Ч.БЯМБАА

Гэрэл зургийг Л.НОМИНГЭРЭЛ

Анх МАН-ын ахмад зүтгэлтнүүд болон залуучууд МАН-ын удирдах зөвлөлд “Онц их хурал”-ыг хуралдуулж, шаардлага хүргүүлэх талаараа мэдээлэл хийлээ.  

Намын онц их хурлыг хуралдуулах нь МАН-д үүсээд байгаа асуудлуудыг цогцоор нь шийдэж, шинэчлэх зорилготой аж. 

Энэ талаар Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн бодлогын зөвлөлийн дэд тэргүүн Ө.Дорждэрэм “Нам дотор үүсээд байгаа хагарал бутрал, будлианыг арилгах үүднээс МАН-ын удирдах зөвлөлд шаардлага хүргүүлж байгаа юм. Ингэхдээ Онц их хурлыг хуралдуулах шаардлагыг тавьж байна. Одоо болоод байгаа энэ будлиантай асуудлыг зөвхөн Онц их хурлаар хэлэлцэж, цэгцлэх юм” гэв. 

Улмаар МАН-ын Удирдах зөвлөлд Онц их хурлыг хуралдуулах тухай дөрвөн шаардлагыг хүргүүлж байгаа юм байна. 

Энэ тухай Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн бодлогын зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав “МАН-ын зургаа болон наймдугаар хурлын алдаа, зөрчилтэй шийдвэрээс үүдэн УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хооронд үүссэн намын даргын төлөөх маргаан нь намын хүрээнээс гарч УИХ-ын гишүүд болон намын гишүүд, ард иргэдийг цочирдууллаа. Улмаар үүнээс үүссэн маргаан нь зөвхөн намын даргын төлөөх маргаан биш гэдэг нь тодорхой болж байна. Иймд бид намын онц их хурлыг хуралдуулах тухай дараах шаардлагуудыг тавьж байна.

Нэгдүгээрт, УИХ, Засгийн газар, МАН-ын удирдлагад нам төрийг удирдах албан тушаалтны өндөр хариуцлага, ёс зүй алдагдаж, хууль зөрчин, баталсан дүрэм журмаа зөрчсөн тул намын үйл ажиллагааг эрүүлжүүлэх зорилгоор МАН-ын Онц их хурлыг яаралтай зарлан хуралдуулахыг шаардаж байна. 

Хоёрдугаарт, МАН-ын ээлжит 31 дүгээр хурлыг хойшлуулж, Онц их хурлын дараагаар хуралдуулах шийдвэр гаргахыг шаардаж байгаа. Цаашлаад МАН-ын Онц их хурлыг хуралдуулах тухай комисс байгуулж үүссэн нөхцөл байдлыг намын бүх шатны болон намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын хурлаар хэлэлцүүлж, нэгдсэн дүгнэлт хийж цаашдын бодлого зорилтоо тодорхойлох шаардлагатай байна. Дөрөвдүгээрт, тавьж буй шаардлагыг дэмжихийг намынхаа нийт дэмжигчид, нөхөддөө уриалж байна” гэв.

МАН-ын ахмад зүтгэлтнүүд болон залуучууд төлөөлөл эв нэгдэл,  шударга ёс, намыг шинэчлэхийн төлөө Онц их хурлыг хуралдуулах ёстой хэмээн хэлж байв. 

Эх сурвалж: zms.mn