үйл явдлын урсгал хөөдөггүй. Өдөр тутмын бүх хэвлэл мэдээллээр явж байгаа мэдээг нийтэлдэггүй. Тухайн сардаа сонгосон сэдвээрээ дагнан мэдээ, сурвалжилгаа бэлтгэдэг. Аравдугаар сарын хувьд бид хүүхдийг бэлгийн хүчирхийллээс сэргийлэх мэдлэг шингэсэн “Би хэлнэ” дууг таниулах ажлыг хийсэн. Тухайн дуунд хүүхдийн ам, цээж, хөх, эмзэг эрхтэн, өгзөг хэсэгт хэн нэгэн хүн хүрч болохгүй. Хүрвэл ээж, аав, багш, нийгмийн ажилтан гээд итгэж болох хүндээ хэлээрэй гэсэн агуулгыг хөдөлгөөнөөр заадаг. Жишээ нь, энэ бол хүчирхийлэлд тэдэн хүүхэд өртсөн байна. Ямар аймар юм бэ гэж айдаст автуулахын оронд шийдлийг санал болгож, түгээх замаар асуудлаас сэргийлэх эерэг нөлөө үзүүлэх боломжтой мэдээлэл гэж үзэж байгаа юм. Одоогоор нийслэлийн дүүргүүд бараг л 21 аймгаас доод тал нь нэг нэг сургууль, цэцэрлэг уг дууг хүүхдүүддээ зааж өгөөд, бидэнд бичлэгээ илгээсэн байна. Энэ бол бидний ажлын бодит үр дүн. 

 

Хүүхдийн тулгамдсан асуудлуудын нэг гол шалтгаан боловсролын чанар муу байгаагийнх

 

Хүүхдэд тулгамдаж буй, хүүхэд өртөж буй асуудал бүрийн цаана чанаргүй боловсон хүчин бэлтгэж байгаатай холбоотой байдаг. Жишээ нь багшийн хомсдолыг бууруулахаар оюутнуудын төлбөрийг төр даах болсон. Гэвч энэ нь эсрэгээрээ багшаар сурдаг гэхээр “Үнэгүй л сурдаг биз дээ” гэж өөрөөсөө доогуур үзэх хандлагатай болсон гэж оюутнууд ярьж байх юм. Ийм үнэгүй юмаар сурсан гэх хандлагаас чанар, боловсролтой, хүн чанартай багш нар төгсөж гарах уу эсвэл диплом авсан болоод өөр цалин сайтай ажилд орох уу бодох л асуудал. Жишээ нь, эрүүл мэндийн шалтгаанаар хичээлээсээ жил гаруй хоцорсон хүүхдийг багш нь ангийнх нь хүүхдүүдтэй нийлж гадуурхсаар байгаад тэр хүүхэд сургуулиас гарсан байгаа юм. Дараа нь Насан туршийн боловсролын төв дээр хичээлээ нөхөж үзээд, очоод ярилцахад гадаад руу явж сурна гэх мөрөөдөлтэй болсон талаараа ярьсан. Энэ мэт багшийн ганцхан буруу үйлдэл хүүхдийг ирээдүйн сайхан амьдрал, мөрөөдлөөс нь салгаж байгаа юм. Тэгэхээр бид боловсролын салбарын сурах бичиг, орчин нөхцөл, багш боловсон хүчний хомсдол, чанар зэрэг асуудлаа шийдэж чадахгүй бол бүх салбарт байгаа хүүхдийн асуудлын суурь шалтгаан бас үүнтэй холбоотой байгаад байна.

 

Үнэгүй, гуйлгаар хүүхдийн төлөөх ажлууд хол явахгүй

 

Хүүхэдтэй холбоотой аливаа арга хэмжээ, ажлыг хандиваар, нийгмийн сайн сайхны төлөө гэх нэрийдлээр үнэ төлбөргүй, бусдын хөдөлмөрийг мөлжих замаар хийдэг нэг хандлага манай улсад бүр тогтчихсон юм билээ. Үүнийг өөрчлөх ёстой гэж боддог. Манай улсад гурван хүн тутмын нэг нь хүүхдүүд. Тэд хэрвээ томчууд байсан бол аль хэдийн талбай дээр гараад жагсчихсан байгаа. Өдөрт нэг хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна гэж харахаар ХЭҮК-ын судалгаа ч байгаа. Гэтэл хүүхдүүд бол хүн бүрийн хамгаалж, хайрлаж, өсгөх ёстой бидний ирээдүй учраас хүн бүр хүүхэдтэй холбоотой асуудал, ажлыг нухацтайгаар хүлээн авч, хэрэгжүүлэхдээ хүртэл санхүүгээ харамладаггүй, бодит үр дүнг, хэн нэгний хөдөлмөрийг мөлжихгүйгээр гаргадаг байх нь чухал. Хүүхдийн төлөө за гэж аман дээрээ хэлдэг хэрнээ яг бодит байдал дээр “За хүүхдийн ажил байгаа юм аа. Та нэг ингээд үнэгүй хийгээд өгөөч” гэдэг энэ хандлагаас л тэдний төлөө хийж буй ажлыг ямар хэмжээнд үнэлж, хүлээж авдаг вэ гэдэг нь мэдрэгддэг. Үнэгүй, гуйлгаар хүүхдийн төлөө ажил хэр хол явах вэ дээ. Бүгд л хүүхдэд хайртай. Гэхдээ улс төрчид нь сонгуулиар хүүхдийг сайхан харагдах “хэрэгсэл” болгоод, сэдэв болгоод яриад байдаг. Сонгогдоод таг чиг. Энэ бол эмэгтэй гишүүдийн асуудал гээд орхидог. За тэгээд бизнесийн байгууллагууд нь хүүхдийн чиглэл бол мөнгө олдоггүй гэж үзээд жишээ нь сурталчилгаа байршуулах ч юм уу хүсэлгүй байдаг. Энэ мэт хүүхдэд бид нар хайртай гэхдээ мөнгөө зарцуулахад, улс төрчийн хувьд цагаа зарцуулахад ашиг өгдөггүй гэж хардаг хандлагыг л өөрчилмөөр санагддаг. Учир нь хүүхэд бол хүн бүрийн үүрэг хариуцлага. Нийгмийн хамтын үүрэг хариуцлага юм.

 

Нэг сэдвээр дагнасан редакцууд олон болох шаардлагатай

 

Сэтгүүл зүйн салбарт нүүрлэж буй хамгийн том асуудал бол санхүүжилт. Төр эсвэл аль нэг улс төрчөөс хамааралтай зарим цөөн хэвлэл мэдээллийн байгууллагууд сенсаац бүхий сэдвээр олны анхаарлыг татаж, мөнгөжиж, иргэдийн тархийг чанаргүй мэдээллээр “хооллосоор” байна. Гэтэл цаана нь иргэд улс төрийн хэрүүлээс өөр авах шаардлагатай, мэдэх ёстой чухал мэдээллүүд орхигдсоор л байна. Тэгэхээр “сэвдэг” биш шийдлийн сэтгүүл зүй хамгийн чухал. Шийдэлд хүрэх гарц гаргалгаа санал болгохын тулд нэг сэдвээ олон талаас нь судалж, бүр гүнд нь байгаа асуудлыг гаргаж ирэх хэрэгтэй. Ингэхээр аль нэг сэдэв, салбараар дагнасан редакцууд олон болох шаардлагатай. Тэгж чадвал чанартай үзэгч, уншигч, сонсогч бий болж түүнийгээ дагасан мэдээллийн хэрэгцээ, санхүүгийн урсгал ч бас бий болох боломжтой. Ингэж чадвал сэтгүүлзүй улс төрийн хэрүүл дагаж тал тал тийш микрофонтойгоо намирахаас илүү салбар бүрд илүү хянамгай, илүү чадвартайгаар ажиллаж, хоточ нохойн үүргээ гүйцэтгэх боломжтой болно. Ингэж чадвал улс орны хөгжилд ч алсдаа нөлөөтэй.

Жишээ нь манай Child.mn/Хүүхэд.мн сайт “Хүүхдийн төсвийг мөшгөе” гээд цэс нээсэн. Түүндээ зориулж үзэгч, уншигчаасаа олон нийтийн санхүүжилт амжилттай босгосон. Аяга кофе буюу нэг хүний 5000 төгрөгийн дэмжлэг хүссэн. Энэ дүнгээс их, бага ч байх боломжтой. Энэ дэмжлэгээр манай редакц жишээ нь зуны урт саруудын дараах санхүүгийн хямралаа давж чадсан. Энэ бол үзэгч, уншигч, сонсогчдоосоо авч байгаа маш том итгэл, бас хариуцлага гэж харж байгаа. Бидэнд өдөр бүрийн гүйлгээгээр дэмжлэг үзүүлдэг ч уншигч бий. “Аяга кофе” илгээдэг хүмүүстээ маш их баярлаж, бас их урамтай байдаг. Уншигчдын маань илгээсэн дэмжлэг бидэнд тухайн сарын интернэт, оффис түрээс гэх мэт урсгал зардлаа төлөөд санаа амар мэдээ, сурвалжилгаа бэлтгэх боломжийг олгож, маш их дэмжлэг болдог юм шүү.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭ САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 207 (7704)